2019 оны эерэг үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

2019 оны эерэг үйл явдлууд

2019 оны эерэг үйл явдлууд

Өдөр бүр, цаг минут тутамд бид шинэ мэдээллээр ус, агаар мэт цангадаг болсон мэдээллийн эрин үед амьдарч байна. Гэтэл мэдээллийн хэрэгслүүдээр заримдаа дэлхий дахинд болж бүтэхгүй байгаа зүйлсийн тухай шуурч, бүх зүйл буруу тийшээ эргээд байгаа мэт мэдрэмж төрүүлэх нь ихэсчээ. Харин инстаграмын хэрэглэгч Маурогатти болон түүний найзууд нийлж, 2018 оноос хойш нэгэн сайхан уламжлалтай болсон байна. Тэд "The happy broadcast" хэмээх хуудас нээж, тухайн ондоо болсон хамгийн эерэг үйл явдлуудыг өнгөлгөөр зурж, хүмүүст тайлагнадаг гэнэ. Ингэхдээ тэд олон улсын харилцаа, амьтны эрх, дэлхийн уур амьсгал, шинжлэх ухааны салбарт илүү чих тавин судалдаг ажээ.

"Би мэдээллийн хэрэгслүүдээр сөрөг мэдээ дамжуулах нь гэнэтийн осол аваарын тухай бусдад сэрэмжлүүлэх, болохгүй байгаа зүйлсийг шүүмжилснээр засч сайжруулах гээд зөв зорилго, чухал шалтгаан байдаг гэдгийг ойлгож байна. Гэхдээ сайхан зүйлс ч тохиолддог шүү дээ. Муу зүйл хэдхэн хормын дотор болчхож болно. Харин сайн зүйл ганцхан өдөрт бүтчихдэггүй. Гэтэл бид нэг их тоодоггүй. Магадгүй үүний шалтгаан нь бидний байгалийн онцлог буюу аюултай, хэцүү нөхцөл байдлыг илүү соргогоор хүлээж авах рефлекстэй холбоотой байх. Тиймдээ ч бид эерэг мэдээлэл түгээдэг эх сурвалжуудыг олж, мэдээ бүрийг нь цаг алдалгүй уншиж байх хэрэгтэй болов уу гэж би боддог" хэмээн Маурогатти ярьжээ.

Ингээд та бүхэндээ 2019 онд болсон эерэг үйл явдлууд "The happy broadcast"-ын дэвтэрт хэрхэн дүрслэгдсэнийг хүргэе.


2019.01.03

  • Парагвай улсад таван жилийн турш хумхаа өвчин бүртгэгдсэнгүй. Ингэснээр Парагвай улс 1975 оноос хойш хумхаа өвчнийг ялсан Америк дахь анхны улс болжээ.

2019.01.04

  • Дэлхий даяар амиа хорлолтын тоо 1994 оныхоос 38 хувиар буурч, дөрвөн сая гаруй амь аврагджээ.

2019.01.07

  • Энэтхэгт 2013 оноос хойш хүндрэлтэй төрөлт 22 хувиар багасч, өдөр бүр 30 гаруй ээжийн амь аврагдаж байна.

2019.01.09

  • Эквадорын уугуул нутгийнхны эрхийг хамгаалах байгууллага урьд өмнө нь байгаагүй хууль ёсны ялалт байгуулж, Амазоны ширэнгэн ойд алт олборлох зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

2019.01.11

  • Испанийн компани СО2 ялгаруулалгүйгээр бохироос шатахуун боловсруулах арга олжээ.

2019.01.15

  • Сирийн дайнаас болж гэрээ орхин дүрвэсэн хүмүүсийн 170 гаруй тэжээвэр амьтдыг нэгэн эр тэжээх болсноор "Муур залуу Алеппо" гэх нэртэй болжээ.

2019.01.17

  • Альцгеймер өвчнийг эмчлэх коктейлийг хөгжүүлж эхлэв.

2019.01.19

  • Канад улс ирэх гурван жилд сая гаруй цагаачдыг хүлээн авахаар төлөвлөж байна.

2019.01.22

  • Америк даяар өнгөт арьстнуудын 57 хувь нь амьдралын дундаж болон дундажаас дээгүүр түвшинд хүрчээ. Ингэснээр 1960 онд 41 хувь байсан өнгөт арьстнуудын ядуурал 18 хувь болтлоо буурчээ.

2019.01.24

  • Эрдэмтэд Дубайн элсэн цөлд амжилттай будаа ургуулж, 200 сая хүний хүнсний хэрэгцээг хангах хүчин чадалтай будааны талбай нээжээ.

2019.01.26

  • 1960 онд дэлхийн хүн амын дундаж наслалт ердөө 52 байв. Харин одоо 72 болж өссөн.

2019.01.29

  • "Тэрбум хясаа" төслийнхөн хаягдал хясаануудыг Нью Йоркийн хэт бохирдсон боомтыг цэвэрлэхэд ашигладаг болжээ.

2019.02.05

  • Исланд жендерийн ялгаагүйгээр ижил цалин олгохыг хуульчилж, бодит амьдралд хэрэгжүүлсэн анхны улс боллоо.

2019.02.06

  • Калифорни амьтны дэлгүүрүүдийг хязгаарласнаар амьтны асрамжийн газраас тэжээвэр амьтан өргөж авахыг дэмжлээ.

2019.02.08

  • Энэтхэгт Падма Шри Жадав гэх эрхэм 35 жилийн турш өдөр бүр мод тарьж байгаа нь өдгөө маш том ой болтлоо ургажээ.

2019.02.12

  • Аутизм болон Эпилепситэй хүүхдүүдийг CBD тосоор эмчлэх боломжтой хэмээн Израилийн судалгааны үр дүн гарлаа.

2019.02.14

  • Фортнайт тоглоомыг бүтээгч Тим Свийни мянга мянган акр ойг худалдан авч, хамгаалж байна.

2019.02.16

  • Өдгөө бид гэмтсэн ясыг гурван хэмжээст хэвлэгчээр хэвлэн солих боломжтой боллоо.

2019.02.19

  • Мексикийн политехник институтын судлаач Эва Рамон Галлегос хүнийг Папиллома вирусээс анагаах чадалтай эмчилгээг олж, хөгжүүллээ.

2019.02.20

  • 1800 оноос хойш нэн ховордоод байсан Галапагос арлын игуана гүрвэлийн тоо толгой эргэн сэргэж эхэллээ.

2019.02.23

  • Тархины саажилттай хүү нь металл хөгжимд дуртайг мэдсэн ганц бие аав хүүгээ дагуулан 1200 тоглолт үзжээ.

2019.02.26

  • Кений улсын 25 настай зохион бүтээгч Рой Аллела дохионы хэлийг ярианд хөрвүүлдэг бээлий бүтээлээ.

2019.02.28

  • Энэтхэгийн нэгэн тосгоны оршин суугчид аварга том ноосон цамц нэхэж, заануудад өмсүүлэн тэднийг цочир хүйтэрсэн цаг агаараас хамгаалжээ.

2019.03.02

  • НАСА-гийн хийсэн судалгааны үр дүнгээс харахад дэлхий 20 жилийн өмнөхөөсөө илүү ногоон гадаргуутай болжээ.

2019.03.05

  • Түүхэнд анх удаа 2019 онд Холливудын зургаан том студи дор хаяж нэг киногоо эмэгтэй найруулагчаар найруулуулжээ.

2019.03.06

  • Ховор төрлийн хорт хавдартай таван настай хүүгийн амийг эс шилжүүлэн суулгах туршилт аварч чадах эсэхийг 4855 хүн олон цагийн турш гадаа бороонд зогсоод, амьсгаа даран хүлээжээ. Хүү аврагдсан гэнэ.

2019.03.08

  • Лондоны иргэн эс шилжүүлэн суулгах эмчилгээний дүнд ХДХВ-аас бүрэн ангижирсан хоёр дахь хүн боллоо.

2019.03.11

  • Химич эрдэмтдийн баг дэлхийн хуванцар хог хаягдлын дөрөвний нэгийг шатахуун болгох шинэ техник боловсрууллаа.

2019.03.13

  • Хүн амынхаа тоогоор Английн гурав дахь том хот Манчестер гурван сая мод тарихаар төлөвлөжээ.

2019.03.15

  • Өнгөрсөн 40 жилийн хугацаанд охид сургуульд явж, боловсрол эзэмших нь 25 хувиар өсчээ.

2019.03.18

  • 125 орны сая гаруй сурагчид дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо өргөжээ.

2019.03.20

  • Хавайчууд 2024 он гэхэд тамхи худалдан авах болон татах насны доод хязгаарыг 100 болгох хуулийн төсөл хэлэлцэж байна.

2019.03.22

  • Өнгөрсөн таван жилд Кени улсад хирс хулгайгаар агнах явдал 85 хувь, заан агнах нь 78 хувиар буурчээ.

2019.03.25

  • Ларвабот хэмээх робот шүрний үр төлүүдийг их шүрэн даланд суурилуулж, энэхүү байгалийн үзэсгэлэнт газрыг аварч эхэллээ.

2019.04.05

  • Японы сүшиний сүлжээ ресторанууд Сомали дахь далайн дээрэмчдийг загасчин болгон сургаж, далайн дээрмийн хэмжээг огцом буурууллаа.

2019.04.08

  • Англичууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа зургаа дахь жилдээ алдалгүй бууруулснаар 1888 оныхтойгоо ижил хэмжээнд очлоо.

2019.04.10

  • Австралийн судлаачид аварга загасны хазалтад тэсвэртэй шумбагч хувцас зохион бүтээжээ.

2019.04.12

  • Калифорний эмнэлгүүд мэс засалд орох гэж буй хүүхдүүдийг тоглоомон машинаар мэс заслын өрөөнд хүргэдэг болсноор тэдний айдас, стрессийг багасгасан байна.

2019.04.15

  • Ирландын шуудангийн компани орон гэргүй хүмүүст үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ.

2019.04.17

  • Дэлхийн нийт эрчим хүчний гуравны нэгийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна.

2019.04.19

  • Нобелийн шагналын дараа орох, математикийн шинжлэх ухааны хамгийн том шагнал Абелийн шагналыг анх удаа эмэгтэй хүн(Карен Ухленбек) хүртэв.

2019.04.22

  • Судлаачид нохойн үнэрлэх мэдрэмж хорт хавдрыг илрүүлэх чадвартай хэмээн баталжээ.

2019.04.24

  • БНСУ хоол хүнсний хаягдлаа 95 хувь дахин боловсруулдаг болжээ.

2019.04.26

  • 2020 онд БНХАУ гоо сайхны барааг амьтан дээр туршихаа больно гэдгээ мэдэгдэв.

2019.05.01

  • Эрдэмтэд хуванцрыг иддэг хоргүй мөөг нээжээ. Үүний тусламжтайгаар байгаль орчныг цэвэрлэж болох эсэхийг үргэлжлүүлэн судалж байна.

2019.05.03

  • Израилийн эрдэмтэд өвчтөний эсийг ашиглан гурван хэмжээст хэвлэгчээр зүрх амжилттай хэвлэлээ.

2019.05.06

  • Жилд доод тал нь 1500 хүн Шведэд амиа хорлож байгаа тухай судалгаа гарсны дараа шведчүүд дэлхийн анхны сэтгэлзүйн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

2019.05.08

  • Амьтан хамгаалагчдын ачаар далайн яст мэлхийний тоо толгой 980 хувь өсчээ.

2019.05.10

  • Европын холбооны улсууд аварга загасны сэрвээг хүнсэнд хэрэглэхийг хоригложээ.

2019.05.13

  • Финландын эрдэмтэд дэлхийн анхны зөгийн вакциныг боловсруулжээ.

2019.05.17

  • Порнхаб сайт "Зөгий сексуал" гэх шинэ цэс нээж, хандалт бүрийнх нь орлогыг зөгий хамгаалах санд хандивладаг болжээ.

2019.05.20

  • Тайвань ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн Азийн анхны улс боллоо.

2019.05.22

  • Майамигийн амьтны хүрээлэнд үр шилжүүлэн суулгах туршилтаар ховор төрлийн хирсийг амжилттай төрүүллээ.

2019.05.24

  • Үнээг далайн ургамлаар хоолловол тэдний унгаснаас гардаг хүлэмжийн хийг 99 хувь бууруулах боломжтойг судлаачид баталжээ.

2019.05.27

  • Амазоны уугуул иргэд ойг сүйтгэхээр санаархаж байсан компаниудын эсрэг хууль ёсны ялалт байгууллаа.

2019.05.29

  • Непалын төсөлт ажлын хүрээнд Эверест уулнаас гурван тонн хогийг цэвэрлэлээ.

2019.05.31

  • Хуванцар хог хаягдлыг бууруулахын тулд жимс, ногооны шошгыг лазер технологиор орлуулж эхэлжээ.

2019.06.03

  • Лего компани харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны тоглоомуудаа худалдаалж эхэлжээ.

2019.06.05

  • Филлипинд оюутнууд төгсөхөөсөө өмнө дор хаяж арван мод тарих ёстой хэмээх хууль баталжээ.

2019.06.07

  • Версажи, Гүччи, Армани, Прада зэрэг томоохон брэндүүд амьтны үснээс татгалзлаа.

2019.06.10

  • Германы цирк амьтны эрхийг зөрчихөөс татгалзаж, жинхэнэ амьтдын оронд холограм амьтдын үзүүлбэр үзүүлж эхэллээ.

2019.06.17

  • Эрдэмтэд бүх бүлгийн цусыг нэгдүгээр бүлэг болгон хувиргах арга олжээ. Энэ нээлт олон сая хүний амийг аварна гэдэг нь дамжиггүй.

2019.06.19

  • Нигерийн Лагост хүүхдийн сургалтын төлбөрийг хуванцар хог хаягдлаар төлөх боломжтой болжээ.

2019.06.21

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахаар АНУ-ын Мэн мужийн сургууль бүх сурагчиддаа дохионы хэл зааж эхэллээ.

2019.06.24

  • Канадчууд далайн гахай, далайн хавыг цэнгээний болон бусад зориулалтаар эзэмшихийг хуулиар хориглолоо.

2019.06.26

  • Халим агнахыг хориглосноор Нью Йорк хотын орчимд халим үзэгдэх тохиолдол 540 хувь өсчээ. 2010 онд ердөө хоёр халим харагдсан бол энэ жил 272 ралим харагдсан байна.

2019.06.28

  • Хавайн эрдэмтэд халуун, хортой ус зэрэгт тэсвэртэй шүрийг нээжээ. Энэ нээлтийн ачаар устаж үгүй болох аюулд өртсөн далайн шүрнүүдийг аврах боломжтой гэж тэд үзэж байна.

2019.07.01

  • Пинк Флойд хамтлагийн Дэвид Гилмоур өөрийн 126 гитарыг дуудлага худалдаанд оруулан 21 сая ам.доллар цуглуулж, дэлхийн дулаарлын эсрэг санд хандивлалаа.

2019.07.05

  • Мексикийн эрдэмтэн байгальд нэг сарын дотор задардаг хуванцрыг кактуснаас гаргаж авчээ.

2019.07.08

  • Флоридад 633 шумбагч далайн хогийг цэвэрлэж Геннисийн амжилт тогтоолоо.

2019.07.12

  • Нидерландад ард иргэдээсээ олон унадаг дугуй байдаг. Тэд ийнхүү ихээр дугуй унах нь жилд 54 сая мод тарьсантай ижил байгаль орчинд ач тустай гэнэ.

2019.07.15

  • Дэлхийн хаанаас ч хамаагүй дүрст дуудлага хийж харааны бэрхшээлтэй хүмүүст тус хүргэх зорилготой "Нүд минь болооч"(be my eyes) аппликэйшн гарчээ.

2019.07.17

  • Голландад зуу зуун автобусны буудлыг цэцгээр хучиж, зөгий аврах ажлыг нэн алхам урагшлууллаа.

2019.07.19

  • Шведийн компани нанотехнологи ашиглан давснаас сэргээгдэх эрчим хүч гаргах техник боловсруулжээ.

2019.07.22

Норвегчууд байгаль орчноо хамгаалахын тулд 53 тэрбум фунттэй тэнцэх хэмжээний газрын тосны олборлолтод үгүй гэж хэллээ.

2019.07.24

  • Сан Франциско хотод анхаарал халамж хэрэгтэй байгаа хөгшчүүд болон хөгшин нохойнуудыг уулзуулах арга хэмжээ зохиогддог боллоо.

2019.07.26

  • Энэтхэгчүүд далайн хуванцар хаягдлыг зам барих ажилд ашиглаж эхэлжээ.

2019.07.29

  • Шотландчууд дотоодын тогны хэрэгцээгээ хоёр дахин хангах эрчим хүчийг 2019 оны эхний хагаст зөвхөн салхинаас гарган авчээ.

2019.07.31

  • Нидерланд дэлхийн хамгийн анхны нэг ч золбин нохойгүй улс боллоо.

2019.08.02

  • Лондончууд газар доор байцаа ургуулах хүлэмжтэй болжээ. Энэ хүлэмж нь сард хоёр тонн ургац өгдөг гэнэ.

2019.08.05

  • Колумбчууд харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүдээ хөхний хорт хавдар илрүүлэх аргад суралцуулж, эмнэлэгт ажиллуулж байна.

2019.08.07

  • Этиопчууд дэлхийн дулаарлын эсрэг 12 цагийн дотор 350 сая мод тарьж дээд амжилт тогтоолоо.

2019.08.16

  • 14 мянган метр кв бүхий дэлхийн хамгийн том дээврийн органик ферм 2020 онд Парис хотын төвд нээгднэ гэв.

2019.08.19

  • Финландын "Солар фүүдс" компани 9 тэрбум хүнийг агаараар хооллох арга боловсруулж байна. СО2-оос гарган авсан бордоо тэдний гол туслах гэнэ.

2019.08.28

  • Гондурасын ширэнгэн ой буюу "алдагдсан хот"-од устаж үгүй болсонд тооцогдож байсан олон зүйлийн амьтад амьдарсаар байгааг илрүүлжээ.

2019.08.30

  • Перуд 2021 он гэхэд дал модны тос боловсруулах нэрээр ой модыг устгахыг таслан зогсооно гэв.

2019.09.02

  • Африкийн зааны тугалуудыг байгалиас авч, амьтны хүрээлэнгүүд болон циркэд зарахыг хориглолоо.

2019.09.04

  • Английн иргэд олноор тамхинаас гарч, зүрхний өвчнөөр нас барагчдын тоо 2005 оныхоос хоёр дахин багасчээ.

2019.09.11

  • 2021 оны есдүгээр сараас Сингапурт зааны ясан бүтээгдэхүүн худалдахыг хориглоно гэв.

2019.09.13

  • Патагоны экс захирал Кристин Томпкинс Чилид хувийн зүгээс 10 сая акр газар бэлэглэснээр Чиличүүд таван цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо.

2019.09.18

  • Английн далайн ногоо дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх хүчтэй зэвсэг байх боломжтой гэв. Энэхүү усны ургамал энгийн ширэнгэн ойгоос 35 дахин хурдан нүүрстөрөгчийг шингээх чадвартай ажээ.

2019.09.20

  • Бутан улс жилд зургаан сая тонн хүлэмжийн хий ялгаруулдаг байснаа болиулж, дэлхийн цор ганц хүлэмжийн хийгүй орон боллоо.

2019.09.23

  • Өндөр настнуудын сэтгэл хямралыг багасгахын тулд БНСУ-д 65-аас дээш насныханд зориулсан өдрийн диско зохион байгуулж байна.

2019.09.25

  • Канад хойд туйлын шувууд, халим, баавгайг хамгаалахын төлөө Германы газар нутагтай тэнцэх хэмжээний газрыг хамгаалалтандаа авлаа.

2019.09.27

  • 2010 оноос хойш ХДХВ-аар нас барсан хүмүүсийн тоо 33 хувиар буурлаа хэмээн НҮБ мэдээллээ.

2019.09.30

  • Дэлхий даяар будаа тариалагчид шавжны хор цацахын оронд нугас ашиглаж эхэлжээ.

2019.10.04

  • Ромд нийтийн тээврийн тасалбарыг хуванцар саваар худалдан авах боломжтой болсноор 350 мянган сав дахин боловсруулагдаад байна.

2019.10.07

  • БНХАУ-ын жоомны ферм тэрбум гаруй жоомны тусламжтайгаар өдөрт 50 тонн хоол хүнсний хаягдлыг боловсруулж байна.

2019.10.09

  • Африкийн 20 гаруй улс байгаль хамгаалахын зэрэгцээ Сахарын цөл тэлэхээс сэргийлэн 8000 км замд мод тарихаар нэгджээ.

2019.10.14

  • Шведэд цусны донорын ачаар хүний амь аврагдах бүрд цус хандивласан донорт зурвас ирдэг болжээ.

2019.10.18

  • 20 төрлийн хорт хавдрыг 99.4 хувь оношилдог шинэ төрлийн цусны шинжилгээ нэвтэрчээ.

2019.10.25

  • Хэдхэн зуу үлдээд байсан бөгтөр халим устаж үгүй болохоос аврагдан өдгөө 25 мянган тоо толгой боллоо.

2019.11.01

  • Эрдэмтэд анх удаа лабраторийн нөхцөлд шүр ургуулжээ. Ингэснээрээ далайн шүрнүүдийг аврах шинэ боломж гарч ирж байна.

2019.11.04

  • Бангладеш гол ус бохирдуулахыг хуулиар хоригложээ. Үүнээс хойш гол бохирдуулсан хүн бүр захиргааны шийтгэл хүлээх болно.

2019.11.08

  • Итали сурагчид бүх ангидаа дэлхийн дулаарлын тухай хичээл үздэг анхны улс боллоо

2019.11.11

  • Энэтхэгийн нэгэн тосгоныхон охин төрөх бүрт баярлан 111 мод тарьж тэмдэглэдэг уламжлалтай болсон ба өдгөө 350 мянга гаруй мод тариад байна.

2019.11.15

  • Нидерландчууд таван хиймэл арал бүтээж түүн дээрээ зэрлэг байгаль цогцлоохоор зорьсон билээ. Хоёр жилийн дотор буюу өнөөгийн байдлаар арлууд дээр 30 мянган шувуу, 127 төрлийн ургамал суурьшжээ.

2019.11.18

  • Эрдэмтэд ДНК-г засах шинэ технологи боловсруулжээ. Ингэснээр тэд 75 мянган төрлийн генийн өвчний 89 хувийг эмчлэх боломж бүрдэж байна.

2019.11.20

  • Эрдэмтэд далайн хуванцрыг задлах зориулалттай, хүний үснээс нарийн ширхэгтэй соронзон технологи боловсруулжээ.

2019.11.22

  • Японд сонингийн цаасыг дахин боловсруулсан цаас болон цэцгийн үрээр үйлдвэрлэдэг болжээ. Та сонингоо уншиж дуусаад, ураад газарт булахад тэндээс цэцэг ургах гэнэ.

2019.11.28

  • Малавийн эмэгтэй парламентын дарга насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэхийг хориглож, 1500 охиныг сургуульд нь явуулж эхэлжээ.

2019.11.30

  • Энэтхэгт хог хаягдлаар хоол худалдаж авдаг кафе нээгджээ. Ингэснээр өлсгөлөн болон хог хаягдлын асуудлыг зэрэг шийдэж болох юм.

2019.12.06

  • Шинэ Зеланд дараагийн арван жилд тэрбум мод тарих тухай хууль баталжээ.

2019.12.10

  • Кенид далайн усыг ундны ус болгон хувиргах үйлдвэр нээгдэж өдөрт 35 мянган хүний усны хэрэгцээг хангах хүчин чадалтайгаар ажиллаж эхэлжээ.

2019.12.11

  • Миланд оюутнууд хямд зардлаар ганцаараа амьдардаг хөгшчүүдийн гэрт хамт амьдрах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

2019.12.14

  • Эрдэмтэд агаараас СО2 сорж эрчим хүч болгон хувиргах хиймэл навч зохион бүтээлээ.

2019.12.18

  • Шинэ Зеландын агаарын тээврийнхэн хуванцар хаягдлыг багасгах зорилгоор идэж болдог кофений аяга хэрэглэж эхэлжээ.

2019.12.20

  • Швед, Дани орнуудад ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрснөөр амиа хорлолт 46 хувиар буурлаа.

2019.12.22

  • 100 жилийн өмнө устаж үгүй болсонд тооцогдож байсан аварга яст мэлхий Галапагос арал дээр үзэгдлээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: the happy broadcast

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж