Сурвалжлага: Нэг шөнө 21 согтуу жолоочийг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Нэг шөнө 21 согтуу жолоочийг илрүүлэв

Сурвалжлага: Нэг шөнө 21 согтуу жолоочийг илрүүлэв

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хүүхдийг буруу тээвэрлэх, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс зам тээврийн осолд орж, амь насаа алдах харамсалтай хэргүүд буурахгүй байна. Өнгөрсөн онд 500 гаруй иргэн автомашины ослоор амь насаа алдсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 400 гаруй иргэн амь насаа алдсан.

Авто осол баяр ёслолоор ихэсдэг гэж хэлж болно. Тиймээ арванхоёрдугаар 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран ажиллаж, дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Шөнийн 00.20 цагт тээврийн цагдаагийнхан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Нарны зам дагуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явсан гурван жолоочийг илрүүлэв. Тэдний нэг болох приус маркийн машинтай эмэгтэй замын цагдаагийн тавьсан шаардлагыг дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бичиг баримтаа шалгуулав. Тэрбээр “Нөхрөө авах гэж ажил дээр нь очсон. Тэгтэл ажлынх нь хүмүүс нэг шампанск татчих гээд шахаад байхаар нь уучихсан юм. Ойролцоогоор 50 граммыг уусан байх. Согтууруулах ундаа хэрэглэчхээд тээврийн хэрэгслийн зөрчил гаргасан нь миний буруу. Дуудлагын жолооч дуудсан боловч ирэлгүй удахаар нь машина унаад ирсэн юм” гэв.  Түүнд Зөрчлийн хуульд зааснаар торгуулийн авах хэмжээ авахаар болж, цагдаагийн машинд суулган түр саатуулах байр руу авч явсан юм.

 НЭГ ШӨНИЙН ДОТОР 21 СОГТУУ ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЭВ

Дараа нь ланд маркийн авто машин унасан 40 эргэм насны эрэгтэйг зогсоон, шалгахад биеэ авч явах чадваргүй цагдаагийн тавьсан шаардлагыг хүлээн авахгүй зөрүүдлэв. Тэрбээр хөл дээрээ ч тогтох тэнхэлгүй согтсон харагдана. “Авах ёстой арга хэмжээгээ хурдан ав” хэмээн цагдаа нарт хэгжүүрхэх энэ мэт жолооч нар цөөнгүй тохиолддог аж.

Дэслэгч Д.Ганболд “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Нарны замд бид шуурхай хяналт шалгалт хийж байна. Энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон осол их бүртгэгдлээ.  Жолооч нар “хэсэгхэн газар машин барихад асуудалгүй” гэх хандлагатай байна. Нийт дуудлагын дийлэнх нь согтуу жолооч нар эзэллээ. Тэд баяраас гарч ирлээ гэсэн тайлбар хэлж байна. Дөнгөж сая гурван согтуу жолоочийг саатууллаа. Жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцуулна. Тухайн жолооч нар жолоодох эрхийн үнэмлэхгүй, дээрээс нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас түр саатуулах байр руу авч явах гэж байна” гэлээ.

Шинэ жилийн баяр дөхөж согтуу жолоочийн тоо эрс нэмэгдсэн талаар албаныхан мэдээлж байна. Өнгөрөгч шөнийн байдлаар гэхэд нийслэлийн хэмжээнд Тээврийн цагдаагийн албаныхан 21 согтуу жолоочийг илрүүлж, арга хэмжээ авч 276 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ТОХИОЛДОЛ ЭРС НЭМЭГДЭЖ БАЙНА

Тээврийн цагдаагийн албанаас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Ахлагч Х.Нямбат “Энэхүү арга хэмжээний хүрээнд осол хэрэг, зөрчил гарахаас сэргийлж илрүүлэх арга хэмжээг зохион байгуулаад явж байна. Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн алба хаагчид шөнийн эргүүл, хяналт шалгалтыг чангатган ажиллаж буй. Баярын сар эхэлснээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол эрс нэмэгдэж байна.

Иргэдийн дунд согтуугаар тээврийх хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуульд зааснаар ямар хариуцлага хүлээх тухай ойлголт дутмаг байгаагаас “ойрхон явах юм чинь” гэх маягаар хөдөлгөөнд оролцох нь их байна. Иймээс иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл битгий жолоодооч ээ.

Мөн тухайн байгууллага аж ахуй нэгжүүд шинэ жилээ зохион байгуулж байгаа бол согтууруулах ундаа хэрэглэсэн ажилчин, алба хаагчдаа хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахыг хүсье. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу жолоодох эрхийг нэг жил хасч, 400 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авдаг” гэлээ.

ДУУДЛАГЫН ЖОЛООЧ ДУУДАХ БОЛОМЖТОЙ БАЙСАН НЬ Ч …

Согтуу жолоочийн балаг дууссангүй. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуу орчимд согтуу жолооч шон мөргөж, осол гаргасан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн алба хаагчдад ирлээ. Биднийг очиход Баянхошууны ойролцоо шон мөргөсөн ноцтой ослын дүр зураг харагдав. Азаар жолооч нь эсэн мэнд байсан боловч биеэ авч явах чадваргүй болтлоо согтжээ. Тэрбээр осол гаргасан шалтгаанаа ийн тайлбарлав.

“Би эхнэр болон хоёр найзтайгаа хороололд сууж байсан. Дөрвүүлээ нийлж, нэг шил архи хувааж уусан. Уусныхаа дараа эхнэртэйгээ маргахад миний машиныг өшиглөсөн. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Осол болох үед манай эхнэр миний жолоог мушгисан. Гэр рүүгээ харих гэж байгаад л ийм явдал болчихлоо. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ над шиг жолоо барьж болохгүй шүү гэж хэлье. Дуудлагын жолооч дуудах боломжтой байсан нь ч дуудаагүй нь миний буруу” гэлээ. Гэвч тэрбээр зөвхөн шон мөргөөгүй аж. Хажуухандаа зогсож байсан том оврын машиныг шүргэжээ.

Мөргүүлсэн гэх машины жолооч бүсгүй Б.Уранчимэг “Гэртээ сууж байтал хүн орж ирээд “чиний машиныг машин  мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Тэр мөргөсөн жолооч нь биеэ хянах чадваргүй согтуу байна” гэлээ. Ослын талаар Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн ахлах ахлагч О.Батхишиг “Ачаалал одоогоор гайгүй байна. Согтууруулах ундаа хэрэглэчхээд тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их байна. Сая шон мөргөсөн жолооч ойрхон зуур явах гэж байгаа гэсэн шалтгаанаар осол гаргажээ. Тухайн хүнд шонгийн төлбөрийг тооцуулан, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Ер нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл бүү жолоодооч ээ гэж зөвлөе” гэв.

ДУУДЛАГЫН ЖОЛООЧ ДУУДАХЫГ ЗӨВЛӨЕ

Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн техник хариуцсан мэргэжилтэн ахлагч Б.Пүрэвбатаас цөөн зүйлийг  тодруулав.

-Өнөө шөнө замын хөдөлгөөний ачаалал хэр их байна?

-Сүхбаатар дүүргийн хэмжээнд хөдөлгөөний нөхцөл одоогоор хэвийн байна. Гэхдээ баяр ёслолын сар учраас зөвхөн Сүхбаатар дүүрэг гэлтгүй худалдааны төв дагасан авто замуудад ачаалал ихтэй байна.

-Энэ сар гарсаар танай дүүргийн хэмжээнд зам тээврийн осол хэр олон гарсан бэ?

-Нийслэлийн хэмжээнд осол хэмжээгээр нэмэгдэж байна. Голчлон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихэсч байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу мөн тээврийн хэрэгсэл журамлах, эрхийг хасах арга хэмжээ авдаг.

-Одоогоор хэчнээн согтуу жолоочийг илрүүлээд байна вэ?

-Нэг шөнөдөө дүрэм зөрчсөн 40 гаруй жолоочийг илрүүлдэг. Яг нарийн тогтсон тоо байдаггүй ч согтуу жолооч нартай холбоотой зөрчил их гарч байна. Энэ сарын хувьд гэр хорооллын замд мөргөлдөх ослууд их гарч байна. Мөн эцэг эхчүүд маань хүүхдээ гарцгүй газраар дагуулж гарах, хайхрамжгүй хандах байдлаас болж, осол их гарч байна. Жолооч нартаа анхааруулж хэлэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, болж өгвөл дуудлагын жолооч дуудахыг анхааруулъя.

 

ОРОН НУТАГТ ХОЁР ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЛОО

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр өнгөрөгч амралын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ. Ослыг дотор нь ангилбал явган зорчигч мөргөх хэлбэрээр ес, мөргөлдөх хэлбэрээр хоёр осол гарчээ.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал арванохоёрдугаар сарын 21-ны өдөр 19.20 цагийн орчим Өмнөговь аймаг Ханбогд сумын Жавхлант баг Ухаа худаг уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт хүртэл асфальтан замд приус маркийн автомашин Nord Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 37 настай, эрэгтэй Б нас баржээ.

Мөн арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймаг Өргөн сум Цагаан хаалга гэх газар сумын төвөөс баруун тийш 5 км асфальтан замд Toyota Premio маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй М нас барсан осол бүртгэгдсэн байна.

Дашрамд дурдахад өнгөрөгч долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 8.2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 9.6 хувиар, гэмтсэн хүн 13.3 хувиар, гэмтсэн хүүхэд 33 хувиар буурсан бол нас барсан хүний тоо гурав дахин ихэссэн байна. Иймээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж