News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАВ
2015 онд нэгтгэсэн байсан сонгуулийн тухай хуулийг МАН тус тусад нь салгаж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулиа батлав. Ингэхдээ хуульд хэд хэдэн онцлох заалт оруулсан юм. Тухайлбал, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял авсан бол УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэсэн заалтыг хуульд оруулав. Энэхүү заалтыг ажлын хэсэг дээр хассан ч байнгын хороон дээр дэмжиж, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтнүүд хуульд хүний эрх зөрчсөн сонгох, сонгогдох заалтыг зөрчсөн хэмээн МАН-ынханд сануулж байв. Гэвч байнгын хороон дээр унагасан заалтыг чуулганы хуралдаан дээр гишүүд дэмжсэн учраас Н.Энхбаяр мэтийн авлига холбогдоод ял авсан хүмүүс нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Энэхүү заалттай холбоотой 2008 онд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан байдаг бөгөөд хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж болохгүй гэсэн утга бүхий дүгнэлт байдаг. Тиймээс МАН энэ удаад сонгуулийн хуулиар Үндсэн хуулийн Цэцэд дуудагдаж, сонгуулийн хууль маргаан үүсгэж болзошгүй нөхцөл үүсээд байна. Түүнээс гадна эмэгтэй улстөрчдийн зүгээс эмэгтэйчүүдийн квотыг 30 болгохыг шаардаж, тэмцсэн ч 20 хувь хэвээр нь үлдээсэн юм.
УИХ-ЫН НЭГ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН УУ?
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн гэх мэдээлэл байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-аас шалгаж буй. Тодруулбал, түүнийг Дорнод аймаг дахь компанид 200 сая төгрөгийн зээлийг албан тушаалаа урвуулан ашиглан шийдэж өгсөн байж болзошгүй гэж шалгаж байгаа аж. Энэ хэрэгт АТГ-аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Харин өнгөрсөн долоо хоногт түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг АТГ-аас УИХ-д хүргүүлсэн бөгөөд хуулийн дагуу прокурор энэхүү саналыг ирүүлэх ёстой хэмээн буцаагдсан гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.
ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ОЛГОХГҮЙ
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан 40 хүнтэй Ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллан 2889 тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх юм. Үүнийг иргэд, төрийн байгууллагууд ашиглах боломжтой. Цаашид хариуцлагатай уул уурхай эрхлэхтэй холбоотой хууль, дүрэм, журмыг мөрдүүлэх чиглэлээр ажиллана. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр сүүлийн гурван жилд уул уурхайн 700 гаруй тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Ингэснээр 3500 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо 2889 болж буурчээ. Үүний 1664 нь ашиглалтын, 1225 нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм.
БОДЛОГЫН ХҮҮГ 11 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2019 оны Баасан гаригийн ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд, Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувьд хэвээр хадгалах, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэрийг гаргалаа. Жилийн инфляци 2019 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 5.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 5.0 хувь байна. Нийлүүлэлтээс шалтгаалсан цөөн бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт нь инфляцийн хэлбэлзлийг тайлбарласан хэвээр байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци тогтвортой байна. Цаашид инфляци Төв банкны зорилтот түвшний орчимд тогтворжихоор байна.
Экспортын үнэ харьцангуй таатай түвшинд хадгалагдаж, төсвийн зардал тэлж, томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт үргэлжилж байгаа ч гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт саарахаар байна. Ирэх онд төсвийн зардал тэлж, цалин нэмэгдэж дотоод эрэлтийг дэмжих боловч уул уурхайн салбарын өсөлт буурч, хөрөнгө оруулалтын өсөлт саарч эдийн засгийн идэвхжил тогтворжих төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлт болон зээлийн өсөлт саарч буй хандлагатай холбоотойгоор Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг бууруулах хувилбарыг хэлэлцсэн хэдий ч төсвийн гүйцэтгэл, гадаад орчны тодорхой бус байдлыг харгалзан үзээд энэ удаад бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэв. Түүнчлэн Мөнгөний бодлогын хорооноос төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах, улмаар төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийн хувийг гурван нэгж хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРНЫ ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГИЙГ НЭМЛЭЭ
Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоов. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болгож нэмэв. 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэв. Үүнийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ.
Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, зайлшгүй шаардлагатай илчлэг, шим тэжээлийн шаардлага хангасан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүн бэлдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд үүрэг болгов. 2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.
ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ДУУЧИН ЖИЖГЭЭГ НЭГ САР ЦАГДАН ХОРИВ
"Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр "мөс" хэмээн нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалж байгаад өчигдөр /2019.12.17/ баригдсан билээ. Улмаар Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Прокуророос яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд ирүүлсэн байна. Тэгвэл Б.Эрдэнэбаярыг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
П.ОРХОНЫ ЭРХИЙГ АЛБАН ЁСООР ХАСАВ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны хуудсанд П.Орхоныг 2018 оны Жакартагийн Азийн наадмын үеэр тус холбооны дагаж мөрддөг допингийн эсрэг дүрмийг зөрчиж, сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаар 2022 оны есдүгээр сарын 16-ныг/2022.09.16/ хүртэл барилдах эрхийг нь хаслаа.
CAS буюу Спортын арбитрын шүүхээс UWW буюу дэлхийн бөхийн холбооны шийдвэрийг хэвээр үлдээн баталжээ. Тамирчны шинжилгээний сорьцыг OCA буюу Азийн олимпийн консуль 2018 оны наймдугаар сарын 20-нд WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Доха хотын салбарт илгээн шинжлүүлсэн байна. Шинжилгээний хариугаар П.Орхон нь Станзопол гэх 2018 онд хориотой эмийн жагсаалтын S1.1A ангилалд бүртгэгдсэн эмийг хэрэглэсэн нь илэрчээ. Мөн Жакартагийн Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -62 кг жингийн медалийг дараах байдлаар шийджээ.
Алтан медаль: Айсулуу Тинибекова /Киргизстан/
Мөнгөн медаль: Рисако Кавай /Япон/
Хүрэл медаль: Нгуен Ти Ми Хан /Вьетнам/, Рим Жон Сим /Ардчилсан Солонгос/
Ш.ОЧ