Европын хөлбөмбөгийн ертөнцийн ээлжит нэгэн сонирхолтой тойрог өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.
–Италийн Супер цомын финалын тоглолт:
Ювентус 1:3 Лацио
Роналдогийн Ювентус клуб Лациод ялагдаж, Италийн Супер цомоо алдлаа. Тоглолтын 16 дахь минутад Лациогийн Луйс Алберто гоолын салхийг нээсэн бол Паоло Дибала 45 дахь минутад тэнцүүлсэн. Гэвч Лациогийн Сенад Лулич болон Данило Каталди нар 73 болон 90+4 минутанд гоолдож, 3:1 харьцаатай 32 дахь удаагийн Италийн Супер цомын эзэд боллоо.
Английн Примьер лиг :
Уатфорд 2-0 Манчестер Юнайтед
Уатфорд клуб талбай дээрээ “Улаан чөтгөрүүд”-ийг хүлээн авч, тоглолтын 50 дахь минутад болон 54 минутад оруулсан Исмайла Сарр болон Трой Дийни нарын гоолоор яллаа. Манчестер Юнайтед клубээс хаалгач Давид Де Хиа тун хангалтгүй байж, хүүхдийн гэмээр гоол алдаж, багийнхаа нөхдийн сэтгэлийг гонсойлгосон.
Английн Примьер лиг :
Челси 2:0 Тоттенхэйм Хотспур
Жозе Моуриньо хуучин багийнхаа эсрэг тоглож, харамсалтайгаар хожигдлоо. Тоглолт үнэхээр үзүүштэй байж, гоол, улаан хуудас, торгуулийн цохилт, арьс өнгөний үзэл гээд бүхий л зүйл болж өнгөрсөн тоглолт боллоо. Виллиан тоглолтын 12 болон 45+4 минутад хоёр гоол оруулж, тоглолтын хувь заяаг шийдсэн. Гэвч тоглолтын гол анхаарал татах зүйл нь энэ биш байлаа. Тоглолтын 62 дахь минутад Сон Хён Мин Челсигийн Антонио Рудигерийг өшиглөж, улаан хуудас аван талбайгаас хөөгдсөн. Үүнд уурссан Тоттенхэйм клубийн фэнүүд Антонио Рудигерыг “сармагчин” гэх мэтээр орилжээ. Энэ асуудлыг Английн хөлбөмбөгийн холбоо анхааралдаа авахаа мэдэгдсэн юм.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ