Зөвшөөрөлгүй зогсоол, зам дээр автомашинаа байршуулсан иргэдийн машиныг ачдаг компаниуд ирэх долоо хоногоос жолоочийн дугаарт мессеж илгээх үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм байна. Жолооч зөвшөөрөлгүй газар автомашинаа байршуулсан бол жолоочийн гар утсанд мессеж илгээж, ямар нэг хариу үйлдэл хийгээгүй бол автомашиныг шууд ачих зохицуулалттай болж байгаа аж. Энэ талаар Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар "Холбоо дөрөвдүгээр сараас хойш маш эрчимтэй ажиллаж байгаа. Бүх ачигч автомашиныг хувийн болон баазын дугаартай болгосон. Одоо холбооны зүгээс дөрвөн оператор компанитай ярилцаад мессеж тусгай дугаарыг гэрээ хийгээд авсан. Программ хийлгээд холболтын ажил явагдаж байна. Ирэх долоо хоногоос иргэдийн автомашины цонхны шилэн дээрх утасны дугаар руу автоматаар мессеж очдог болно" гэжээ.
Хэрэв ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан иргэн хохирол амссан бол Нийслэлийн автозамын хөгжлийн газрын утсанд болон цахим хуудсанд өргөдлөө гаргах боломжтой аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ