УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-Өршөөлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн баасан гаригийн чуулганаар хэлэлцэх үеэр танай намын бүлэг завсарлага авсан. Үүнийг зарим хүн мушгиж тайлбарлаад байна л даа. Тухайлбал, өршөөлөөр гарах хүмүүст хүлээлт үүсгэж байна гэх мэтээр. Заавал завсарлага авах шаардлага байв уу. Өршөөлийн хуулийн талаар таны байр суурь ямар байгаа вэ?
-МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлөөс улс төрийн шийдвэр гаргасан. Үүгээр энэ удаагийн Өршөөлийн хуульд албан тушаал, авлига, хээл хахуультай холбоотой хэргийг хамруулахгүй гэж шийдсэн. Энэ утгаараа Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг манай бүлэг хүлээж авахаар шийдсэн. Тэгэхээр намаас гарсан улс төрийн шийдвэр хэвээрээ байгаа гэсэн үг.
Өршөөлийн хуульд авлига, хээл хахуультай холбоотой буюу ард түмний, татвар төлөгчдийн мөнгийг идэж уусан хүмүүсийг хамааруулахгүй гэж үзэж байгаа. Ер нь нэг буруу жишиг төрд тогтчих гээд байна л даа. Өөрөөр хэлбэл, 2012 онд АН засгийн эрх авангуутаа “Чингис”, “Самурай” бонд гэх мэт маш их хэмжээний мөнгө авсан байдаг. Гэтэл түүнийгээ хууль бусаар цөөн хэдэн аж ахуйн нэгжид өгч, Монголын төрийг дампууруулчихаад сонгуулийнхаа сүүлийн жилд Өршөөлийн хууль гаргаад энэ бүх ул мөрөө баллачихдаг жишиг цаашид тогтчихвол Монголын төрд шударга ёс гэж үгүй болно. Төрд итгэх ард түмний итгэл ч байхгүй болно. Тийм учраас энэ бол зөвхөн төрд байх ёстой алтан зарчмын нэг.
Энэ утгаараа төр оршихуйн үндэс болсон шударга ёс ч алдагдана. Тиймээс энэ асуудалд нэлээд хатуу байр суурьтай байгаа. Олонх болсон АН тэргүүтэй улс төрийн хүчин, ялангуяа “Шударга ёс” эвслийнхэн энэ хуулийг гаргах гэж янз бүрээр л оролдож байна. Өмнө нь Өршөөлийн хуулийг хүчээр гаргачихсан.
Гэтэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсны дараа дахиад ажлын хэсэг, байнгын хороон дээр хүч түрээд Өршөөлд хамааруулж болохгүй, ялангуяа албан тушаалтан, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн мөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан гэдэг зүйл ангийг дахиад оруулаад ирлээ л дээ. Тэгэхээр энэ үед бид Өршөөлийн хууль дээр завсарлага авч, улс төрийн намууд ёс жудагтай байж, шударга ёсон дээрээ хатуу зогсооч гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.
-Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр танай бүлгийн гишүүд шийдвэрийнхээ эсрэг кноп дарсан зүйл гарсан гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Байнгын хороон дээр нэг хоёр гишүүн эсрэг кноп дарсан асуудал гарсан. Хэдийгээр андуурал гарсан ч энэ талаар нам дотроо улс төрийн хариуцлагын асуудлыг ярьж таарах байх. Ер нь МАН улс төрийн институтийнхээ хувьд гаргасан шийдвэртээ үнэнч байдаг. Бидний гаргасан шийдвэр хувирахгүй. Тиймээс ч бид Өршөөлийн хууль дээр завсарлага аваад байна.
-УИХ энэ удаагийн төсвийн тодотголд таналтын олон хувилбарыг оруулж ирээд байна. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах гэх мэт. Энэ ер нь хэр оновчтой бөгөөд цагаа олсон шийдвэр вэ. Дэд сайдгүй болно, агентлагуудыг цөөлнө гэх мэтээр хэр их хэмнэмлт гарч чадах юм бэ?
-Ер нь бид төсөвтөө томоохон реформ хийхийг шаардаж байгаа. Нэг ёсны хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэг зайлшгүй шаардлагатай болчихлоо шүү дээ. Өнөөдөр бид хэдий хэр хэмжээний орлого олж байгаа билээ гэдэгтэйгээ уялдуулж төсвөө хэмнэх хэрэгтэй болчихоод байна. Өмнө нь бид нэлээд өөдрөгөөр төсөөлөөд янз бүрийн сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд улс төрийн зорилготой мөнгийг төсөвт тусгаж ирсэн. Гэтэл энэ нь эргээд аж ахуйн нэгж төдийгүй босгож байгаа бүтээн байгуулалтад хохиролтой болчихоод байгаа юм.
Цаашлаад ард иргэддээ төдийгүй улсынхаа нэр хүндэд ч хохиролтойгоор тусаад байна шүү дээ. Нэг ёсондоо төсөвт тусгахаар тендер зарлаж таардаг. Гэтэл тендерт шалгарсан аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар мөнгө нь байдаггүй, зогсчихдог. Ингээд хэдэн жилээр үхмэл хөрөнгө болоод барилга байшин нь дуусдаггүй хандлага сүүлийн жилүүдэд нэлээд түгээмэл болчихлоо. Тийм учраас энэ оны төсвийг зоригтойхон шинэчилж хийх ёстой. Ялангуяа төрийн захиргаатай холбоотойгоор төсвийг тултал нь танах хэрэгтэй.
Учир нь 2012 оноос зөвхөн төрийн албан хаагчдын тоо 50 мянгаар нэмэгдсэн байдаг. Гэтэл энэ бүхэнд хүмүүсийн цалингаас гадна бичиг хэргийн зардал гээд маш их зардал гарч байна. Тиймээс төрийн албаа ядахдаа 2012 оныхоо төвшинд аваачиж, цомхотгох хэрэгтэй байна шүү дээ. Тухайлбал, яам, агентлагийнхаа тоог цөөлмөөр байна. Ингэж ярихаар багш, эмч нарыг ярьж байна гэж ойлгож болохгүй. Багш, эмч, онцгой, цагдаа гэсэн төрийн үйлчилгээний албан хаагчид бол тусдаа. Харин төрийн захиргааны төвшинд төр байж болох бүрх боломжоороо бүсээ чангалах ёстой гэж харж байна.
-Дээрээс нь Нийслэлийн ИТХ-ынхны авч байгаа их хэмжээний урамшууллыг ч бас хасах асуудлыг ярьж байна л даа?
-Сүүлийн үед нийслэлийн татвар гэх мэтээр төсөв бүрдүүлэх зорилготой төрөл бүрийн хураамжийг их ярьдаг болсон байна. Тэгэхээр бид ард түмэн төдийгүй бизнес эрхлэгчдийнхээ халаас руу орохоос өмнө төр боломжит хэмжээндээ хүртэл хамгийн бага зардлыг гаргах хэрэгтэй. Ингэж байж бид өнөөдрийн энэ хүндрэл бэрхшээлийг давна. Нөгөө талдаа УИХ-аас баталж байгаа төсөв дотор ялангуяа орон нутгийн анхан, дунд шатанд байгаа хөрөнгө мөнгийг танаж үзээч гэж хэлмээр байгаа юм.
Ингэхгүй бол УИХ-ын төвшинд парламентын үйл ажиллагаа нэлээд нээлттэй явж байна. Яамд шилэн дансанд шилжсэнтэй холбоотойгоор ямар мөнгө, хаашаа гарч байгаа талаарх мэдээлэл ард иргэдэд тодорхой болж байгаа. Гэтэл аймаг, нийслэл, дүүргийн ИТХ дээр урамшуулал нэрээр биднээс их хэмжээний мөнгө авч байна шүү дээ.
-Тэгэхээр ИТХ-ын төлөөлөгчид УИХ-ын гишүүдээс их цалин авч байна гэсэн үг үү?
-Бид чинь ажилласан жилээсээ хамаараад сая 500-700 мянгын хооронд авдаг юм шүү дээ. Гэтэл ИТХ-ын төлөөлөгчид урамшуулал нэрээр сардаа 3-4 сая төгрөг авч байх жишээний. Үнэндээ энэмэтчилэн хэдэн тэрбумаар нь авдаг, аялж зугаалдаг. Өнөөдөр хийсэнхайсаамаргаашньнураагаад дахиж хийдэг, явган замаа ч мөн адил. Ингэж татвар төлөгчдийн мөнгийг үгүй хийдэг сүлжээ маягийн болчихсон байна. Тэгэхээр энэ мэт асуудлыг нам хамаарахгүйгээр улс төрийн шийдэл гаргаж, зоригтой таналт хийх ёстой гэж харж байгаа.
Ер нь аливаа төсвийн эрх мэдлийг орон нутагт нь шилжүүлье гэдэг асуудлыг 2010, 2011 онд нэлээд хүчтэй ярьж байсан л даа. Яг үүний хэрэгжилтийн завхрал одоо гарч байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт жижиг феодалын систем бий болсон. Аймаг, орон нутаг, дүүрэгт улс төрийн бүлэглэл бий болсон. Ямар нэгэн улс төрийн хүчин хамаарахгүйгээр хувь хүмүүсийн бүлэглэлүүд бий болсон. Үүнийгээ дагаад ихээхэн хэмжээний мөнгө шамшигдуулах явдал гарч байна шүү дээ. Жишээлбэл, өнөөдрийн байдлаар нийслэлд л гэхэд хэдэн тэрбумаар нь ярьж байх жишээтэй. Одоо Ерөнхий сайдын яриад байгаагаар улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг танаснаар хоёр тэрбумыг хэмнэнэ гээд байгаа.
Мөн дэд сайд нарын орон тоог хасахаар тэрбум гаруй төгрөгийн хэмнэлийг ярьж байна. Ингээд нийтдээ 3-4 тэрбумын хэмнэлт гаргах талаар ярьж байна. Гэтэл нийслэл хотод хийж байгаа ажлын хэсэг болох ногоон уутыг аваад үзэхээр иргэдэд хогны уут тараах нэртэй бизнес нэрийн дор ихээхэн хэмжээний мөнгө угааж байна. Цаашлаад гуравхан сарын настай цэцгийг их хэмжээний мөнгөөр тарьж байна. Энэ бүгд нийлээд 10- 20 тэрбумаар яригдаж байна шүү дээ. Жишээ нь бид энэ их мөнгийг зөв зохистой хэрэглэх асуудал төсвийн реформын нэг хэсэг байх учиртай. Энэ удаад ямар нэгэн улс төр сонгууль бодохгүйгээр зоригтойхон реформ хийгээсэй л гэж хүсч байна.
Эх сурвалж: "МОНГОЛЫН ҮНЭН" сонин