Ард түмэндээ“Хасар” Жагаа хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрбээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсны халааг авч, өвлийн өвөө болоод удаж буй. Өвлийн өвөө хэмээх эрхэм хүндтэй энэ ажлыг 2004 оноос хойш 16 дахь жилдээ хийж байгаа ажээ.
Хүүхдийн ордны авьяаслаг багачууд дунд өвлийн өвөө маань энгийн хувцастай алхаж, тэдэнтэй яриа өрнүүлэн сууна. Ингээд шинэ жилийн баярын өмнөхөн өвлийн өвөөтэй ярилцсанаа хүргэж байна.
-Шинэ жилийн хамгийн хүндтэй зочин бол өвлийн өвөө. Тэр ч утгаараа та нэлээд завгүй яваа байх. Их ажлын хажуугаар цаг зав гаргаж, ярилцаж байгаад баярлалаа?
-Шинэ жилийн баяр үнэхээр сайхан. Арваннэгдүгээр сараас баярын уур амьсгал орж, бэлтгэлээ хийж эхэлсэн. Миний ойлгож байгаагаар өнгөрч буй хуучин оныхоо алдаа оноо, амжилт бүтээлийг дүгнэн, ирж байгаа шинэ оныхоо зорилгыг ярьж хэлэлцдэг сайхан баяр. Хүн бүрийн сэтгэл догдолж, хүсэн хүлээдэг баярын нэг. Мэдээж, өвлийн өвгөнөө шинэ жилийн баяртаа урьж байгаа албан газар олон байна.
Миний хувьд арванхоёрдугаар сар гаргаад уяачид морио уядаг шиг дээл хувцсаа бэлтгэн, цэвэрлэж эхэлдэг. Хүмүүс арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө надтай утсаар ярихдаа “Хасар Жагаа мөн үү” гэдэг. Харин тэрнээс хойш утсаар ярихдаа “Өвгөн Жагаа мөн үү гэдэг юм./инээв/
-Та хэд дэх жилдээ өвлийн өвгөн болж байна вэ?
-Би чинь 2004 оноос хойш гэхээр 16 дахь жилдээ өвлийн өвгөн болж байна. Эргээд харахад багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ үүрэгт ажлыг хийж эхэлсэн цаг саяхан юм шиг санагдаж байна.
-Анх өвлийн өвгөн болсон дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Өмнө нь энэ тухай дурсамжаа зөндөө л ярьсан. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайгаас хойш “Харшийн сүлд модны наадмын өвлийн өвгөний үүрэгт ажлыг хэнээр хийлгэх вэ” гэж сонгон шалгаруулалт явуулан юм билээ. Тэгээд над дээр тогтсон юм шиг байгаа юм. Анх энэ талаар утсаар ярьж санал тавихаар нь “Би ч түр байж байгаад хариугаа хэлье” гэлээ. Тухайн үед 2004 онд дөнгөж 40 нас хүрч явсан. Залуу ч байлаа. “Ер нь залуу хүн арай ч өвгөн болох болоогүй байна даа” гэж бодоод гэртээ ирээд Уугийтайгаа зөвлөлдсөн. Тэгсэн манай хүн “Жагаа чи юу ярьж байгаа юм. Энэ чинь их хүндэтгэлтэй ажил. Тэр том агуу жүжигчин хүний ард түмнийхээ дунд бий болгосон өвлийн өвгөний дүрийг залгамжилж авна гэдэг олдошгүй хувь тохиол шүү. Чи зөвшөөрөхөөс өөр аргагүй” гэж хэлсэн. Маргааш нь би өөрөө утасдаад “Би хүлээн зөвшөөрөлгүй яах вэ” гэсэн. Ингэж л албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн.
Тэр үедээ Г.Гомбосүрэн гуайн гэрт нь очиж, бурханд нь хадаг, сүү барьж сайхан дүрийг нь залгамжилж авсан. Ер нь Г.Гомбосүрэн гуайг 50 жил өвлийн өвгөн болсон гэж ярьдаг. Би одоо энэ хугацааны дөрөвний нэгд л хүрч явна даа.
-Таны өвлийн өвгөний нөмрөг Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсных уу?
-Тийм. Надад Г.Гомбосүрэн агсны өөрийнх нь өмсч байсан хувцсыг өгсөн юм. Би эхний хоёр жил дээл хувцас, нөмрөг, малгайг нь өмсч, үс, сахлыг нь хэрэглэж явсан. Яагаад ч юм тэр хүний буян шингэсэн дээлийг өмсөнө гэдэг маш том зашаан. Гурав дахь жилээсээ өөртөө таарсан дээл хувцсыг хийлгэсэн. Харин мөнгөн саатай усан цэнхэр нөмрөгийг өнөөдрийг хүртэл хэрэглээд явж байгаа. Ер нь яг тийм нөмрөг Монгол Улсад ганцхан л бий.
-Хүүхдүүдийн хувьд өвлийн өвгөнийг хэр итгэл үнэмшилтэй хүлээн авч байна вэ?
-Өвлийн өвгөн болоход сайн сайхан дурсамжтай үйл явдал олон тохиодог. Хүүхдүүдтэй хөгжилдөж, баяр цэнгэлийг хуваалцана. Тэр болгонд хүүхдүүд сахал, үснээс барих тохиолдол ч бий. Ер нь өвлийн өвгөнийхөө дүрд хувираад гараад ирэхэд хүүхдүүд гэлтгүй томчууд ч их сайхан итгэл үнэмшлээр хүлээж авна. Тэр нь их сайхан санагддаг. Үүнийгээ дагаад маш том хариуцлага ирдэг. Өвлийн өвгөн бүх хүмүүст сайн сайхныг бэлгэдэж, ерөөж байгаагаараа бүр ч гайхамшигтай сайхан дүр төрх байгаа юм. Дурсамжтай сайхан явдал олон бий.
-Таны сэтгэлд хоногшин үлдсэн шинэ жилийн баяр гэвэл?
-Нэгэн байгууллагын шинэ жилд уригдсан чинь тэр байгууллага баярын үдэш нас өндөр гарсан өвөөг урьсан юм билээ. Тэгээд л би тэр өвөөг “Миний хүү ирж, бэлгээ ав” гэж дуудаад “За миний хүү өвөөгийнхөө насыг аваарай” гэсэн чинь тэр өвөө “Алив өвөө нь үнсье гээд намайг үнссэн. Хүмүүс бөөн инээд хөөр болж билээ. Тэгснийхээ дараа тэр өвөө хөөрхий бараг л нүдэнд нь нулимс цийлгэнүүлээд"Өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаа нь надад мөнх нас хайрласантай адилхан юм боллоо” гэж хэлж байсан.
Бас нэг шинэ жилийн баяраар хараагүй байж байгаад хараатай болсон нэг хүүхэд анх удаа өвлийн өвгөн хараад, бөөн баяр болсон юм. Тэр хүү маань үс, сахлыг маань илж, үзээд л… Тэр мөч надад их сайхан сэтгэгдэл үлдээсэн байдаг.
-Шинэ жилийн баярын чимэглэл, бэлгэ тэмдгүүд ихэвчлэн Санта клаус болжээ. Монгол өвлийн өвгөний онцлог нь юу вэ?
-ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод 2008 оноос хойш манай өвлийн өвгөнтэй төстэй өвгөн гарсан юм билээ. Тэр өвлийн өвгөн нь шинэ жилийн баяраар биш цагаан сараар гардаг. Жишээлбэл, Буриадын өвлийн өвгөн хүзүүндээ эрх зүүж, цагаан өвгөний дүрээс санаа авч хуулбарласан байдаг. Гэхдээ зөвхөн цагаан сараар хүүхдүүдэд ганц, нэг чихэр өгч, гарыг нь цайлгадаг.
Харин манай улсын өвлийн өнгөний онцлог нь цагаан өнгийг их эрхэмлэн дээдэлж, усан цэнхэр өнгийг бэлгэддэг. Энэ нь ариун цагаан сэтгэл өвөртлөн ирж буйг илтгэнэ. Намирсан цэнхэр нөмрөг нь мөнх хөх тэнгэрийг бэлгэдэнэ. Тэгээд л өвлийн өвгөн маань монгол гутал, улаан залаат малгай, намираа цэнхэр нөмрөгтэй жинхэнэ монгол өвлийн өвгөн гэдгээрээ онцлог. Намайг Улаан-Үд хотоос гурван жил шахам баяртаа урьсан. Тэнд жил бүр орон орны өвлийн өвгөн урилгаар очдог юм билээ. Миний хувьд нэг удаа очиж байсан.
-Өвлийн өвгөний дүрд хувирахдаа хэр хугацааг зарцуулдаг вэ?
-Би өөрөө бүх зүйлсээ бэлдчихнэ. Хувцас хунар, будаг шунх, үс гэзгээ аваад өөрөө янзлаад гардаг. Тайзны ард жүжигчид хэрхэн бэлтгэдэг билээ. Тэрэнтэй адилхан гэсэн үг.
-Төв талбай дээр олон хүн цугларч, шинэ оноо угтан авдаг уламжлалтай. Таны хувьд хэд дэх жилдээ Төв талбай дээр шинэ оноо угтах гэж байна вэ?
-Он солигдох мөчид Төв талбай дээр сүүлийн хэдэн жил нийслэлчүүдтэйгээ хамт шинэ оноо угтан авсан. Их сайхан байдаг юм. Бас л сайхан бэлгэдлийн үгээ хэлнэ гэдэг сайхан шүү дээ.Өвөл л бол өвөл шүү дээ. Мэдээж шөнө гадна талбайд хүйтэн байдаг. Миний хувьд сүүлийн зургаа, долоон жил гэртээ шинэ жилийн баяраа тэмдэглээгүй юм байна.
-Гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг бол?
-Манай хүүхдүүд, ач, зээ нар маань цугларч, шинэ жилийнхээ баярыг тэмдэглэдэг. Манай том хүү арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн учраас төрсөн өдрийг нь хамтдаа тэмдэглэнэ. Тэгээд он гарахын өмнө гэр бүлээрээ цуглаж, баяраа тэмдэглэчхээд, өвлийн өвгөн аав нь “Баяртай хүүхдүүд минь. Цэнхэр дэлгэцээр уулзацгаая” гээд л явдаг.
Манайх нэг хүү, хоёр охинтой. Хоёр том нь тусдаа амьдралтай болсон. Бид хоёр ач, хоёр зээтэй болж, би жинхэнэ өвөө болсон шүү дээ. Бага охин маань энэ жил 12 дугаар ангиа төгсч, аав, ээжийнхээ жүжигчин мэргэжлийг өвлөхөөр шийдсэн. Одоо өөрийгөө бэлдэж байгаа. Ирэх жилээс охин маань жүжигчний мэргэжлээр суралцах байх.
-Саяхан бага охин нь шагнал авч байсан шүү дээ?
-Энэ онд нийслэлээс зохион байгуулсан “Бидний театр” нэртэй театрчилсан уралдааныг зарласан. Тэр уралдааны үеэр “Хайрлахын учир” жүжгийн гол дүрд тоглож, “Эмэгтэй гол дүр”-ийн шагнал авсан. Бид хоёр үнэхээр их баярласан. Охин маань 10 жилийн сурагч байхдаа ч янз бүрийн уралдаанд оролцож өөрийгөө сорьдог байсан. Ер нь өөрт нь дотоод сэтгэлийн нөөц байгаа юм болов уу даа.
-Нэг хачин асуулт асуучих уу. Та "Хасар" Жагаа, өвлийн өвөөгийн дүр хоёрынхоо алинд нь хайртай вэ?
-Би ийм асуулттай таарч байгаагүй юм байна. Яахав хүмүүс тэгж ярихыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ мэдээж ард түмнээс хайрласан эрхэм хүндтэй хоёр дүрдээ маш их хайртай. Үзэгчид маань анх намайг “Мөнх тэнгэрийн дор” уран сайхны кино тоглосны дараагаар “Хасар” Жагаа гэж нэр хайрласан. Жүжигчин хүнд тэр болгон олдоод байхгүй цол шүү дээ. Харин өвлийн өвгөний хувьд алдарт жүжигчин Г.Гомбосүрэн гуайгаас өвлөж авсан цол гэж боддог.
Би хэчнээн жил өвлийн өвгөнийхөө ажлыг хийхийг хэлж мэдэхгүй байна. Энэ бие маань эсэн мэнд байсан цагт үүрэгт ажлаа хийсээр л байх болно.
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ