Т.Оч: Бэлтгэлээ Ангуучтай хамт хийсэн

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

Т.Оч: Бэлтгэлээ Ангуучтай хамт хийсэн

Т.Оч: Бэлтгэлээ Ангуучтай хамт хийсэн

“Монголын нинжа дайчид” шоуны шилдэг оролцогчдын нэг Т.Очтой ярилцлаа. Тэрбээр 38 настай бөгөөд хаданд авирах спортоор 25 жил хичээллэж байгаа нэгэн юм. Мөн орчуулагч, эрхзүйч мэргэжилтэй бөгөөд “Топ волл” барилгын компани ажиллуулж байгаа ажээ.


-Монголын үндэсний олон нийтийн телевизээр гарсан Монголын нинжа дайчид шоу /2019.12.23/-ны үеэр та үзэгчдийг догдлуулж чадлаа. Тэмцээний бэлтгэлд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Тэмцээнд зориулж нэг сар орчим бэлтгэл хийсэн. Тэмцээний ялагч болно гэхээсээ илүү хоёр хүүдээ үлгэрлэл болох нь надад чухал байсан. Энэ зорилгоо ч биелүүлж чадсан гэж үзэж байна. Миний хувьд бэлтгэл хийлгүй олон жил болсон байна. Шоунд оролцсоноор тэмцээний үед төрдөг сандрал, догдлол бүх зүйлийг мэдрэх үнэхээр сайхан байлаа. Миний насанд тамирчны карьер бараг дууссан байдаг. Гэсэн ч 140-өөд залуутай өрсөлдөж, шилдэг нь болж үлдэнэ гэдэг сайхан байна. Байнгын бэлтгэлтэй, мундаг тамирчид тэмцээнийг орхиж, цүнхээ үүрээд буцаж байхад би дараагийн даалгавартаа бэлдээд сууж байх бахархалтай байсан.

-Тэмцээний III шатанд залуус их бүдэрч байсан. Дараагийн удаа зохиогдох шоунд оролцох залууст хандан юу зөвлөх вэ?

-Шөнө, маш хүйтэнд зураг авалт хийж, өндөр ачаалалтай оролцож байгаа болохоор чадварлаг залуусын ч амжилт буурсан. Сэтгэлзүйн бэлтгэлтэй байх нь чухал санагдсан.

-Спортод наснаас эхлээд олон зүйл нөлөөлдөг. Та тэмцээний туршид сэтгэлзүйгээ хэрхэн удирдаж байсан бэ?

-Өөрт байгаа давуу талаа ашиглахыг хичээж байлаа. Өөрийгөө залуучуудтай харьцуулахад хөдөлгөөн, бяр чадлаас эхлээд өрсөлдөж чадах эсэх нь эргэлзээтэй. Надад байгаа давуу тал нь 25 жил хаданд авирсан туршлага. Үүнийгээ ашиглахыг л хичээсэн.

-Тэмцээний шилдэг оролцогчдын нэг Ангуучтай хамт бэлтгэл хийсэн гэсэн үү?

-Ангууч эвсэлтэй, хүчтэй сэтгэлзүйтэй, чадварлаг нэгэн. Бид сүүлийн хэсгийн бэлтгэлийг хамт хийсэн. Ангууч “976 Cross Fit” дээр бэлтгэл хийж байгаад дараа нь хаданд авирах бэлтгэлээ манай зааланд хийсэн. Сүүлийн бэлтгэлийг цуг хийсэн. Япон руу явахад нь ч, бэлтгэлээ хийхэд нь чадлаараа тусалсан. Ангууч хүнийхээ хувьд ч сайн залуу.

-Японы телевизийн шоунд Ангууч оролцсон. Хэрэв та оролцсон бол хэр амжилт үзүүлэх байсан бол?

-Японы телевиз Ангуучийг сонгож, урьсан. Хэрэв би оролцсон бол энэ тэмцээнд зарцуулснаасаа ч их бэлтгэл хийж, чадлынхаа хэрээр оролцох байсан. Харин ажилдаа зарцуулах цаг л гарахгүй байсан байх (инээв.сурв).

-Шоуны үед таныг ээж, хүүхдүүд нь дэмжихээр ирсэн байсан. Тэмцээний дараа хүүхдүүд нь танд юу гэж хэлсэн бэ?

-Эхний шатны зураг авалтын үед маш хүйтэн байсан болохоор хүүхдүүдээ гэр рүүгээ явуулсан. Хүүхдүүд маань догдлоод, шөнө унтаагүй гэсэн. Дараагийн шөнө нь хүүхдүүд маань ирж дэмжсэн. Ээж маань спортоор хичээллэхийг бүр багаас минь дэмжсэн. Спортоор хичээллэхэд багагүй мөнгө зарцуулдаг. Хүүхдүүд маань ааваараа маш их бахархаж байгаа. Нөгөө талаараа өөрсдөд нь ч урам зориг болж чадаж байгаа байх. Аливаа зүйлд сэтгэлийн хүч чухал.

-Тэмцээнд амжилттай оролцсон залуустай харьцуулахад та ахмад нь байсан. Гэхдээ тэднээс дутахгүй гэдгээ харуулсан. Энэ нь тэр хэрээр өөртөө анхаарал хандуулдгийн илэрхийлэл байх. Монгол эрчүүд ихэвчлэн 40 орчим насандаа таргалж, эрүүл мэндэд нь асуудал тулгарах нь бий. Харин та энэ бүхэнд хэрхэн анхаарал хандуулдаг вэ?

-Миний ажил, сонирхол хөдөлгөөнтэй байхыг шаарддаг. Миний хобби хаданд, ууланд авирах. Хүн өөрийн биед анхаарал хандуулж, арчаатай байх ёстой гэж үздэг. Бас хооллолтдоо  ч анхаардаг. Таргалалт нь хооллолттой, булчин шөрмөстэй байх нь дасгал хийхтэй холбоотой. Монголчууд өөрийгөө эрт хөгшрүүлж, амьдралын хэв маягаа ч тийм болгочихдог юм шиг санагддаг. Үеийнхэндээ хандаад хэлэхэд нас бол зүгээр л тоо. Тиймээс дотоод тэмүүллээ дагаж, таны бие хүрч зогсох тэр газар хүртэл залуу, эрч хүчтэй байгаарай. Миний хувьд спортыг хүндрүүлж хийхийг сайшаадаггүй. Учир нь, спорт сөрөг үр дагавар ч ихтэй. Тухайлбал, гэмтэл бэртлээс гадна ачааллаас шалтгаалаад зүрх томрох, тархины тэжээл багасах, эрдсийн дутагдалд орох зэрэг эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн зөвлөгчтэйгөөр спортоор хичээллэх нь зөв байх.

-Та 25 жил хаданд авирсан гэсэн. Хаданд авирахын давуу тал юу вэ?

-Хаданд авирснаар байнга шинэ зүйлтэй учирдаг. Бас өөртэйгөө тэмцэлддэг, өөртэйгөө өрсөлддөг спорт. Мөн сайхан байгальд аялангаа, орой нь гал түлж, тойрч суугаад юм ярина, гитар тоглож, дуу дуулцгаана. Нэг талаараа маш сайхан амралт болдог. Хаданд авирсны дараа том ажлын ард гарчихсан юм шиг мэдрэмж төрдөг. Энэ нь хүмүүсийн бодож байгаа шиг тийм ч аймшигтай зүйл биш.

-Том хүү нь тантай хамт хаданд авирдаг гэсэн үү. Хүүхэдтэйгээ хамт авирна гэдэг дэндүү эрсдэлтэй биш үү?

-Хаданд авирах, спорт авиралт гэсэн хоёр төрөл бий. Спорт авиралт нь олимпын төрөлд орсон. Олимпын төрөлд аюулгүй, нийтийнх байх гээд олон шалгуур бий. Спорт авиралт нь шударга спорт.

-Орчуулагч, эрхзүйч мэргэжилтэй хэрнээ яагаад барилгын салбарт хүч үзэх болсон юм бэ?

-Би аливаа зүйлийн агуулга, үр дүнг нь харж хийх дуртай. Сургуулиа төгсөөд “Мишээл экспо”-д ажилд орж байсан. Тэнд барилгын салбарынхантай танилцаж, үл хөдлөхийн худалдаа, маркетингийг нь хариуцаж олон жил ажилласан. Энэ хугацаанд барилгын салбарт боломж байгааг олж харж, түүнийгээ хэрэгжүүлэхээр хувийн компани байгуулан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж