Хууль, тогтоолын төслүүд, санхүү, зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталлаа | News.MN

Хууль, тогтоолын төслүүд, санхүү, зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталлаа

Хууль, тогтоолын төслүүд, санхүү, зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталлаа

Хууль, тогтоолын төслүүд, санхүү, зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталлаа
Хууль, тогтоолын төслүүдийг баталлаа
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратеги төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэцүүлгээр үргэлжлэв. 

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их-Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүнээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг батлав. 

Үргэлжлүүлэн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Ж.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авсан.

Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлторуулах тухай хуулийн төсөлд зохицуулахаар заасан асуудал нь Хууль зүйн байнгын хороонд хуваарилагдан, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж байгаа Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул уг хуулийн төслийг давхардуулан хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул  Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун төслийг анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно хэмээн Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулгадаа дурдсан. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ тодруулга авсны дараа  Байнгын хорооны саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52,6 хувь нь дэмжив. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа

Дараа нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 9 гишүүнээс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт  төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар санал хэлсэн. Гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг гишүүдэд анхааруулав. Иймд асуудлыг өргөн хүрээнд харж, нийгмийн ёс зүйг дээшлүүлэхэд цар хүрээтэй ажил зохион байгуулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.  

Ингээд Төрийн байгуулалтын Байнгын хорооны саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,4 хувь нь дэмжив. Иймд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг батлав

Хуралдаан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тус тус танилцуулав. 

Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985.000 еврогийн зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр 2017 оноос хойш ажиллаж байгаа юм. Төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулжээ.

Зээлийн хугацаа 30 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөнө. Зээлийн хүү жилийн 0.08 хувь. Үндсэн зээлийг хагас жил тутам ижил хэмжээтэй, дараалсан 40 удаагийн төлбөрөөр эргүүлэн төлнө. Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байгаа гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн Санхүүгийн хэлэлцээр соёрхон тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Энэ үеэр  асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын О.Содбилэг, Х.Болорчулуун нарын зүгээс төсөлд дурдагдсан нисдэг тэрэгнүүд дотоодод байхад зээл тавьж гаднаас шинээр авах шаардлага  байгааг тодруулахын зэрэгцээ Франц улсаас авах нисдэг тэрэгний үзүүлэлтүүүдийг лавлав.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал хариултдаа, энэ төрлийн нисдэг тэрэг монголд байгаа ч, гэнэтийн яаралтай дуудлагын үед тухайн байгууллагад хандахаар өөр үйлчилгээнд явсан байдаг. Түүнчлэн хувийн аж ахуйн нэгжид байгаа нисдэг тэрэгний төлбөрт үйлчилгээ нь  цагийн 3-5 мянган ам.доллар байдгийг онцлов. Мөн тэрбээр Франц улсаас авах нисдэг тэргүүд нь 4500 дээш өндөрт аврах, эрэл хайгуул хийх хүчин чадалтай, урсгал зардын хувьд харьцангүй бага,  эрүүл мэндийн түргэн тусламж хүртээх, аврах, эрэн хайх чиглэлийн хэрэгслээр тусгалан тоноглогдсон байдаг гэж байлаа. 

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.  

Дараа нь Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэв. 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан. Унгар Улсын Засгийн газрын зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлөгдөнө. Зээл нь хүүгүй, Олон улсын валютын сангийн аргачлалаар хөнгөлөлтийн түвшин 40.47 хувь болно гэдгийг дурдсан. 

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус урьдчилан зөвшилцсөн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулахдаа хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 52.5 хувь нь дэмжив. 

Санхүүгийн хамтын ажиллагаа, Зээлийн гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг  соёрхон баталлаа

Үргэлжлүүлэн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. 

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус тус танилцууллаа.  

Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцсон. Хөтөлбөрийн санхүүжилт болох 100 сая ам.долларыг Дэлхийн банкнаас авахаар тохиролцож, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон  Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав. 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр"-ийн хоер дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээ соёрхон тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Энэ үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулгадаа онцолсон.

 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.5 хувь нь дэмжлээ.

Дараа нь  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”- ийн тухай хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус тус танилцууллаа.  

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.70-д “Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна" гэсэн зорилт дэвшүүлсэн. Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор дээрх хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр тогтсон. Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулж, үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг 1.236 сая ам.доллар гэж тооцоолсон тул нэмэлт 236 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр болох 236.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулсан гэж төслийн танилцуулгад дурджээ. 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус урьдчилан зөвшилцсөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экслорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Энэ үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгад дурдав. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь дэмжсэн.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус тус танилцууллаа.  

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын гурав дахь удаагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны анхны хэлэлцээрийг Вена хотноо 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурж байгуулаад байгаа аж. Энэхүү 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү (жилийн) 0 хувь, зээлийн хугацаа 26.5 жил хүртэл, зээлийн үндсэн төлбөрөөс 12 жил чөлөөлөгдөнө. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт тусгагдсанаар хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, эрүүл ахуй, бохир ус, хог хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, иргэний хамгаалал, хөдөө аж ахуй, бусад нийгмийн дэд бүтцийн салбаруудын төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж төслийн танилцуулгад дурджээ. 

Хуулийн төслийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзсэн аж.  

Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Австри улс соёл, урлаг тэр дундаа теартын барилгаар мэргэшсэн. Австричуудын хувьд теарын барилга, тайзны гэрэлтүүлэг зэрэг асуудалд мэргэшсэн тул тэрхүү чиглэлд  дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байдгаа илэрхийлж байсан. Тиймээс улс орнуудаас авч байгаа буцалтгүй тусламж, зээлийг төрөлжүүлэх, чанаржуулах талаар барьж байгаа бодлого бий эсэхийг лавлав.

Сангийн сайд хариултдаа, Австрийн талаас энэ чиглэлээр санал тавьсан учир нэмэлт зээлийн хүрээнд соёлын салбаруудыг нэмсэн гэж байлаа. 

Ингээд Байнгын хорооны саналаар Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлахыг  дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх 62,5 хувь нь дэмжсэнээр чуулганы хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж