"Манай улстөрчдөд өгсөн авлигын жагсаалтаа Хятад удахгүй дэлгэнэ"

Хуучирсан мэдээ: 2019.12.21-нд нийтлэгдсэн

"Манай улстөрчдөд өгсөн авлигын жагсаалтаа Хятад удахгүй дэлгэнэ"

“Ньюс” агентлаг энэ долоо хоногийн ярилцлагаа багцлан хүргэж байна. Ярилцлагын зочноор Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, эдийн засагч С.Дэмбэрэл, Ангууч нэрээр олонд танигдсан “Mongolian Ninja Warrior”/MNW/ шоуны шилдэг оролцогч Б.Баттөр, “Moon dance”  хамтлагийн дасгалжуулагч О.Оюунбат, Соробан сампин, цээж бодлогын олон улсын тэмцээнээс алтан цом хүртсэн М.Анар нар уригдсан юм. 


"МАНАЙ УЛСТӨРЧДӨД ӨГСӨН АВЛИГЫН ЖАГСААЛТАА ХЯТАДУУД УДАХГҮЙ ДЭЛГЭНЭ”

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-Сонгуулийн тухай хууль өнөөдрийн улс төрийн анхаарлын цэг болж байна. Эрх баригч намынхан 2020 оны УИХ-ын сонгуулийг том мажоритар тогтолцоогоор явуулахаар тохиролцоонд хүрчихлээ. Та МАН-ын гаргасан хувилбарыг дэмжиж байгаа юу?

-Сонгуулийг яах гэж хийгээд байгаа нь асуудлын гол. Нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралыг эрс өөрчлөхийн төлөө сонгуулийг хийхгүй юм бол сонгууль явуулах шаардлага байхгүй. Одоо энэ нөхдүүд сонгуульд дахин ялна гэдэг ийм зарчмаар асуудалд хандаж байна. Яаж өөрсдөдөө ашигтай, хялбархан байдлаар сонгуульд ялах вэ гэдгийг хамгийн эхэнд тавьж байгаа гэсэн үг. Дээр нь сонгуулийн талаар олон нийтэд юу ч танилцуулдаггүй. Улс нийгэмд маань юу нь болж, юу нь болохгүй байна вэ гэдгийг хэлж, ярихгүйгээр сонгуулийг богино хугацаанд явуулдаг. Тэгээд иргэдийнхээ гар утасных нь дугаарыг аваад дансаар нь мөнгө шилжүүлж, сонгууль явуулдаг ийм л ажил хийж байгаа.

Том мажоритар тогтолцооны сөрөг тал нь хоёр том намын дунд өрсөлдөөн явагдана, гуравдагчид болон эмэгтэйчүүдэд халтай. Эсрэгээрээ хуучин хүмүүс дахин сонгогдох магадлал өндөр гэсэн реакцийг жижиг намууд гаргаж байгаа?

-Одоо эрх баригч нам сонгуулийн хуулийг өөрсдөдөө тааруулж хийх гэж оролдож байгааг бүгд харж байна. Ер нь бол 2020 оны УИХ-ын сонгуулиар өнгөрсөн 10 жилийн улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралаа өөрчлөхгүй юм бол Монгол Улс гүн гүнзгий санхүүгийн хямралд унана. Ирак, Африкийн араас орно гэсэн үг. Улс төр өнөөдөр хүнд нөхцөлд байгаа. Сонгуулийн хууль  яаж ч гарсан жижиг намаас гадна бие даагчид гарч ирэхэд хэцүү. Эрх баригч намын хувьд төсвийн мөнгөөр сонгуульдаа бэлтгэдэг. Асар их мөнгөөр "зодож" сонгууль хийдэг. Өөрөөр хэлбэл, та бидний татварын мөнгийг сонгуульд зарцуулна гэсэн үг. Тийм учраас сонгуулийн ямар ч хууль гарсан парламентын гадна намууд болон бие даагчдад хүндээр тусна.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээр орж унших боломжтой.


"АЛТАН БӨГЖТЭЙ ХҮНД ХҮНСНИЙ ТАЛОН ӨГӨӨД БАЙЖ БОЛОХГҮЙ"

Монголбанкны Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

ОУВС-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ

-Манай улс 1990 оноос хойш зургаа дахь удаагаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байна. Байж байгаад аврал эрж очихоос аргагүй байдалд хүрдэг байдлаас гарах ямар боломж байна вэ? 

-2012 оны эцэс гэхэд дэлхийн “супер цикл” дуусаад, эдийн засаг хэцүү болж эхэлсэн. Тиймээс өрийн удирдлагыг амжилттай хийхийн тулд 2015 онд Монгол Улс Өрийн удирдлагын хууль баталсан, 2016 оноос хэрэгжээд явж байна. Одоо манай хуримтлагдсан өр төлөх процесс 2021-2024 он хүртэл хугацаанд явагдана. Энэ бүхнийг зөв удирдахын тулд, зөв менежмент хийхийн тулд өрөө дарах, төлөх хугацааг нь хойшлуулах, өрийн бүтцийг дахин өөрчлөх, хөнгөлөлтийн нөхцөл болон хугацааг нь нэмэгдүүлэх, үндсэн болон хүүгийн төлбөрийг нь хөнгөлөх зэрэг маш олон аргыг Олон улсын валютын сангийн нэр хүндийг ашиглаж, хамтарч Монгол Улс хэрэгжүүлэх ёстой. Энэ утгаараа 2020 оны шинэ Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллахаас өөр арга байхгүй. Өөр сонголт байхгүй. ОУВС-г “хадны мангаа” гэж ойлгуулаад, бид өөрсдөө “алж өгнө” гэдэг хуурамч эх орончид байдаг л даа. Уучлаарай, бид бодлогын мэдлэг муутай. Мөн бид бодлогын их цамаан зантай. Гуравдугаарт, бидний их хөөрөлт буюу дэлхийн зах зээл дээр түүхий эдийн “салхи” аятайхан болоод ирэнгүүт бид хэтэрхий их нийгмийн хөтөлбөрүүд амалдаг. Энэ бүхэн эдийн засагтаа дарамт болдог, эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлдэг. Эсвэл бид эдийн засгийн өндөр өсөлтийн тодорхой нэг үед хууртагддаг. Энэ мэт бодлогын гэнэн байдал манай аль ч Засгийн газрын үед хавтгай, түгээмэл байсан. Тийм учраас биднийг бодвол бодлогын бичиг үсэгт илүү тайлагдсан олон улсын туршлагатай, маш олон улс орнуудад хөтөлбөр хэрэгжүүлсэн олон улсын байгууллагатай хамтарч ажиллах ёстой.

2019 онд Монгол Улсын нийт гадаад өр түүхэнд байгаагүй хэмжээнд очиж, 29.7 тэрбум ам.доллар болсон. Үүний 7.2 тэрбум нь Засгийн газрын өр. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд яаж төлж барагдуулах чигтэй байна вэ?

-Нийт гадаад өрийн 12 хувийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдын дүрмийн санд оруулсан хөрөнгө зээл гээд явдаг. Дээр нь Төв банкны төгрөг, юанийн солилцооны хувь бий. Тэр талаасаа гайгүй. Яг 7.2 тэрбумыг 2020-2024 оны хугацаанд төлөх юм. Зөв менежмент хийвэл нэг их айх асуудал биш. Би санаж байна. 2016 онд Монгол Ардын нам нэг хүнд тэдэн саяын ч бил үү, долларын өр оногдлоо гээд тэнэгтээд эхэлсэн. Хүмүүсийг өөртөө татахын тулд бид их мундаг, бид өргүй болгоно гэсэн тэнэг юм боддог. Нөгөө нам нь нэг хүнд оногдох өр тэд боллоо гээд харилцан тэнэглэлцэх юм яваад байна. Эцсийн эцэст хүн амд хуваах нь ч өөрөө утгагүй. Тийм үзүүлэлт байдаггүй. Өр, дотоодын нийт бүтээгдэхүүний орлого, татварын орлого ч гэдэг юм уу, өрийн зохистой байдлын үзүүлэлтүүд гээд манай Өрийн удирдлагын хуулинд байгаа. Энэ дагуу өр нь зохистой байна уу, үгүй юу гэдгийг улирал болгон хянадаг баг Сангийн яам, Монголбанк, ОУВС-д бий. Тэд Монгол Улсын өрийн тогтвортой байдал алдагдах нь уу, үгүй юу. Энийгээ юугаар төлөх вэ, валютын орлого нь яаж орж ирэх вэ, гадны хөрөнгө оруулалт нь яах вэ, экспорын орлого ямар болох вэ гээд хянана. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалтаа хөөж болохгүй. Үндэстэн дамнасан корпораци, нэг улсын нөлөө гэсэн юм ярьж болохгүй. Хөрөнгө оруулалтаа урь. Ингэхийн тулд хөрөнгө оруулалтынхаа орчныг сайжруул. Орчныг нь сайжруулна гэдэг маань гадны хөрөнгө оруулагч орж ирчихээд шоронд суучихдаггүй, хүний эрхийн хувьд эрхийг нь зөрчдөггүй, гадуур явж байхад нь тархийг нь хагалчихдаггүй л байх хэрэгтэй. Монголын иргэд амар тайван амьдраад, бизнес хийдэг шиг тийм нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Жил бүр Дэлхийн банкнаас гаргадаг бизнесийн эргэлтийн индексээр манайх бүр ухарчихсан байна. Дээр нь манай энэ засаглал их данхайсан, том толгойтой болсон байна. Засаглалынхаа том толгой энэ тэрийг багасгах хэрэгтэй. Төр эдийн засагт хэт их оролцож болохгүй. Энэнээс болоод авлига өснө. Авлигын төсөөллийн индексээр манай улс ухарчихлаа. Реформ хийгдэхгүй байгаа учраас “Тэд идэж уугаад байна. ЖДҮ-чингүүд гараад ирлээ” гэх мэт мэдээллүүд хүмүүст төрийг үзэн ядах ойлголт төрүүлж, авлигын төсөөллийг нь улам муутгах ойлголт л өгнө. Энийгээ л боль гэсэн үг.

Дэлгэрэнгүйг  ЭНД линкээр орж унших боломжтой.


АНГУУЧ: НАДАД ЯМАР БҮСГҮЙ ТААЛАГДДАГ ГЭЭЧ!

“Mongolian Ninja Warrior”/MNW/ шоуны шилдэг оролцогч Б.Баттөртэй ярилцлаа. Ангууч нэрээр олонд танигдсан энэ залуу санхүүч мэргэжилтэй ч тулааны спортоор хичээллэдэг. MNW шоунд оролцсоноор хэр чадварлаг нэгэн болохоо харуулаад амжсан юм. Өдгөө 25 настай энэ залуу өөрийн гэсэн үзэл бодолтой, шулуун шударга яриатайгаасаа болж бусдын “зэвүүг” хүргэх нь ч бий. Гэлээ ч тэр өөрийн зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд бусдаас илүү хөдөлмөрлөсөөр байна.

–MNW-д оролцсон дугаарыг нь үзсэн, бусад оролцогчдоос хавьгүй илүү санагдсан. Чадварыг чинь бишрэхээс гадна энэ бүхэнд маш их хөдөлмөр, бэлтгэл зарцуулжээ гэж харж байлаа. Тэмцээнд хэр их бэлтгэсэн бэ?

-Баярлалаа. Багадаа гадаадад зохион байгуулагддаг ninja warrior /нинжа дайчин/ тэмцээнийг байнга үздэг байсан. Үзэх бүртээ энэ нэвтрүүлэгт орж үзэх юмсан гэж мөрөөднө. Монголд энэ тэмцээн болно гэдгийг сонсоод шууд л орохоор шийдсэн. Мөн би холимог тулаанаар хичээллэдэг болохоор энэ спортынхоо онцлогийг харуулахыг зорьсон. Ингээд нэг сарын хугацаанд тэмцээний даалгавруудтай дүйцэхүйц дасгал, бэлтгэл хийсэн.

-Хамгийн сайн оролцож байгаа хүн гэхэд тэмцээний гуравдугаар шат хүртэл тэсч чадсан. Хурд, авхаалж самбаа, мэдрэмжээс гадна гарын чадал, биеийн хөгжил их шаардаж байх шиг санагдсан?

-Хүн бүрийн биеийн онцлог энэ тэмцээн дээр харагдаж байсан. Хэрэв зузаан гуя, том өгзөгтэй бол гараар дамжих дасгалуудыг хийхэд хүндрэлтэй. Тиймээс хүч чадал, тэвчээр, авхаалж самбаанаас гадна биеийн зөв пропорцтой байхыг давхар шаардсан тэмцээн юм байна гэж бодогдсон.

-Тэмцээний үед та өөртэйгөө байнга ярьж байгаа нь ажиглагдсан. Яагаад өөртэйгөө ярих болов?

-Биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүйн хувьд өөрийгөө бэлтгэх нь чухал гэж би боддог. Тэмцээний хоёрдугаар шатыг анх давсан хүн нь би болсон. Үүнээс өмнө энэ үе хүнд юм байна, би чадахгүй нь гэсэн айдас оролцогчдод бий болсон байсан. Миний дараа долоон хүн хоёрдугаар шатыг давсан. Үргэлжлүүлэн шөнийн 05.00 цагт гуравдугаар шат эхэлсэн. Оролцогчид хүйтэнд усанд норсноор шөрмөс нь татаж, ядарч тэмцээнийг маргааш нь үргэлжлүүлэх саналыг ч тавьж байсан. Гэсэн ч тэмцээнийг үргэлжлүүлсэн. Олон цаг амраагүй, дээр нь гадаа хүйтэн байсан болохоор би өөртэйгөө, сэтгэл зүйтэйгээ ажиллах шаардлагатай байсан. Өөртэйгөө яриад байсан шалтгаан нь энэ. Даалгавар бүр дээр өөртэйгөө ярьж, өөрийгөө тайвшруулж, сэргээж байсан.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээр орж унших боломжтой.


MOON DANCE: ДЭЛХИЙН ХАМТЛАГ ГЭДГЭЭ НОТОЛСОН Ч БИДНИЙ СЭТГЭЛ ХАНАХГҮЙ

 

Бүжгийн спортын төрлөөр дэлхийд амжилттай оролцож, 2019 оны Латин формейшн бүжгийн ДАШТ-д дэлхийн хамтлаг гэдгээ нотолж, цомын эзэд болсон  “Moon dance”  хамтлагийн дасгалжуулагч О.Оюунбаттай ярилцлаа.

-Дэлхийн шилдэг зургаан хамтлагийн нэгээр шалгарсанд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Та бүхний хувьд 2019 он амжилт ололтоор хэр дүүрн жил байв?

-Баярлалаа, манай хамтлагийн хувьд 2019 он ололт амжилтаар өрнүүн жил байлаа. Энэ сарын 7-нд  ХБНГУ-ын Бремен хотноо амжилттай зохиогдсон латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бид эх орноо төлөөлөн зургаа дахь жилдээ оролцоод  финальд үлдэж амжилтаа бататгасан сайхан жил боллоо. Тэмцээнд 25 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Өнгөрсөн жил БНХАУ-д зохиогдсон ДАШТ-ээс бид наймдугаар байрт жагсч байсан. Бид 2016 онд анхны ДАШТ-д оролцож, финалд үлдээд тавдугаар байрт орж байсан удаатай. Энэ бол бидний хувьд хэзээ ч төсөөлж байгаагүй амжилт байв. Манай хамтлаг байгуулагдаад зургаан жил болсон ч ice quin бүжгээрээ хагас финальд үлдэж байв. Тухайн үед Германы нэг дасгалжуулагч бидэнд “Та нар өнөөдөр дэлхийн хамтлаг боллоо. Тэр тусмаа Азиас финалд үлдэнэ гэдэг бол ямар ч Европ хүний сэтгэхүйд байхгүй зүйлийг хийж чадлаа” гэж бахархалтайгаар хэлж байсан. Дараа жил нь 2017 оны ДАШТ-д энэхүү бүжгээрээ оролцож VI байрыг эзэлсэн. Тэр үед бид  өөрсдийгөө дэлхийн хамтлаг гэдгээ баталж чадсан ч финалист гэдгээ авч үлдэх, цомд хэрхэн хүрэх талаар л зорьж байсан. Бидний хувьд 2018 он амжилтаар дүүрэн жил байсан ч БНХАУ-д зохиогдсон ДАШТ-ий үеэр надад шүүлт нь таалагдаагүй. Энэ жил дахин финалд үлдсэн ч цомын төлөө зорилоо. Финалист гэдгээ хадгалж авч үлдлээ. Үүнд бидний сэтгэл ханахгүй. Одоо бид ДАШТ-ээс медаль шүүрмээр байна. Ирэх жилийн ДАШТ-ээс бид цомын эзэн болохын төлөө л бид ажиллана, шинэ он гарахтай зэрэгцээд л бэлтгэлээ эхлүүлнэ.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэчнээн орны тамирчидтай өрсөлдөж финалд үлдэв. Өрсөлдөгчид хүчтэй байв уу?

Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 орны 19 шилдэг баг өрсөлдсөнөөс финалын шатанд ОХУ, Герман, Австри, Монгол Улсын баг үлдсэн. Мэдээж финалд үлдсэн багууд хамгийн хүчтэй өрсөлдөгчид байлаа. Шүүгчдийн хувьд техник, хөгжимт хөдөлгөөн гэх мэт дөрвөн баллаар шалгаруулдаг. Энэ удаагийн тэмцээнд финалын шатанд Moon dance хамтлаг өндөр үнэлгээ авсан. Өмнөх жилүүдэд 32 оноо авдаг байсан бол 34 оноо авсан нь бидний хувьд ахицтай байсан.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээр орж унших боломжтой.


"БИЧЛЭГЭЭ ҮЗЭЭД БИ Ч ЖААХАН БАЙНА ДАА ГЭЖ БОДСОН"

Камбож улсад болсон  соробан сампин, цээж бодлогын олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон 40 сурагч бүгд алт, мөнгөн цомтой эргэн ирсэн. Тэдний нэг болох арван настай М.Анар хүү алтан цомоо элгэндээ тэвэрч, итгэж ядан үнсэж буй бичлэг цахим орчинд тавигдсан. Монголчууд бид хүүг хайрлаж, өхөөрдөж бас бахархсан. Түүний энэ үйлдлээс эдгээр хүүхэд хэчнээн их хөдөлмөр, сэтгэл гаргасныг мэдэж болно. Тиймээс бид энэ удаа алтан цомын эзэн М.Анартай уулзаж, ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө эхлээд танилцуулахгүй юу?

-Намайг Мягмарцэрэнгийн Анар гэдэг. Арван настай. Номуун дунд сургуулийн тавдугаар ангид сурдаг.

-Соробан сампингаар хэддэх жилдээ хичээллэж байгаа вэ, сампингаар тоо бодохын гоё нь юу вэ?

-Би “Тояа” хүүхэд хөгжлийн төвд хоёрдахь жилдээ хичээллэж байна. Сампингаар тоо бодоход баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлдэг. Өмнө нь би хичээл дээрээ А, В дүн авдаг байв. Харин одоо дандаа А авч байгаа. Математикийн хичээлдээ их дуртай. Хичээл хийх үед өөр юм бодогдоод байвал сампингаа бариад суучихдаг. Тэгэхээр анхаарал төвлөрдөг.

-Хоёулаа сая оролцоод ирсэн тэмцээний талаар ярилцья. Тэмцээндээ хэр удаан бэлдсэн бэ, хэдэн орны хэчнээн хүүхэд оролцов?

Бараг долоон сарын турш өдөр бүр хичээллэсэн. Дэлхийн 40 орны 4000 хүүхэд оролцсон. Монголоос 38 аваргын батламж, 36 алтан цом, 6 мөнгөн цом хүртсэн.

-Байр эзлэхгүй байх вий гэж айсан уу?

-Жаахан л. Хурдан бодохын тулд заримдаа муухай биччихдэг. Тиймээс бичгийн хэв ойлгохгүй байх вий гэж л айсан

-Ямар даалгавар ирсэн бэ, хэцүү байв уу?

-Миний хувьд анх удаа олон улсын тэмцээнд оролцсон. Олон орны хүүхдүүдтэй өрсөлдөх сонирхолтой байлаа. Ээжтэйгээ явсан учир хэцүү байгаагүй ээ. Найман минутын дотор нийт 150 бодлого бодох даалгавар ирсэн. Нийт арван түвшин байдаг. Хамгийн доод түвшинд сампин ашигладаг бол дээд түвшинд сампин ашиглахгүй. Харин сампингаа төсөөлөөд цээжээр бодно. Өөрөөр хэлбэл сампин дээр тоо бодож байгаа мэт хуруугаараа төсөөлөөд долоон оронтой тоог нэмж, хасаж, үржиж, хуваана. Маш хурдан бодох ёстой. 150 бодлогыг найман минутад багтаахын тулд нэг бодлого бодож байхдаа давхар нөгөө бодлогоо бодож байдаг. Нэг ёсондоо хоёр бодлого зэрэг боддог гэсэн үг. Миний хувьд найман минутад 147 бодлого цээжээр бодож алтан цом авсан.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээр орж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж