Багануурын нүүрсний нөөц 800 сая тонн болж нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Багануурын нүүрсний нөөц 800 сая тонн болж нэмэгджээ

“Багануурын нүүрсний ордын нарийвчилсан хайгуул, нөөцийн үнэлгээ хийх” төслийн тайланг ЭХЯ-д хүлээлгэн өгсөн байна. Багануурын ордод хайгуулын ажил өмнө нь 1974-75 онуудад “хайгуулын”, 1988-1989 онуудад “гүйцээх хайгуулын” нэрээр хийгдэж байсан бөгөөд 2014-2015 онуудад “нэмэлт хайгуулын” ажил ийнхүү уурхай ашиглалтанд орсноос хойш 40 орчим жилийн дараа уурхайн өргөтгөл шинэчлэлийн техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах шаардлагын хүрээнд хийгдсэн юм.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд зарласан “ТЭЗҮ боловсруулах суурь өгөгдлийг бэлтгэх зорилгоор Багануурын нүүрсний ордын нарийвчилсан хайгуул, нөөцийн үнэлгээ хийх” ажлыг “Эрдгео” ХХК (Монгол) болон “Norwest” (АНУ) компаниуд хамтран гүйцэтгэжэ.  Ордын нөөц бодолтыг Монгол Улсын A, B, C болон олон улсын JORC стандартуудын дагуу гүйцэтгэсэн нь цаашид Багануур ХК олон улсын хөрөнгийн бирж дээр гарах анхны алхам болж байна.

Энэхүү ажил нь ашиглалт эхэлснээс хойшхи бүх хайгуул, олборлолтын үр дүнг нэгтгэж 2015 оны байдлаар Багануурын ордын бодит байдлыг тооцоолж, нөөцийг нийт 800 гаруй сая тонн болгон өсгөжээ.

Уул уурхайн яамны Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ) тайланг хэлэлцэн хүлээн авч ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэн авах тухай, мөн Эрчим хүчний яамны ажлын хэсгээс эцсийн тайланг хүлээн авах тухай шийдвэрүүдийг үндэслэн гаргасан байна.

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих /УУДБХОД/ төсөл нь уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтцэд санхүүжилтийн эх үүсвэрээс үл хамааран хөрөнгө оруулалт хийхийг дэмжих, дэд бүтцийн төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх дотоодын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Тус төслийн хүрээнд тухайн бүс нутгийн уул уурхайг хөгжүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, эрчим хүч, тээвэр, мэдээлэл холбооны технологи, усан хангамж, орон сууц болон нийгмийн салбар, ложистик болон хилийн боомтын барилга байгууламж, боловсруулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг бий болгох үйл ажиллагаа зэрэг тодорхой хөрөнгө оруулалтанд шаардагдах ТЭЗҮ боловсруулах, энэ хүрээнд инженерийн зураг төсөл, гео-техникийн судалгаа, эдийн засаг болон санхүүгийн дүн шинжилгээ, байгаль орчны болон нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ зэрэг ажлуудыг хийж байгаа аж.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж