Нислэг хуулийн дагуу байсан гэв

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Нислэг хуулийн дагуу байсан гэв

Монголын иргэнийн агаарын тээвэр /МИАТ/ компанийн Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан замд нь буюу Новосибирскт буулгаж, хоёр цаг  гаруй саатуулсан тухай мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа.

Нислэг аравдугаар сарын 3-нд болсон бөгөөд аравдугаар сарын 5-ны өдөр ЗТЯ-ны шуурхай хурал дээр энэ талаарх мэдээллийг МИАТ-ийн удирдлагууд тодорхой өгч чадаагүйн улмаас ийнхүү зөрүүтэй мэдээлэл цахим сүлжээгээр тархсан тухай албаныхан мэдээллээ. Тодруулбал чухам яагаад нислэгийн чиглэл өөрчлөгдөх болсон, нислэгийн маршрутын өөрчлөлтөөс болж зорчигчдод хохирол учирсан уу зэрэгт албан ёсны хариултыг Монголын иргэнийн агаарын тээвэр болон Зам тээврийн яамнаас өнөөдөр өглөө.

Өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр нийслэлийн Засаг даргын тамгын газраас 30 хүнийг ОХУ-ын Новосибирскт буулгах хүсэлтийг МИАТ-д ирүүлжээ. Учир нь өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 3-ны өдөр тус хотод Улаанбаатар хотын эдийн засаг, соёлын өдрийн арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Тус арга хэмжээнд нийслэлээс 30 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор төлөвлөсөн байжээ. Энэ дагуу МИАТ ОХУ-ын холбогдох байгууллагад хандаж бүх зөвшөөрөл, төлөвлөгөөгөө гаргаад, онгоцыг тэнд 45-60 минут л зогсоохоор болж, өнгөрсөн бямба гаригийн 09.16 цагт Улаанбаатар хотоос хөөрчээ. Ингээд ОХУ-ын Новосибирск хотод 12.29 цагт буулт хийсэн байна. Улмаар НЗДТГ-ын 24 төлөөлөгчийг буулгаад нисэх гэтэл ОХУ-ын хил гаалийн хяналтын шаардлагын улмаас нислэг цаг гаруй хоцорчээ. Үүний улмаас Берлинд хүрэх ёстой байсан зургаан зорчигч нислэгээсээ хоцорсон байна.  МИАТ-ийн зүгээс хоцорсон зорчигчдийн зардлыг холбогдох журмынхаа хүрээнд зохицуулж, нийт 1600  еврогийн нөхөн төлбөрийг өгчээ.

Харин Зам тээврийн яамнаас дээрх нислэгийн чиглэлийн холбогдох бүх бичиг баримтуудыг нь шалгаж үзээд, хууль дүрмийн дагуу явагдсан гэж үзсэн байна. Гэхдээ нислэгийн компаниуд цаашид тусгай захиалгын нислэг боллоо гэж бодвол бусад байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулах, зорчигчдын цагийг тооцоолж үйл ажиллагаагаа зохицуулах, урьдчилж мэдээлэх үүрэгтэйг салбар яамнаас нь санууллаа. 

МИАТ-ийн онгоц Москва, Берлиний чиглэлд нисэхдээ замдаа Новосибирскт техникийн буулт хийх тохиолдол гардаг гэв.  Ингэх явцдаа тодорхой нэмэгдэл орлого ч олдог. Саяын нислэгийн тухайд байдаг л нэг бизнесийн хэлбэр гэж МИАТ компаниас мэдэгдлээ.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж