Мөнгөний бодлогын мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогын мэдэгдэл

Бодлогын хүүг хэвээр хадгалж, заавал байлгах нөөцийн хувийг тогтоох тухай

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд, Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувьд хэвээр хадгалах, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэрийг гаргалаа.

Жилийн инфляци 2019 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 5.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 5.0 хувь байна. Нийлүүлэлтээс шалтгаалсан цөөн бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт нь инфляцийн хэлбэлзлийг тайлбарласан хэвээр байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци тогтвортой байна. Цаашид инфляци Төв банкны зорилтот түвшний орчимд тогтворжихоор байна.

Экспортын үнэ харьцангуй таатай түвшинд хадгалагдаж, төсвийн зардал тэлж, томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт үргэлжилж байгаа ч гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт саарахаар байна. Ирэх онд төсвийн зардал тэлж, цалин нэмэгдэж дотоод эрэлтийг дэмжих боловч уул уурхайн салбарын өсөлт буурч, хөрөнгө оруулалтын өсөлт саарч эдийн засгийн идэвхжил тогтворжих төлөвтэй байна.

Эдийн засгийн өсөлт болон зээлийн өсөлт саарч буй хандлагатай холбоотойгоор Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг бууруулах хувилбарыг хэлэлцсэн хэдий ч төсвийн гүйцэтгэл, гадаад орчны тодорхой бус байдлыг харгалзан үзээд энэ удаад бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэв.

Түүнчлэн Мөнгөний бодлогын хорооноос төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах, улмаар төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж