Засгийн газрын худалдан авах ажиллагаа буюу улсын төсвөөр хийгдэх ажлуудыг гүйцэтгэх талуудыг шалгаруулах тендэр одоогоос гурван жилийн өмнө бүрэн цахим хэлбэрт шилжиж байсан.
Үүнээс хойш Худалдан авах ажиллагааны газар /ХААГ/ нийт 1118 удаагийн тендэр шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, давхардсан тоогоор 3804 аж ахуйн нэгж цахим тендэрт оролцсон байна. Ингэхдээ цахим худалдан авах ажиллагааны систем нь Монгол банкны валютын ханшийн мэдээлэл, бусад арилжааны банкуудтай цахим тендэрийн мэдээллийг цахим хэлбэрээр мэдээлэл дамжуулан ажилладаг. Ингэснээр тендэрт оролцогч аж ахуйн нэгжүүд тендэрийн баталгааг хуурамчаар хийх боломжгүй болжээ. Мөн Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн системээс тендэрт оролцогч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого, тайлант үеийн ашиг, алдагдал, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн мэдээллийн авах техникийн боломжийг бүрдүүлснээр тендэрт оролцогч аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангийн мэдээллийг тендэрийн саналд оруулах шаардлагагүй зэрэг олон эерэг өөрчлөлтүүд гарчээ. Товчхондоо төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулах шалгаруулалтыг цахимаар буюу цахим худалдан авах ажиллагааг явуулснаар Засгийн газрын бүх тендэр олон нийтэд ил тод нээлттэй болсон байна.
Харин одоо дээрх цахим системийг Татварын ерөнхий газрын мэдээллийн системтэй холбож, тендэрт оролцогчдын татвар төлөлтийн мэдээлэл, борлуулалтын орлогын мэдээллийг цахим хэлбэрээр магадлах программ хангамжийн шийдлийг боловсруулж туршиж буйгаа ХААГ-аас онцоллоо. Удахгүй дахин энэхүү цахим системээ илүү боловсронгуй болгож, хамрах хүрээг тэлэх хоёрдугаар шатны ажлыг эхлүүлэхээр болсноо Худалдан авах ажиллагааны газар өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Нийт 1.5 тэрбум төгрөгийн зардал гаргаж, цахим худалдан авах ажиллагааг боловсронгуй болгохоор болжээ.
Гэрээт ажлаа чанаргүй гүйцэтгэх, дуусгалгүй орхих, улсын комисст хүлээлгэж өгөхгүй байх зөрчлүүдийг таслан зогсоож, төсвийн хөрөнгийг чанартай зарцуулах, хөрөнгө оруулалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн 2014 оноос хойш Хар жагсаалт буюу тендэрт оролцох эрхээ хязгаарлуулсан компаниудыг Сангийн сайдын тушаалаар зарлаж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар тендэрийн бичиг баримт, нотолгоог хуурамчаар ирүүлэх, сүүлийн гурван жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болон биелүүлээгүй зэрэг шалтгаанаар 35 аж ахуйн нэгж, компани тендэрт оролцох эрхээ хасуулжээ. Өөрөөр хэлвэл уг жагсаалтад орсон аж ахуйн нэгж тухайн зөрчлийг гаргаснаас хойш гурван жилийн хугацаанд төрийн худалдан авах ажиллагаанд аливаа нэг хэлбэрээр оролцох эрхгүй. Дээрх цахим худалдан авах ажиллагааны систем нь ч автоматаар хар жагсаалтад багтсан аж ахуйн нэгж, компаниудын мэдээлэл, бүртгэлийг хүлээн авдаггүй байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД