Төв банкны тооцоолж байгаагаар сүүлийн хоёр жилийн хугацаанд банкны системийн үндсэн хөрөнгө хоёр дахин нэмэгдсэн байна. Иймээс хадгаламжийн хүүнд татвар бодох нь банкны системд нөлөөлөл үзүүлэхгүй гэж тооцож байгаагаа мэдэгдсэн. Гэвч ирэх хоёр жилд манай эдийн засгийн өсөлт ямар байх, урд хөршөөс эдийн засгийн хямрал орж ирэх эсэхийг тооцож байж энэхүү хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэв хямрал даамжирвал иргэд хадгаламжаа татахыг үгүйсгэхгүй юм. Ингээд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хадгаламжийн хүүгийн татварын талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.
-Хадгаламжийн хүүгээс авах татвар эдийн засагт яаж нөлөөлөх вэ?
-Төсвийн орлого нэмэгдэнэ.
-Татвар авсанаар хадгаламжийн хэмжээ буурч, иргэд мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгон түрээслүүлэх хэлбэрээр ашиг олж болох таамаглал байна энэ тал дээр?
-Хадгаламжийн зориулалт нь мөнгөний гэнэтийн хэрэгцээ гарах үед хэрэглэх явдал байдаг. Иймээс хүмүүс бүх мөнгөө хадгаламжаас авна гэж төсөөлөгдөхгүй байна.
-Татвар авснаар хадгаламж эзэмшигч нарын олох ашигт хэрхэн нөлөөлөх вэ?
-Хадгаламжийнх нь хэмжээнээс хамаарна. Их хадгаламжтай бол хадгаламжийнх нь хүүгийн орлогоос төлөх татварын хэмжээ харьцангуй бусдаас нь их байх нь ойлгомжтой. Гэхдээ хадгаламжийн хүү нь өөрийнх нь мөнгө биш, хадгаламжинд нь өгч байгаа банкны мөнгө гэдэг талаас нь хандах хэрэгтэй. Иймээс хадгаламжийн хүүгээс татвар төллөө гээд ашигт нь нөлөөлөх асуудал байхгүй гэж үзэж болно. Тэгээд ч хадгаламжаар хүүгийн орлого олох боломж олгож байна гэдэг утгаар хүүгийнхээ орлогоос 10 хувийн татвар төлөхөөс дургүйцэх хэрэгггүй юм.
-100 саяаас дээш төгрөгийн хадгаламжтай хүн нийт хүн амын хэдэн хувийг эзэлдэг вэ?
-Нийт хадгаламж эзэмшигчдийн 3 орчим хувь нь банкинд байгаа хадгаламжийн 95 орчим хувийг эзэмшдэг гэсэн тоо байдаг.
–Тэгвэл уг татвараар улсын төсөвт хэчнээн төгрөг орох тооцоо байгаа бол?
-Улсын төсөвт орох татвартай холбоотой нарийн тооцоог яг одоо би хэлж мэдэхгүй байна. Нийт хадгаламжийн хувьд ойролцоогоор дөрөв гаруй их наяд төгрөг бий. Үүний жилийн 15 хувийн хүү гэхээр 600 орчим тэрбум төгрөг болох нь. Үүнээс татвараа тооцоод авна гэсэн үг шүү дээ.
Ц.ДАВАА