Хонгконгийн үймээн Монголын "luxury" зах зээлийн боломж

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

Хонгконгийн үймээн Монголын "luxury" зах зээлийн боломж

Хонгконгийн үймээн Монголын "luxury" зах зээлийн боломж

Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Армен, Тувалу, Шри-Ланкаас ч доогуурт жагсдаг. Мөн Монголын цорын ганц жинхэнэ хот буюу нийслэл Улаанбаатар нь дэлхийн хамгийн бохир, хамгийн хүйтэн хэмээн нэрлэгддэг. Магадгүй тиймдээ ч дэлхийн чихэнд тансаг, дээд зэргийн гэх тодотголууд Монгол гэдэг нэртэй наалдаж сонсогдох нь тун ховор гэхээс ч цөөн байдаг байх. Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн том дээд зэргийн брэндүүд Монголыг сонирхох болжээ. Түүнчлэн Хонгконгод болж буй хямрал, мөргөлдөөн Монголд ашигтай байж болох юм.

Олон жилийн турш Монгол Улсын эдийн засаг нь уул уурхай, ялангуяа зэс олборлолтоос хамааралтай байж ирсэн билээ. Үүнийгээ ч дагаад Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнэ хэлбэлзэлд өртөмтгий байдаг. Харин сүүлийн үед БНХАУ-ын иргэдийн амьдрал дээшлэхийн хэрээр аялал жуулчлалын эрэлт нь өсч, тансаг хэрэглээтэй болсон нь Монголын эдийн засагт нэгэн шинэ тулгуур нэмэгдэх найдлага төрж байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Rolex, Versace, Burberry, Gucci зэрэг дэлхийн нэртэй брэндүүд Монголд дэлгүүрээ нээсэн. Худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгууд, тухайлбал Шангри-Ла Молл зэрэг барилгууд сүндэрлэх болжээ. Үүний зэрэгцээ 2018 онд Монголд ирсэн Хятадын жуулчдын тоо 19 хувиар өсч, тансаг хэрэглээний бүтээгдэхүүний худалдаа 15 хувиар өссөн байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү өсөлт нь дан ганц дотоодын хүчин зүйлээс хамаараагүй аж. Нийт жижиглэн худалдаа 22 хувиар өсч 2,9 тэрбум ам.долларт хүрсэн тооцоог шинжээчид гаргажээ.

Аялал жуулчлал, аялангаа худалдан авалт хийх гэх шинэ төрлийн тансаглалаас олон улсын олж байгаа ашгийн гуравны нэг нь БНХАУ-ын иргэдийн халааснаас гардаг хэмээх тооцоо бий. 2019 оны эхний хагаст Хонгконгод эсэргүүцлийн жагсаал, үймээн эхэлснээр Монгол Улсад ирсэн нийт аялагчдын 3/2-оос их хувийг хятадууд эзэлжээ. Харин Хонгконгод очих эх газрын Хятадын жуулчдын тоо 42 хувиар буурсан байна. Хятадын жуулчид дэлхийн тансаг хэрэглээний зах зээлийн гурав дахь гол худалдан авагчид байдаг.

Харин ирэх жил Хонгконгод тансаг зэрэглэлийн брэндийн борлуулалт 30-60 хувь буурна гэж шинжээчид таамаглаж буй. Тиймдээ ч БНХАУ-ын жуулчид хойд хөршөө илүү сонирхох нь дамжиггүй бөгөөд үр дүнд нь тансаг зэрэглэлийн брэндүүдийн Монгол дахь борлуулалт гайхалтай ихээр өснө гэсэн үг юм.  Хятадын эдийн засаг удааширч байгаа ч, тансаг хэрэглээний бүтээгдэхүүний эрэлт өссөөр байгаа гэж Бээжин дэх дижитал стратеги фирмийн үүсгэн байгуулагч Томас Клейн хэлжээ. БНХАУ дэлхийн тансаг брэндүүдийг хөдөлгөгч гол хүч байсаар байх бололтой" гэв.

Монголчууд ч энэ боломжийг цаг алдалгүй харсан бололтой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БНХАУ-ын жуулчдыг татахын тулд хэд хэдэн чухал алхам хийсэн байна. Жишээ нь өнгөрсөн жилээс эхлэн аялал жуулчлалын салбарт ажиллаж буй монголчуудад Мандарин буюу Хятад хэлийг үнэ төлбөргүй зааж эхэлсэн байна. Мөн Улаанбаатар хотыг аялал жуулчлалын төв цэг болгон тодруулахаар ӨМӨЗО-ы нутгуудад "Соёл, аялал жуулчлалын өдрүүд" цуврал арга хэмжээ зохион байгуулсан байна. Үүгээр ч зогсохгүй БНХАУ-ын жуулчдад онцгойлон зориулж, мотоспорт фестиваль зэрэг олон спортын арга хэмжээ зохион байгуулжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн Улаанбаатарт төвтэй хөрөнгө оруулалтын компанийн түнш тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэх мэт өндөр ач холбогдолтой хүчин зүйлсийг дэмжихийн тулд дээрх бүхнийг хийх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцлоод "Монголын дотоодын хэрэглээний зах зээл нь эдгээр брэндүүдийг урт хугацаанд тогтвортой байлгаж чадахааргүй бага. " хэмээжээ.

McKinsey & Company байгууллагын мэдээлснээр 2018 онд л гэхэд Хятадын худалдан авагчид тансаг хэрэглээний бараанд 115 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Энэ нь 2025 он гэхэд 170 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд ирэх зургаан жилийн хугацаанд зах зээлийн өсөлтийн 65 хувийг Хятад хэрэглэгчид дангаараа эзэлнэ гэсэн судалгааг танилцуулсан байна.

Эдгээр тооцоо нь Монгол Улсад ашигтайгаас гадна БНХАУ-ын жуулчдад ч хэрэгтэй. Эдгээр тооцоо нь Хятадын жуулчдыг татахын давуу талыг харуулж байна. Учир нь БНХАУ-ын тансаг хэрэглээний бараанд төлсөн мөнгөний 70 гаруй хувийг гадаадад аялж яваа жуулчдын худалдан авалт эзэлдэг. Гэтэл тэдний аялж яваа томоохон хотууд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүндээ 56 хувийн татвар ногдуулдаг. Наймдугаар сарын байдлаар Францад зарагдаж буй тансаг хэрэглээний бараа Хятад дахь ижил бараанаас 33 хувиар өндөр үнэтэй байжээ.

Урьд нь Хонгконг дэлхий дээрх хамгийн бага татвартайгаараа алдартай байсан ба Хятадын жуулчдын зорих гол газар байжээ. Гэвч ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцэл, жагсаал энэ бүхнийг орвонгоор нь өөрчилсөн. Санхүүгийн мэдээллийн Jefferies компанийн тооцоолсноор  бол Burberry-гийн Хонгконг дахь борлуулалт энэ жил ердөө 122 сая ам.долларт хүрэх ёстой байв. Гэвч цаг, үнэт эдлэлийн худалдааны салбар хямарч, гуравдугаар улирлын борлуулалт 47 хувиар буурсан байна.

Улаанбаатар Хонгконгийг бодвол Бээжинтэй ойр бөгөөд Монгол Улсын борлуулалтын татвар ердөө 10 хувь, мөн тансаг зэрэглэлийн нэмэлт татваргүй. Бээжинд ажиллаж, амьдардаг Жанет Юү хямрал эхлэх хүртэл Хонгконгод ойр, ойрхон очиж алдартай дизайнеруудын хувцас, үнэтэй гоо сайхны бараа худалдан авдаг байжээ. Харин Хонгконгт хямрал гарч, тансаг брэндийн хувцас, гоо сайхны бараагаа худалдан авах боломжгүй болсны дараа Япон, Солонгос зэрэг улсууд руу зорчиж, хэрэглээгээ хангадаг болжээ. Гэхдээ түүний хувьд Монгол Улс илүү хялбар сонголт байгааг ухаарчээ. "Хэрвээ Монгол дэлгүүрүүд надад таалагдах дээд зэрэглэлийн оригинал бараа зардаг бол би дуртайяа Монгол руу явахсан. Улаанбаатар бол ойрхноос гадна надад бусдын нэг их очоод байдаггүй газраас худалдан авалт хийх санаа их таалагддаг" хэмээн ярьжээ.

Мэдээж Улаанбаатарыг Хонгконгтой харьцуулах аргагүй. Гэвч Хонгконг хямралаас гарч, байдал тогтворжих найдлага бага байна. Харин ашигт малтмалаас хараат хэвээр байсаар буй Монголын эдийн засагт Хонгконгийн энэ тогтворгүй байдал шинэ хөдөлгөгч хүч болох боломжтой.

Ямартай ч одоогийн байдлаар итгэл найдварын оч тод гялалзаж байна. Азийн хөгжлийн банк Монгол Улсын энэ 2019 оны эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь гэж төсөөлснөө 6.1 хувь болгож нэмэгдүүлжээ. Монгол Улс 2018 онд 598 мянган жуулчин хүлээж авсан бол 2020 онд нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөж байгаа . Түүнээс гадна Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрүүдээс судалгаа авахад, таван дэлгүүр тутмын дөрөв нь ирэх 2020 онд зарах барааныхаа төрөл болон тоог нэмэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Энэ бүхэн бол Монголын хувьд Хятад улсын тансаг зэрэглэлийн хэрэгцээг хангах хамтын ажиллагааны ердөө эхлэл болох юм. Өргөн уудам тал нутаг, говь цөл, нүүдэлчин малчдын нутаг Монгол улс цүнхний гайхалтай загварууд, тансаг цаг, үнэт эдлэл, Монгол гутлаараа дэлхийд алдартай болох цаг ойрхон байгаа бололтой.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: ozy.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж