Ганц Н.Энхбаяр авлигын загалмайлсан эцэг биш!

Хуучирсан мэдээ: 2019.12.21-нд нийтлэгдсэн

Ганц Н.Энхбаяр авлигын загалмайлсан эцэг биш!

Ганц Н.Энхбаяр авлигын загалмайлсан эцэг биш!

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталснаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шүүхээс ял сонссон хүн  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй боллоо.

Эрх баригч хүчин УИХ-д 64 суудалтай боломжоо ашиглан, эл заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан нь эр зоригийн дууль болж харагдах ч угтаа 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн “шавар хааж”, саналыг нь хувааж ирсэн МАХН-ыг ирэх оны сонгуульд хүчийг нь сулруулахын тулд лидерийг нь нэр дэвшүүлэхгүй байх арга хэмжээ авсан хэрэг.

Нэг ёсны өнгөрсөн бүх сонгуулиар ялагдсан “хонзон”-гоо Н.Энхбаяраар тайллаа гэж ч хэлж болно.

Н.Энхбаяр нь ч ганц энэ заалт дээр тахимаа өгөөд, У.Хүрэлсүхэд бууж өгөх улстөрч биш. Хуулийн байгууллагын цоожны түлхүүрийг 20 жил атгасан гэдэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн цуглуулсан баримтаас ч дутахгүй МАН-ын гишүүдийн “хар” хэргүүд МАХН-ын даргад бий гэж яригддаг.

Үнэндээ бол МАН-ынхны “но”-г төнхвөл ганц ч удаа бизнес эрхэлж үзээгүй хэрнээ тэрбумын үнэтэй хаусанд амьдарч, хадгаламжаа  хэдэн арван тэрбумд хүргэчихсэн улстөрч олон бий.

“Эрдэнэт” үйлдвэрт хийсэн  “шахаа”-наас нь эхлээд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээс МАН-ынхан тэрбум, тэрбумаар нь авч, зориулалт бусаар зарцуулсан хэрэг, тендер, концесс, 60 тэрбумын хэрэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн асуудал гээд шилээ даран үргэлжилнэ.

Уг нь УИХ-аас дээрх заалтыг баталсан дээр нь Авлигатай тэмцэх газар зоригтой хөдлөөд ЖДҮХС-тай нэр холбогдсон УИХ дахь МАН-ын бүлгийн 40 гаруй гишүүдийн асуудлыг прокурор руу шилжүүлээд, прокурор нь шүүх рүү шилжүүлээд, шүүх нь үнэн зөвөөр нь дэнслээд өгвөл УИХ-ын сонгуулийн өмнө жинхэнэ “бөмбөг” тэсэрч, ард түмэн ч сонголтоо хийхэд амар болох гээд буй.

МАХН-ынхан ч энэ заалтыг Үндсэн хуулийн цэцэд өгч, зарга үүсгэхээс илүүтэй хууль зөрчсөн үйлдлүүдийг нь илчилж, үнэн нүүр царайг нь тодруулах шаардлага байна. Тэр цагт МАХН-ын даргын төрийг хулгайчдаас цэвэрлэх цаг нь болсон гэдэг үг үнэнд илүү ойртоно.

Үндсэн хуулийн цэц рүү гомдол барьж гүйвэл МАН-ынхны эрх барьсан хугацаандаа хийсэн гэмт үйлдэл нь хуулийн байгууллагаар шалгагдаж, шүүхээр дэнслүүллээ ч хэдэн жилийн дараа дахиад л улс төрд эргэн орж ирнэ.

Иймээс хууль зөрчигчдийг улс төрөөс бүрмөсөн холдуулъя гэвэл хэн ч Үндсэн хуулийн цэц рүү гомдол барьж бүү гүй.

Хэн нь авлигач, албан тушаалаа ашиглаж хууль зөрчдөг байсан бэ гэдгийг бүгдээрээ ирэх жилийн сонгуулиар харъя.

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханы ярьсан баттай бол Монголын улстөрчидтэй холбоотой авлигын жагсаалтыг Хятад улс удахгүй дэлгэх нь.

Бизнесменүүдийг  хэрхэн хясан боогдуулж, авлига өгөхөөс аргагүй нөхцөл байдалд оруулдаг байсан тухай баримт дэлгэгдэх болов уу гэсэн хүлээлт ч  бий.

Одоо гол нь хуулийн байгууллагууд хууль эрх зүйн орчин тааруу гэж зовлон тоочхоос илүүтэй гарцаагүй байдалд оруулсан баримтуудаа дэлгээд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэйгээ тэмц.

Нэг их сүр дуулиан болгоод баривчилдаг, саатуулдаг, төд удалгүй хууль зөрчин баривчилсан болдог буруу аргаасаа салмаар байна.

Монголын төрийг авлигачдаас салгахад хуулийн байгууллагынхны хоорондын хамтын ажиллагаа, хэний ч нөлөөнд авталгүй хэргүүдийг шийддэг шийдэмгий арга барил дутагдаж байна.

Монголын төрд ганц Н.Энхбаяр авлигын загалмайлсан эцэг биш шүү. “Цоллуулсан” нь энэ хүн болохоос биш цаана нь олон хүн бий. Авлигын улмаас учирсан хохирлын хэмжээ 12 их наяд төгрөгт хүрээд буй нь энэ төрлийн хэрэг төрийг хэрхэн хэрснийг харуулах том баримт. Гагцхүү буруутай этгээдийг үнэн зөвөөр тогтоох нь хуулийн байгууллагынхны үүрэг болоод байна. Тэр цагт сонгогчид УИХ-ын сонгуулиар сонголтоо хийхэд ч тус болох учиртай.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж