Фото: Francois Mori / АР
Дэлхийн хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн Өмнөд Солонгосын Чхон Мон Жуныг (Chung Mong-joon) тус байгууллагын Ёс зүйн хороо тэргүүний сонгуульд оролцохыг зөвшөөрсөнгүй. Харин Чхон Мон Жун ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй гэдгээ мэдэгдсэн тухай Reuters агентлаг мэдээлжээ.
Тэрээр “Ямар нэгэн зөрчил гаргаагүй учир Ёс зүйн хорооны шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Давж заалдана” гээд “Эцсийн эцэст би ялан дийлж, зөвтгөгдөх болно” хэмээжээ.
Дэлхийн хөлбөмбөгийн цомын тэмцээнийг 2022 онд Өмнөд Солонгост явуулах Сөүлийн хүсэлтийг идэвхтэй дэмжсэн нь хороонд таалагдаагүй гэж тэр үзэж байна. Тэр үед Мон Жун Дэлхийн хөлбөмбөгийн сан байгуулах санал дэвшүүлсэн юм.
Чхон Мон Жун FIFA-гийн дэд ерөнхийлөгч байсан бөгөөд тэрбумтан, Hyundai Business Group-ын хяналтын багцын хувьцааг атгадаг. ДХБХ-ны тэргүүний сонгууль 2016 оны хоёрдугаар сарын 26-д Цюрих хотноо явагдах юм. Ерөнхийлөгчийн суудлын төлөө Мон Жунаас гадна Мишель Платини, Бразилийн Зико нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн байгаа. Аргентины Диего Марадона, Либерийн ХБХ-ны тэргүүн Муса Билити, Нигерийн хөлбөмбөгчин асан Сегун Одегбами нар сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа дуулгасан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР