Иргэд автобусаар зорчих "U-Money" картаа зөвхөн автобусны буудлуудад байрладаг гэрээт цэгүүдээр цэнэглэдэг байсан бол одоо өөрт ойр байрлах хүнсний дэлгүүр болон үзвэр үйлчилгээний газруудад цэнэглэх боломжтой болсон талаар өнөөдөр /2019.12.23/ холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.
“Энэ онд "U-Money” карт цэнэглэх гэрээт цэгүүдийн тоог нэмэгдүүлж, хүртээмжтэй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж, өнөөдрөөс нэг шинэ үйлчилгээ хэрэгжихэд бэлэн болж, албан ёсны нээлтээ хийж байна. Иргэд өмнө нь "U-Money” картаа автобусны буудлын ойролцоох гэрээт цэгт цэнэглэдэг байсан. Одооноос эхлэн худалдаа, үйлчилгээ эрхэлж буй худалдааны төв, хүнсний дэлгүүр, үзвэр үйлчилгээний байгууллагууд кассын программаар дамжуулан карт цэнэглэх боломжтой болсон.
Энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажиллаж, бүх систем холболтын ажлуудыг хийж дуусгасан. Дэлгүүр, үзвэр үйлчилгээний байгууллагууд худалдаа эрхлэхдээ кассын программ ашигладаг. Энэ программд "U-Money” карт цэнэглэх үйлчилгээг нэмж, нэвтрүүлсэн байгаа. Ингэснээр тухайн байгууллагууд бараа, үйлчилгээнийхээ бүртгэлийг хийхээс гадна автобусны карт цэнэглэх боломжтой болж байгаа юм” гэдгийг “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Мөнхболд ярилаа.
Нийслэлийн хэмжээнд автобусны "U-Money” карт цэнэглэх, борлуулах 500 гаруй гэрээт цэг байдаг. Тэгвэл энэ онд кассын посоор цэнэглэх үйлчилгээ нэвтэрснээс цэнэглэх цэгийн тоог 700 гаруй болж нэмэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Мөн ирэх 2020 онд 2000 болгож нэмэгдүүлэх зорилт тавин аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн юм.
ИРЭХ 2020 ОНД "U-MONEY” КАРТЫН ҮЛДЭГДЛИЙГ БУЦААН ОЛГОНО
Өмнө нь зөвхөн эвдэрч, гэмтсэн, хугарсан автобусны "U-Money” картын үлдэгдлийг буцаан олгодог байсан бол ирэх 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэвийн картны үлдэгдлээ авах хүсэлтээ илэрхийлсэн иргэн бүрт үлдэгдлийг нь буцаан олгох үйлчилгээ нэвтрүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм.
Ингэснээр хэвийн ажиллагаатай картын үлдэгдлийг бүрэн буцаах гэнэ. Харин үйлчилгээний шимтгэл 100 төгрөг байх аж. Шимтгэл хассан дүнг бэлэн мөнгө хэлбэрээр шууд олгоно гэв. Уг картын үлдэгдлийг буцаан авах хүсэлтийг нэг цэгийн үйлчилгээний Дүнжингарав, Драгон, Мишээл экспо салбаруудад хүлээн авах юм байна.
Энэ үеэр “Тауэр” софт” компанийн захирал М.Мөнхдөл шинэ үйлчилгээг тайлбарлахдаа “Бид Улаанбаатар смарт карт компанитай хамтран ажилласнаар дэлгүүрүүдэд "U-Money” карт цэнэглэх нэмэлт том төхөөрөмж ашиглахгүйгээр кассын программаараа дамжуулан цэнэглэх боломжийг бүрдүүлээд байна. Манай компани нийслэлийн хэмжээнд 2000 гаруй пос машин хэрэглэгчтэй. Бүх хэрэглэгчид маань өдөр тутам хэрэглэж буй программ дээрээ шууд автобусны картаа цэнэглэх боломжтой болж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид шинэ болон хуучин хэрэглэгчдэдээ зориулан автобусны карт цэнэглэх гэрээ байгуулбал жилийн бүртгэлийн хураамжаа ирэх 2020 оны гуравдугаар сарын 1-н хүртэл 50 хувь хөнгөлнө” гэв.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ