Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулснаас болж, гэмт хэрэгтнүүд ял завшин, шударга ёс үнэгүйдэж байхад хууль тогтоогчид ер тоосонгүй, гишүүдийн ирц хангалтгүй зэрэг шалтгаанаар чуулганы хуралдаанаас Эрүүгийн хуулийн хэлэлцүүлгийг хоёр ч удаа хойшлууллаа. Товчхондоо эл хуулийг батлах хугацаа 14 хоногоор сунжирч алдлаа гэж хэлж болно.
Томилгоо ярих болохоороо шөнө дөлөөр ч хуралдаж, “бялуу” гаа хуваадаг атлаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй санал хураах болоход гишүүд нь тарж бутраад буйг санамсаргүй үйлдэл гэхээс илүүтэй санаатай цаг хожих арга гэж хэлбэл илүү үнэнд ойртох биз.
Иймэрхүү үйлдэл гаргаад эхлэхээрээ л МАН –ынхан аюултай. Хэн нэгнийгээ хуулийн цоорхойгоор халхавчилж, ялаас хэтрүүлэх нүх сүв олчихсон байх нь бий.
Учир нь УИХ-аар 2016 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулснаас болж, өнөөдөр 400 гаруй хэргийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусаад буй.
Тэд хуулийн ийм том хулгайг хийхдээ Эрүүгийн хуульд “Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс яллагдагчаар татах” гэж өөрчилсөн байдаг. Харин энэ заалтыг хэн санаачилж, хуульд тусгав гэдэг асуудал хөндөгдөхөөр “Ш.Раднаасэд, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Б.Энхбаяр” гэхчлэн нэрс яригддаг ч Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр энэ асуудалд хамааралгүй байдаг. Эл заалтыг ажлын хэсэг дээр оруулаагүй, УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр шургуулсан нь батлагдсан. Гол нь Х.Нямбаатар, Ш.Раднаасэд хоёрын хэн нь вэ гэдэг дээр одоо ч тогтоогүй, маргаан үргэлжилдэг.
Хэдийгээр Засгийн газар алдааг засах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэрэг хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах өдрөөс эхлэн тоолохоор заасан ч хууль батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ ч өмнө нь хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин шалгах боломжгүй болох аж.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Эрүүгийн хуулийг баталсны дараа Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль баталж, мөрдөн байцаалтад байгаа хэргийг шинээр тоолно. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргийг дахин шалгах боломжтой болно” гэж ярьж буй ч дэлхийн жишигт ийм практикаар дахин яллагдагчаар татсан тохиолдол байдаггүйг хуульчид сануулж буй. Иймээс хэдхэн хоногийн өмнө хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн нарын хэргийг дахин сөхөх боломжгүй гэж тодорхойлж болох юм.
Тодруулж хэлбэл, ийм замаар "цагаан захтанууд"-ыг авлига, албан тушаалын гэмт хэргээс нь мултлах сонирхол эрх баригчдад бий бололтой. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн тайлбарласнаар бол авлига албан тушаалын 11 хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаар хүлээгдэж байна.
Гэхдээ хуулийнхан энэ талаар ам ангайхгүй байгаа. Тэр бүү хэл хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан 400 гаруй гэмт хэргийн хэд нь авлига, албан тушаалын гэмт хэрэг байна вэ гэдэг судалгаагаа ч дэлгээгүй.
Хуулийнхан нь хууль тогтоогчдоосоо айгаад дэлгэдэггүй юу, эсвэл хаацайлах сонирхол байдаг уу, бүү мэд.
Уг нь бол энэ талын мэдээллийг олон нийтэд илүү дэлгэрэнгүй, нэртэй устай нь зарлаж гэмээнэ ард түмэн мэдээлэлтэй болно. Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд нь ялаас мултардаг, ардын хүүхдүүд нь ял эдэлдэг буруу жишгийг халахад ч нэмэртэй. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх зарчимтай болохоос биш хэсэг бүлгийг нь хаацайлдаг байж таарахгүй.
УИХ -аас 2005, 2008, 2015 онд тус бүр Өршөөлийн хууль батлахад "цагаан захтан"-ууд давхар хамрагдаж, шоронгоос суллагдаж байжээ. Харин энэ удаад эрх баригчдыг Эрүүгийн хуулийг хэлэлцэн батлах хугацааг гишүүдийн ирц бүрдэхгүй байна шалтгаанаар хойшлуулахдаа авлига, албан тушаалтнуудыг ялаас чөлөөлөх хийдэл гаргахгүй байхад анхаарлаа хандуулж ажиллахыг Монголын ард түмэн хүсэж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ