МАН-ын ялгавартай хайр: Д.Эрдэнэбилэг ба Ш.Батхүү

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

МАН-ын ялгавартай хайр: Д.Эрдэнэбилэг ба Ш.Батхүү

МАН-ын ялгавартай хайр: Д.Эрдэнэбилэг ба Ш.Батхүү

“Эрдэнэт”-эд тогтоосон онц дэглэм ирэх оны гуравдугаар сард дуусна.  Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-ын дарга болсноос хойш өөрийн биеэр удирдсан анхны тусгай ажиллагаа нь  “Эрдэнэт”-эд тогтоосон онц дэглэм байлаа. Энэхүү тусгай ажиллагаа нь наанаа Д.Эрдэнэбилэгт зориулсан мэт боловч,  Ш.Батхүүгийн  Өмнөд Африкийн “Стандарт” банкинд тавьсан өрийг төлөхөд чиглэгдсэн нь тэнэг хүн ч олж харахаар ойлгомжтой болсон юм.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-д онц байдал тогтоосны  дараахан Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан өрнөөс 40 сая ам.долларыг үйлдвэрийн эрсдэлийн сангаас төлсөн байдаг. Энэ тухай Шадар сайд Ө.Энхтүвшин “Жаст группийн ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Нийтдээ 160.1 сая ам.доллар зээлж авсан. Энэ зээлээ хугацаандаа төлж чадаагүй. Зээлээ хугацаанд нь төлж чадаагүй учраас “Стандарт” банк Лондоны олон улсын арбитрийн шүүхэд 2013 оны долдугаар сард хандсан. Шүүх энэ асуудлаар нийтдээ дөрвөн удаа хуралдсан юм билээ. “Стандарт” банкны “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилсэн дүн бол 86.95 сая ам.доллар. Яагаад “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилсэн бэ гэхээр батлан даагчаар оролцсон. “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөөс хуурамчаар материал бүрдүүлж зээл авсан талаар тайлбарласан ч арбитрийн шүүх хүлээж авалгүй, “Эрдэнэт” үйлдвэрээр өрийг нь төлүүвэхээр шийдсэн”  гэж мэдээлж байв.

Өнгөрсөн хаврын гол дуулиануудын нэг Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-эд төлөх өрийг өнөөдөр харин санах, сануулах хүн алга.

Ө.Энхтүвшин сайд хэлэхдээ “Эрдэнэт үйлдвэрийг Эрсдэлийн сангаас Ш.Батхүүгийн өрийг төлсөн. Ингэснээр гадаад асуудлаа шийдвэрлэсэн. Харин дотооддоо хууль шүүхийн байгууллагаар шийдвэр гаргуулж, буруутай этгээдүүдээр 40 сая ам.долларыг төлүүлнэ” гэснээс хойш лавтайяа найман сар өнгөрчээ.  

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахын төлөө сүүлчийн ганц цамцаа урагдтал зүтгэхээ мэдэгдэж суусан Монголын ганц “шударга” сайд Ц.Нямдорж бүр таг чиг, Ш.Батхүүгийн хавтаст хэргийг хав дараад удаж байгаа билээ. Харин "Ш.Батхүүгийн нэр дээр байгаа болон бусдад түр гэрээгээр шилжүүлсэн ШТС-ууд, орон сууц, автомашин зэрэг 190-ээд тооны нийт 98 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх бүрэн боломжтой" гэж  Л.Оюун-Эрдэнэ сайд хэлсэн нь тухайн үед олны хэл амыг унтраах заль байсан бололтой. Эндээс харахад МАН-ынханд Ш.Батхүүгийн хэргийг мартах хийгээд мартуулах маш том шалтгаан байна.  Харамсалтай нь, МАН Ш.Батхүүгийн хамсаатан, Ш.Батхүү МАН-ыг авлигадсан болохыг цаг хугацаа ч тогтоож чадахгүйд хүрч мэдэх нь, Эрүүгийн хуульд суулгаж өгсөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар.

2009 онд “Жаст”-ын Ш.Батхүү  “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. 2012 онд Ардчилсан нам ялсны дараа Ш.Батхүүгийн луйвар ил болж, энэ хэрэгт нэр холбогдсон МАН-ын дарга нар "Би буруугүй, мэдээгүй, хараагүй" гэж ам уралдан мэдүүлж байсан юм. Ш.Батхүү ч "Эрдэнэт"-ийг барьцаалахдаа  Д.Сугар, Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж, зээл авсан гэж Монголын хуулийнханд мэдүүлсэн ч олон улсын арбитрын шүүх "Эрдэнэт"-ийг буруутай гэж үзээд 40 сая ам.долларыг төлүүлснээс харвал тэдний гарын үсэг хуурамч биш болох нь тогтоогдсон гэсэн үг.

Эрүүгийн хуулийн 1.10.3-д  зааснаар энэ хуулийн тусгай ангил  хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг 15 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 12 жилээр тооцсон байдаг.  Тэгэхээр Ш.Батхүүгийн холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2009 оноос хэрэг үйлдэгдсэн гэж тооцвол, 2021 онд тэр ямар ч өргүй ялгүй үлдэх нь.

Ш.Батхүүгийн өрийг төлөхийн төлөө тогтоосон онц дэглэм өнөөдөр ч “Эрдэнэт”-эд хүчинтэй байна. Анхлан зургаан сараар тогтоож, дараа нь Засгийн газрын хүсэлтээр УИХ-аас дахин зургаан сараар сунгасан онц дэглэмийн хугацаанд  "Эрдэнэт"-ээс МАН сонгуулийн санхүүжилтээ босгож авах нь гэсэн хардлага бий. Онц дэглэм тогтоосны дараахан Ш.Батхүүгийн өрийг дарснаас харвал оргүй хоосон хардлага биш.  УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж нэгэнтээ "Ш.Батхүүгийн  өр дарах асуудал дээр оросуудын ихээр хэрэглэдэг луйврын схемээр ашигласан байж магадгүй" гэж хардаж байгаагаа ч нуугаагүй.  "Эрдэнэт"-ийн эрсдэлийн сангаас төлүүлсэн 40 сая ам.долларын асуудалд “Ocean Partners”  зуучлагчаар оролцсон. Энэ компани 1998 оноос хойш “Эрдэнэт “үйлдвэртэй хамтран ажиллаж нийт 3.1 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг Эрдэнэтээс авч борлуулсан,“Жаст”-ын Ш.Батхүүг “Стандарт” банкнаас зээл авахад хамтарсан, зээлийг төлөхөд тусалсан гэхээр Ш.Батхүүгийн өрөөр далимдуулж, онц дэглэмийн цаана "Монголын зэс"-ийг "Эрдэнэт"-ээс зайлуулж байгаад МАН луйвар хийсэн байхыг үгүйсгэхгүй.

Ямар ч байсан “Эрдэнэт”-ийг барьцаалж, 40 сая ам.долларын өрөнд оруулсан Ш.Батхүүгийн хэрэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг оросуудаас 400 сая ам.доллараар худалдаж авчирсан Д.Эрдэнэбилэгийн наймаа хоёр тэс өөр асуудал.

Ш.Батхүү хувийн компанидаа зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан.  Өр ширийг нь “Эрдэнэт”-ийн эрсдэлийн сангаас төлсөн нь үнэн. Ш.Батхүү хоёр чихнээс өөр юмгүй хоосон хүн биш болох нь ч үнэн.

Тэгвэл Д.Эрдэнэбилэг оросуудаас “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо олж авчирсан. Ингэхдээ 400 сая ам.долларыг төлсөн нь үнэн. Д.Эрдэнэбилэгийн 400 сая ам.доллар нь төрийн мөнгө гэдгийг хууль шүүх  тогтоогоогүй нь үнэн.

Гэвч,  “Эрдэнэт”-ийн эрсдэлийн сангаас төлсөн 40 сая ам.долларыг Ш.Батхүүгээр хэзээ төлүүлэх, Д.Эрдэнэбилэгийн дээрэмдүүлсэн 49 хувийг Монголын төр хэзээ буцааж өгөхийг харин хэн ч мэдэхгүй.  Онц дэглэмийн ард ямартай ч нэг "феодал" өмчөө дээрэмдүүлж, нөгөө  феодал өрөө төлүүлсэн. Ийм болохоор  МАН-ынхныг шударга ёс ярихаар дунд хуруу гаргамаар болдог юм шүү дээ.

Ж.ЭРХЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж