"Агаарын бохирдлыг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо" сэдэвт сургалт болов

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

"Агаарын бохирдлыг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо" сэдэвт сургалт болов

2019.12.18, Улаанбаатар хот,  “MN17 Галерей”-д “АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО” сэдэвт сургалт болов.

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор компанит ажил, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулсаар байна. Уг ажлын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд телевиз, өдөр тутмын сонин, сайтын 30 орчим сэтгүүлч оролцож сертификат гардлаа.

Сургалтаар “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг буруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт, дэвшилтэт технологи, инновацийн шийдлүүд”, “Агаарын бохирдол сэдвээр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан, мэдээллийн архив”, “Агаарын чанарын индексийг хэрхэн тайлж унших, мэдээлэл бэлтгэхэд анхаарах хүчин зүйл”, “Таван толгой түлш” ХХК-ийн бүтээгдэхүүний үйл ажиллагаа, сайжруулсан түлшний хүрэлцээ, чанарын үзүүлэлт” гэх сонирхолтой илтгэлүүдийг холбогдох албаны хүмүүс тавьсан юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан ба Дэлхийн Ногоон Уур амьсгалын Сангийн Дэд Ерөнхийлөгч С.Оюун БНСУ-ын Инчеон хотоос онлайн уулзалтыг хийж “Уур амьсгалын өөрчлөлт ба агаарын бохирдлыг бууруулах олон улсын туршлага”-аас хуваалцлаа. Мөн энэ үеэр Монгол Улсын СГЗ сэтгүүлч, зохиолч Г.Аюурзана уригдан ирж агаарын бохирдол, Монголын сэтгүүл зүйн хөгжил, төлөвшил, монгол хүний үнэ цэнэ, зан чанар, сошиал орчин дахь мэдээллийн чиг хандлага зэрэг сэдвүүдээр чөлөөт ярилцлага хийж сэтгүүлчидтэй санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын СГЗ сэтгүүлч, зохиолч Г.Аюурзана “Жил бүр нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс хэрэглэж өвлийн хүйтнийг даван туулж ирсэн. Гэхдээ сүүлийн 10 гаруй жилд агаарын бохирдол, утааны асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор шийдвэр гаргагчид 10- аад жилийн өмнөөс сайжруулсан түлшний талаар ярьсан ч ажил хэрэг болгоогүй. Үнэндээ утаа чинь он жилийн уртад улстөрчдийн бизнес болчихоод байлаа. Тодорхой хүмүүс нь баяжаад, утаа буурдаггүй байжээ гэдгийг өнөөдрийн төр засгаас баримталсан сайжруулсан түлшний бодлого, түүнийг дагалдсан үйл явдлууд харуулж байна.

Энэ жилийн хувьд шийдвэртэй алхам хийж сайжруулсан түлш хэрэглэн утааг бууруулах ажлыг эхлүүлж чадсан ч гэлээ энэ бол утаагүй болчихлоо гэсэн үг биш ээ. Нийслэл хотод тодорхой хэмжээгээр буурч байгаа ч аймаг, сумдууд утаатай байна. Нөгөө талаар Улаанбаатар хотыг сайжруулсан түлшээр бүрэн хангаж чадахгүй байгаа энэ цагт аймгийн төвүүдийн утааг бууруулах асуудлыг ярихад хэцүү байна. Магадгүй ирэх өвөл эрх баригчид гарч ирээд ямар бодлого баримтлах, утаа ямар хэмжээнд очих, өмнөх ажлаа хэрхэн үгүйсгэхийг хэлж мэдэхгүй байна.

Өвөрмонголын Үрэмч хотод би саяхан очсон. 4 сая хүнтэй тус хотын иргэд нүүрс түлдэг гэхэд сая гаруй хүнтэй Улаанбаатар хотын адил утаатай байна. Тэгэхээр энэ зөвхөн нүүрс түлдэг, түлдэггүйтэй холбоотой биш өөр олон хүчин зүйл нөлөөлж байна гэж бодож байна. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой ДЭМБ-аас гаргасан зөвлөмжид бага насны хүүхдээ 1,5 метрээс өндөрт өргөж, агаарын найрлага дахь хүнд металлын хорноос хамгаалах хэрэгтэй гэж дурьдсан байсан. Тэгэхээр утаа буурсан ч гэлээ агаарын бохирдлоос хүүхэд, багачуудаа хамгаалах үүрэг хэвээрээ байгаа гэж ойлгох хэрэгтэй” хэмээн онцолсон юм.

Мөн сэтгүүлчид нийгэмд эерэг, зөв зүйтэй мэдээлэл дамжуулж, олон нийтийн сэтгэл зүй болон хандлагыг өөрчлөх боломж, чадвар өндөртэй хүмүүс. Учир нь сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ мэдээлэл, хандлага, хэвлэл мэдээллийн бүхий л чиглэлээр дамжин олон нийтэд хүрч, уншигч, үзэгч, сонсогчид шууд нөлөөлдөг гэдгийг мартах ёсгүй гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан, Дэлхийн ногоон уур амьсгалын сангийн дэд ерөнхийлөгч С.Оюун сэтгүүлчидтэй онлайн ярилцлага хийсэн нь энэ удаагийн уулзалтыг сонирхолтой болгож чадсан юм. Тэрбээр “Дэлхийн улс орнууд ногоон эдийн засгийн бодлогыг баримталж, ногоон бизнесийг санхүүжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх зэрэг чиглэлийг баримталж байгаа тул Монголын сэтгүүлчид дээрх асуудлаар олон нийт болон шийдвэр гаргагч нарт чиглэсэн мэдээ мэдээлэл бэлтгэх нь маш чухал” гэдгийг онцлов.

Агаарын бохирдлыг үүсгэж байгаа учир шалтгааныг бууруулахад чиглэсэн ажлууд нь цаг хугацааны уртад үр дүнгээ өгөх бөгөөд хүн бүрийн хичээл зүтгэл, оролцоо их чухал аа. Бид нэг л дэлхийд амьдарч байгаа учраас уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар энэ хэвээр үргэлжилсээр байвал бидний хойч үе маш хэцүү нөхцөл байдалд амьдрах тул өнөөдөр та бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байгаа сайн үйлдэл, хандлагыг түгээмээр байна. Ямар ч орон бол эхэндээ уламжлалт зуух, түүхий нүүрсээ хорьж байсан.

Манай улсын бодлого бол үсрэнгүй явах зүйл дээрээ үсрэнгүй яваад, богино хугацаандаа бол хүссэн хүсээгүй түүхий нүүрсээ хорьж сайжруулсан түлш нэвтрүүлэхээс өөр аргагүй. Энэ бол удаан хугацааны бодлого биш ч орон сууцжуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, ногоон бодлого хэрэгжүүлэх, ногоон санхүүжилтийг дэмжих, хүлэмжийн хийг бууруулах зэрэг бусад бодлогуудаа хэрэгжүүлээд явах ёстой. Аливаа шийдвэрийг хэрэгжүүлээд үр дүн үзэхэд хугацаа орно. Нэг л өдөр өргөс авсан юм шиг өнөөдөртөө шийдэхгүй учраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа голохгүйгээр 5, 10 хувь ч гэсэн бууруулахын төлөө ажиллаж байгаа нь томоохон алхам юм гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж