“Өглөөний сонин”-гийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн даваа гарагийн 127 (2200) дугаарын 1, 3 дугаарт нүүрт “Чингис”, “Самурай” бондын мөнгөөр гараа угаасан хүмүүс тодорч эхэллээ” гэх гарчигтай нийтлэлд Монгол Улсын Хөгжлийн банкнаас албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн экспортыг дэмжих болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монгол Улсын Хөгжлийн банк нь эдийн засгийн голлох салбаруудын төсөл хөтөлбөрүүдийг бондын хөрөнгөөр санхүүжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны хуульд мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах үүрэгтэй гэж заасан байдаг ба дээрх заалтын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор өөрийн албан ёсны цахим хуудас болон өдөр тутмын сонин, мэдээллийн цахим хуудсуудаар бондын зарцуулалтын мэдээ, мэдээлэл, тайлангаа олон нийтэд ил тод байдлаар мэдээлсээр ирсэн болно. 2015 оны 1 дүгээр сараас Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын Хөгжлийн банк нь өөрийн шилэн дансны хуудсаараа дамжуулан бондын зарцуулалтын тайланг улирал бүр шинэчлэн олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлж байна. Түүнчлэн 2015 оны нэг дүгээр улиралд Үндэсний Аудитын газраас Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа, бондын зарцуулалтад хөндлөнгийн аудит хийсэн бөгөөд аудитын тайлангаа 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас www.paliament.mn–нд олон нийтэд ил тод байдлаар байршуулсан билээ.
Гэтэл “Өглөөний сонин” болон хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүдээр бондын зарцуулалт ил тод бус, төслүүдийн үйл явц тодорхойгүй гэх мэтчилэн буруу ташаа мэдээллийг олон нийтэд мэдээлж нийгмийг төөрөгдүүлж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “….. гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэж заасан байдаг. Гэвч “Өглөөний сонин” нь баримт, нотолгоогүйгээр Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон баталгаат үндсэн эрх, эрх чөлөөнд ноцтой халдсан үйлдэл боллоо. Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтыг зөрчиж, иргэний гэрэл зургийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлснээс гадна байгууллагын нэр төрд ноцтойгоор халдсан үйлдэл боллоо.
Иймд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь аливаа асуудалд ул суурьтай, нухацтай хандаж, олон нийтэд үнэн зөв бөгөөд бодит мэдээлэл хүргэх эрх, үүргийнхээ хүрээнд үнэн зөв мэдээллийг бэлтгэн нийтэлнэ гэдэгт бид найдаж байна. Түүнчлэн аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нь үндэслэлгүй, буруу ташаа мэдээллийг дахин түгээсэн тохиолдолд Монгол Улсын Хөгжлийн банкны нэр хүндэд учруулсан хохирлыг тухайн мэдээлэл цацсан байгууллагаас нэхэмжлэхээс гадна холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулах болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Нэмж тайлбар хүргүүлэхэд, энэхүү мэдэгдэлтэй хавсарган Монгол Улсын Хөгжлийн банкны бондын зарцуулалтын тайланг 2015 оны 3 дугаар улирлын байдлаар банкны Шилэн дансны хуудаст байршуулснаар хүргэж байна. Мөн 205 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн өдөр тутмын сонинууд болон хэд хэдэн мэдээллийн цахим хуудсаар Бондын зарцуулалтын II улирлын дэлгэрэнгүй тайланг нийтлэн олон нийтэд мэдээлсэн болно.