Сонгуулийн тогтолцоо биш санал чухал

Хуучирсан мэдээ: 2019.12.23-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Сонгуулийн тогтолцоо биш санал чухал

Сонгуулийн тогтолцоо биш санал чухал

Парламентын ээлжит сонгууль болгоны өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг жишиг Монголын төрд тогтоод удаж байна. Энэ нь буруу зүйл биш ч гэлээ бас сайн зүйл ч биш. МАН-ын үнэмлэхүй олонх бүхий Г.Занданшатарын парламент ч энэ жишгээс гажсангүй.

Өмнөх 2016 оны сонгууль Сонгуулийн нэгдсэн хуулийн дагуу явагдсанаараа онцлогтой байсан. Харин ингэж нэгдсэн хуулиар явуулах нь амьдрал дээр зохимжгүй байна гэсэн саналыг Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ 2016 оны сонгуулийн дараа санал гаргаж, улмаар Сонгуулийн нэгдсэн хуулийг задалж, буцаан УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн хууль болгон салгасан.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал үүсэх тоолонд хамгийн анхаарал татдаг зүйл нь сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах тухай байдаг. Монгол Улс 1992 оноос хойш парламентын сонгууль явуулж эхэлснээс хойш жижигсгэсэн болон томсгосон мажоритар тогтолцоог түлхүү хэрэглэж ирсэн байдаг. Ганц удаа буюу 2012 онд пропорциональ, мажоритарыг хослуулсан холимог тогтолцоог хэрэглэсэн. Бусад зургаан тохиолдолд мажоритарыг сонгосон бөгөөд үүний дөрөв нь жижигсгэсэн мажоритар буюу нэг мандаттай 70 тойргоор явуулжээ. Харин хоёрт нь буюу 1992, 2008 онд томсгосон мажоритараар сонгууль явуулсан.

Өнгөрсөн долоо хоногт баталсан Сонгуулийн хуулиар ирэх 2020 оны парламентын сонгууль нь томсгосон мажоритар томсгосон 26 тойргоор явагдах болж байна.

Сонгуулийн пропорциональ болон мажоритар тогтолцоо дангаараа болон эдгээрийн элементийг хольсон маш олон хувилбарыг дэлхийн улс орнууд өөр өөрсдийн онцлогт тохируулан ашиглаж байна. Сонгосон хувилбар болгонд эерэг болон сөрөг үр дагавар бий.

Монголчуудын түлхүү хэрэглэж ирсэн жижигсгэсэн мажоритарын хувьд сонгогч, парламент хоёрын эргэх холбоо сайн, сонгогчдын хүсэл, сонирхол УИХ-ын сонорт хүрэхэд дөхөм боловч Монголын тохиолдолд тойргийн явцуу сонирхлыг түрүүнд тавих, төсвийн нэгдсэн бодлогыг алдагдуулж, гишүүн болгон тойргийн сонгогчдодоо таалагдахын тулд төсвийн хөрөнгөөр хувийн тоглолт хийх явдал хавтгайрсан. Хамгийн том сөрөг тал нь хөгжлийн нэгдсэн бодлогыг алдагдуулж байгаа явдал. Жижигсгэсэн тойргийн өөр нэг сөрөг тал нь сонгогчдын өгсөн санал гээгддэг явдал. Үүний хамгийн тод жишээ нь 2000 оны сонгууль. Тус сонгуулиар МАХН сонгогчдын 50.03 хувийн санал авсан ч парламентын 76 суудлын 72-ыг, харин Ардчилсан хүчнийхэн сонгогчдын 40 гаруй хувийн санал авсан ч гуравхан суудал /үүнээс гадна нэг бие даагч/авч байсан тохиолдол бий.

Энэ удаад сонгосон томсгосон тойргийн тогтолцоо нь жижигсгэсэн тойргийн сөрөг талыг арилгах ач холбогдолтой. Мөн сонгогчдод жижигсгэсэн хувилбартай үед сонголтгүйгээр ганц сонголтыг тулгадаг бол сонгогч хэд хэдэн хүнд саналаа өгөх боломжтой. Жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан л сонголт хийдэг бол олон мандаттай системийн үед сонгогч зөвхөн аль нэг нам, нэр дэвшигчийн төдийгүй өөр нам, нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх боломжтой гэсэн үг. Мөн нэг намын нэр дэвшигчид сонгуулийн зардлаа хамтдаа босгох боломжтой учраас эдийн засгийн хувьд ашигтай. Нэр дэвшигчдийн хувьд гол өрсөлдөөн нам дотроо явагдана.

Холимог тогтолцоог сонгосон үед сонгогчийн санал гээгдэхгүй, намуудын бодит рейтинг сонгогчийн саналаар илрэх магадлал өндөр ч парламентад олонх бүрдэхгүй байх сул талтай.

Ийнхүү сонгуулийн тогтолцооноос гадна энэ удаагийн хуульд хэд хэдэн зарчмын өөрчлөлт орлоо. Тухайлбал,

  • Сонгуулийн сурталчилгааг 18 хоног болгон богиносгосон байсныг дөрөв хоногоор нэмэгдүүлж, 22 болголоо.
  • Хандивын хэмжээ иргэн гурван сая байсныг таван сая, аж ахуй нэгж 15 сая байсныг 20 сая болгон нэмэгдүүллээ.
  • Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан иргэн сонгуульд нэр дэвших эрхгүй
  • Сүүлийн хоёр сонгуульд санал өгөх эрхийг гадаад оронд амьдарч байгаа монголчуудад олгож байсан хувилбараас энэ удаад татгалзлаа.

Гэхдээ ямар ч тогтолцоог сонгосон бай сонгуулийн зардал, сурталчилгаа, санал хураалтын явцад тавих хяналт ил тод байх нь л сонгуулийг цэвэр, ардчилсан байдлаар явуулахад нөлөөлөхөөс биш аль нэг тогтолцоог сонгоод л бүх зүйл хүссэнээр болчихгүйг дэлхийн туршлага харуулдаг.

Улстөрчид, ялангуяа эрх баригчид зөвхөн өөрт ашигтай хувилбарыг сонгохыг улайрах нь гэм биш зан, харин энэ улайрлыг зогсоох ганц хүч нь сонгогчдын санал.

Улс орныг улстөрчид цөлмөж байна гэж сошиалаар сараачиж таашаал авахын оронд үнэхээр идээчин, уугаачин улстөрчдөөр удирдуулж дөрлүүлмээргүй л байгаа бол улс төрийн идэвхтэй байдлыг сонгохоос өөр гарц үгүй. Мөрийн хөтөлбөрийг нь унш, өмнө нь юу амлаад юу хийснийг эргэцүүл, сонссон, уншсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хий. Сонгогч та саналаа ухамсарлаж хийсэн нөхцөлд сонгуулийн тогтолцоо тийм ч чухал биш. Зургаа тэрлэсэн аяга таваг, шанага, бидон мэтэд битгий хуурт гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж