Бид дэлхийд нээлт хийснээ мэдээгүй

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

Бид дэлхийд нээлт хийснээ мэдээгүй

Бид дэлхийд нээлт хийснээ мэдээгүй

АНУ-ын Археологийн хүрээлэнгийн “Archaeology” сэтгүүлээс гаргасан 2019 оны шилдэг арван нээлтэд Архангай аймгаас олдсон Хүннү гүрний үеийн язгууртны булшны судалгааны ажил орсон талаар бид мэдээлсэн. Энэ талаар бид тус судалгааны багийн Эрдэм шинжилгээний ажилтан, Улаанбаатар их сургуулийн багш, археологич, докторант Э.Мижиддоржтой сонирхолтой яриа өрнүүллээ.

-Юуны өмнө танай баг, хамт олонд баяр хүргэе! Дэлхийн шилдэг арван нээлтэд Монголын судалгаа багтсан мэдээг сонсоод ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Бидний ажил дэлхийн шилдэг нээлтийн нэг болно гэж бодоогүй. Зүгээр л ажлаа хийгээд явж байсан. Бид 2017 оноос 189-р булшны малтлага судалгааны ажлыг эхлүүлсэн юм. Хүн хүч, санхүүгийн асуудлаас болоод 2018 он гэхэд малтаж дуусаагүй. Харин 2019 онд БНХАУ-ын Хенань мужийн археологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж малтлага судалгаагаа дуусгасан. Улмаар 12-р сарын 6-ны өдөр бид 2019 оны дэлхийн шилдэг 10 нээлтэд багтсан гэдгийг мэдсэн. Үнэнийг хэлэхэд маш их цочирдсон. Нээлт хийснээ ч бараг бид өөрсдөө мэдээгүй байсан гэх үү дээ. Манай судалгааны багийн удирдагчаар Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, археологич Д.Эрдэнэбаатар, миний бие, мөн Улаанбаатар их сургуулийн багш Б.Галбадрах, Ж.Эрдэнэ, А.Маратхаан болон БНХАУ-ын Хэнэнь мужийн археологийн институтын эрдэм шижилгээний ажилтнууд, манай сургуулийн оюутнууд оролцсон. Үүнээс гадна олдвор олдсон нутгийн зон олон бидэнд их дэмжлэг үзүүлсэн. Бидний хамтын эрэл, хайгуул дэлхийд Хүннү гүрнийг мэдүүлэх шинэ нээлт хийж чадлаа.

-Шилдэг нээлтийнхээ талаар илүү дэлгэрэнгүй ярихгүй юу? 189-р булшны малтлага гэхээр өмнө нь 188 ширхэг булш илрүүлсэн гэсэн үг үү?

-Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Хануй багийн Балгасан тал гэдэг газарт “Гол мод” хэмээх дурсгалт газар бий. Энэ дурсгалт газрыг 2000 онд манай сургуулийн тэнхимийн эрхлэгч, археологич Д.Эрдэнэбаатар нээн илрүүлсэн байдаг. Түүнээс хойш 2002-2006 онд Монгол-Америкийн хамтарсан шинжилгээний анги том буюу нэгдүгээр булшны 29 дагуул булшийг малтан судалж дуусгасан.

Харин 2011 онд нэгдүгээр булшийг 30-р дагуул булштай нь болон давхар тавдугаар булшийг малтан судалж дуусгасан. Энэ нь тухайн үедээ оны онцлох үйл явдал, хүннү судлалд томоохон нээлт болж байлаа. Эндээс гарсан олдворыг “The Hu” хамтлаг өөрийн лого болгож авсан байдаг.

Үүнээс хойш санхүүгийн асуудлаас болоод судалгааны ажил түр зогссон. Улмаар 2017 оноос эхэлж 189-р булшийг шинээр малтаж, судлах ажлыг эхлүүлсэн байдаг. 189-р булш бол Хүннүгийн язгууртны булш. Урт нь 50 метр, өргөн нь 30 метр, газрын хөрсөн дээр зарим талаараа хоёр метрийн өндөр том чулуун байгууламж юм. Уг булш нь 12 дагуул булштай байсан. Тухайн язгууртныг нас барахад дараагийн амьдралд нь зарц бараа бологчийн үүрэг гүйцэтгүүлэхээр дагалдуулж оршуулсан гэсэн үг. Эхний жил бид дагуул 12 булшийг малтаж дуусгаад өнгөрсөн жил буюу 2018 онд үндсэн булшны үүдэвч буюу булшинд хүрэх замыг малтаж судалсан. Тэгээд үндсэн булшныхаа малтлагыг зургаан метрийн гүнд болгоод тухайн жилийн малтлагаа дуусгасан. Өмнө нь 2002-2007 оны хооронд Монгол, АНУ-ын хамтарсан шинжилгээний анги уг дурсгалт газрын дэвсгэр зураг үйлдэж, нийт булшийг бүртгэн баримтуулсан байдаг. Тэгэхэд язгууртны 188 булш, түүнийг дагалдах дагуул булштайгаа нийт 300 гаруй булш бүртгэсэн. 2011 онд бид нэгдүгээр булшаа малтаж дуусчихаад, харьцангуй хадгалалт сайтай тоногдоогүй байх магадлалтай дараагийн булшийг сонгон авсан юм. Энэ нь бидний яриад буй 189-р булш байсан. Энэ булш бүртгэлд байхгүй байсан учир бид язгууртны 189-р булш гэж дугаарлаад, малтаж эхэлсэн. Бид одоогийн байдлаар энэхүү Гол Мод 2-ын дурсгалт газар язгууртны булш 4-ыг, дагуул булш 40 гаруйг малтан судлаад байна.

-Язгууртны булш гэхээр олон сонирхолтой олдвор гарсан байх. Дагуул болон язгууртны булш хоорондоо ялгаатай байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн олдвор ихтэй дагуул булш нь 11, 12-р булш байсан. Эндээс бүсний мөнгөн чимэг, сэлэм, хүрэл тогоо, хүрэл толины хагархай, ваар савны хагархай хэсгүүд гарсан. Бид үүнийг цэвэрлэж, сэргээн засварлах ажил гүйцэтгэж байна. Язгууртны 189-р булшны хувьд өмнө нь тоногдсон байсан. Тонуулчдын ул мөр өнгөн хэсгийн цэвэрлэгээний дараа болон малтлагын 13 метрийн гүнд тонуулчдын нүх булшны нүхнээс ялгарч харагдаж байв. Булшин доторх олдворын ихэнхийг тоносон байсан. Бидний олсон олдворууд бол үнэнийг хэлэхэд их савны ёроол юм.

-Тоногдоогүй булш байсан уу?

-Монголд 1924 оноос хойш Хүннү язгууртны булшны судалгаа эхэлсэн байдаг. Саяхныг болтол тоногдоогүй язгууртны булш байгаагүй. Энэ жил бид 15 метрийн урт, 9 метрийн өргөнтэй язууртны жижигхэн булш малтсан юм. Үүнийг бид аравдугаар булш гэж нэрлээд байгаа. Энэ булш нь харьцангуй хадгалалт сайтай, тоногдоогүй байсан. Уг булшийг малтаж үзэхэд 4.80 см-ээс гүний оршуулга нь илэрсэн. Тухайн язгууртан хүнд дагалдуулсан эд өлгийн зүйлс бүгд байсан. Оршуулгын зан үйлд тэрэг эвдэж хийжээ. Тэрэгний дугуй, үүлэн хээтэй тэвшний чимэглэл, тахилын 15 адуу, аман болон хатан хүзүү, туурайны зарим хэсгийн хамт бүгдийг нь хоёр эгнээ болгоод хойд зүг хандуулан тавьсан байв. Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн бол Хүннү язгууртны булшинд элбэг тохиолддог. Булшны оршуулгын хэсгээс дунд эргэм насны эрэгтэй хүний оршуулсан байх ба морин тэрэгний хударга, хөмөлдөргөний чимэглэл, духавч зэргийг дагалдуулан тавьжээ. Үүнээс гадна уг нас барагчийн толгойн оройн хэсэгт бэлгэдлийн жижиг титэм байсан юм. Хэмжээний хувьд их жижиг, дөрвөн талтай, чулуун шигтгээтэй алтан титэм. Гавлын хажуу талд мөнгөн суурин дээр мөнгөн бөгж тавьсан байсан. Эдгээр олдворууд бол тухайн насбарагчийн зэрэг дэв, зиндаатай холбоотой. Хүннү гүрэн 300-гаад жилийн түүхтэй. Тэгсэн хэрнээ Монгол болон ОХУ-ын нутаг дэвсгэр дээр археологийн судалгаа явуулахад нийт арав гаруй мянган булш оршуулга бүртгэгдээд байна. Үүнээс үзэхэд Хүннү гүрэнд хүн болгоныг оршуулдаггүй байсан гэж үзэж болохоор байгаа юм. Зөвхөн зэрэг дэв, зиндаа, эрх мэдэлтэй хүмүүсийг оршуулдаг байх магадлалтай. Эсвэл оршуулгын зан үйл нь улирлын чанартай байсныг ч үгүйсгэхгүй.

default

-189-р булшны хувьд хэдий үед тоногдсон гэсэн үг вэ?

-Язгууртны 189-р булшнаас манай нээлт болсон хос лууны гайхалтай олдвор гарсан. Биднийг олохоос өмнө өвөл уг булшийг бүрэн зэвсэглэсэн тонуулчид тонож байгаад баригдсан юм. Аз болоход олдворт хүрч амжаагүй байхад цагдаа нар барьсан. Харамсалтай нь, тэр нөхдүүд ямар нэг хуулийн хариуцлага хүлээгээгүй сул чөлөөтэй явж байна. Хэрэв тэд биднээс өрсөж олдворт хүрсэн бол өнөөдөр бид юун нээлт ярих. Том булш малтлаа, олдвор алга гэж яриад л өнгөрөх байж. Язгууртны 189-р булш тоногдсон ч гэсэн ваар савны хэсгүүд, хүрэл эдлэлүүд, зориулалт нь тодорхойгүй төмөр, маш их гарсан. Хамгийн онцлог олдвор нь хос мөнгөн луу. Энэ лууг цул мөнгөөр хэвэнд цутгаж, алтаар шармалдсан, монгол тайга нохойн биетэй адил бие галбиртай, хоёр эвэртэй, амаа ангайсан байдалтай, толгой нь хүзүүгээрээ эргэн харсан байдалтай, дөрвөн хөлтэй, сарвуундаа хоёр хумстай, хүзүү, зоон дээрээ зогдортой, далавчтай дүрсэлсэн байна. Зориулалт нь одоогоор тодорхойгүй байна. Ямар нэг зүйл дээр тавьдаг зүйл, эсвэл ямар нэгэн эдлэлийн бариул ч байж мэднэ. Ямартай ч Луу бол нүүдэлчдийн домгийн амьтны дүр. Луу харсан хүн байхгүй. Гэхдээ түүнийг 12 жилд оруулсан байдаг. Эндээс харахад Хүннү нар лууг шүтэж байсныг мэдэж болно. Нийслэлээ хүртэл Луут хот гэж нэрлэж байжээ. Язгууртны булшнаас ихэвчлэн адуугаар тахил хийсэн ул мөр илэрдэг бол уг булшинд адууны тахил гараагүй малын яс гэвэл зөвхөн эвэртэй хонины толгой гарсан нь сонирхолтой тохиолдол. Ер нь аль ч үед булш тонох асуудал их байсан нь манай нутагт байгаа нүүдэлчдийн археологийн дурсгалаас тодорхой харагддаг. Тийм ч учраас Чингис хаан болон түүний өв залгамжлагчид, алтан ургийн 37 хааны нэгнийх нь ч булш олдохгүй байгаа нь үүнтэй холбоотой байж ч болно.

-Түүхийн хосгүй олдворыг хулгайлах, тонох, хилээр гадагшаа гаргах асуудал одоо ч байсаар байна. Монголын хааны гүнжийн сувдан хөнжил тонуулчдын гарт орж, хилээр гарсан тухай өмнө нь би уншиж байсан. Археологич хүний хувьд танд энэ талын мэдээлэл хэр их ирдэг вэ?

-Бидний хувьд сэтгэл хамгийн эмзэглүүлдэг асуудал бол булш тонох, эртний эдлэлийн наймаа хийх явдал. Бид үүнийг хар археологи гэж ярьдаг. Ер нь Монголд хүмүүс амар хялбараар мөнгө олон, хурдан баяжих гэсэн сэдлээр булш тонох асуудал маш их байна. Булш тоноогүй аймаг, сум гэж бараг байхгүй болсон. Жижиг бүлгүүд жижиг эксковатор, жиптэй. Тэгээд хүн харж байгаад харанхуй болохоор ажлаа эхэлдэг. Түүнээс гадна металл хайгч Монголд их байна. Эртний дурсгалт газар болгонд хайлт хийгээд дуугарсан газар бүрийг ухаад явдаг. Металл хайгчийг Монголд энгийн хүмүүст хоригломоор байгаа юм. Дээр нь эртний эдлэл зарж, худалдаж буй хүмүүст ямар ч хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байна. Хүн чулуу хүртэл алга болсон тохиолдол байна. Жижиг олдворуудтай харьцуулахад хүн чулуу маш жинтэй, том шүү дээ. Тэгэхээр хууль хяналтын байгууллага шалгалтаа чангатгах хэрэгтэй. Сувдан хөнжил гарсан гэхэд би итгэхгүй байна. Би тэр нийтлэлийг уншсан. Гэхдээ итгээгүй.

-Хоёулаа Хүннүгийн олдворын тухай яриандаа эргээд орьё. Ингэхэд 189-р олдвороос гарсан булшны язгууртан ямар хүн байсан бэ?

-Яг үнэндээ язгууртны яс байхгүй. Өөрөөр хэлбэл оршуулга байхгүй. Тоногдсон гэсэн үг. Харин эсрэгээрээ тонуулчны яс байгаа. Тонуул хийж яваад дарагдаж нас барсан тонуулчны яс гарсан. Бид булшны авсны модонд он цаг тогтоох шинжилгээ хийхэд одоогоор 2050±30 жил гэж гарсан. Энэ нь Манай эриний өмнөх (МЭӨ) сүүлийн зуун болж таарч байна. Харин тонуулчны ясанд хийсэн он цаг тогтоох шинжилгээгээр 1910±30 буюу МЭ эхний зуун болж таарсан. Тэгэхээр булш болон тонуулч хоёрын дунд 100 гаруй жилийн зөрүү гарч байгаа. Эндээс гарсан хоёр хос лууны нэг нь нас барсан тонуулчны цээжний хэсгээс, нөгөө нь толгой хавиас олдсон.

-Архангай аймгийн нутаг дэвсгэрээс язгууртны булш ихээр гарсан гэхээр энэ хэсэгт Хүннү гүрэн голлон амьдарч байсан гэж ойлгож болох уу?

-Хүннү гүрэн төв, баруун, зүүн гэсэн гурван гарын системтэй байсан нь язгууртны оршуулгын газруудаар батлагдаж байна. Тухайлбал: төвийн бүсэд Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрханы Гол мод, Өндөр-Улааны Гол мод-2, Ноён уул орно. Эдгээр газар нь хамгийн олон хамгийн том язгууртны булштай. Эдгээр оршуулгын газрууд бол Шаньюй удмынхных бололтой байдаг. Баруун гар нь гэвэл Ховд аймгийн Манхан сумын Тахилтын хотгор байна. Эндээс төвийг бодвол жижиг хэмжээтэй булшууд олддог. Зүүн гар нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Борбулаг, Дуурлиг нарс зэрэг газрууд болно.

-Та бүхний нээлт Хүннү судалгаанд ямар ололт, ахиц дэвшилт авч ирсэн бэ?

Бидний судалгааны гол зорилго бол Хүннү нарын угсаа гарлын асуудал. Энэ сэдэв одоо ч маргаантай байдаг. Төрийн түүхээ Хүннүгээс эхэлдэг улс Монголоос өөр бас байна. Угсаа маргааныг шийдэх хамгийн чухал чиглэл бол палеоантропологи болон ДНК-ийн судалгаа юм. Угсаа гарлын маргааныг батлах нотлох хамгийн чухал олдвор бол ялангуяа язгууртнаас гарах эртний хүний ясны хэрэглэгдэхүүн юм. Ямар антропологи төрх, генетик удамшлын мэдээллийн сантай байсан гэдэг нь хамгийн чухал асуудал. Энэ жил аравдугаар булшнаас язгууртны бүтэн гавал гарсан. Дунд эргэм насны эрэгтэй хүн байв. Цаашдаа бид энэ хүний ясанд ДНК-ийн судалгаа явуулна. Ганц хүнээр түүхэн бүхэл бүтэн үеийг тодорхойлоно гэж байхгүй. Гэхдээ бид цаашид Хүннү гүрэн монголчуудын өвөг дээдэс юм гэдгийг батлахыг зорьж байна.

-Олдворууд одоо хаана хадгалагдаж байгаа вэ, лаборатори, хүчин чадлын хувьд Монголдоо судлах боломж хэр байдаг вэ?

-Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Гол модны язгууртны булшнаас гарсан олдворууд одоо Монголдоо хадгалагдаж байгаа. Хосгүй үнэт олдворууд. Нэг ширхэг ч олдвор гадагшаа гараагүй. Олдворын зарим хэсэгт манай сургууль дээр судалгаа, шинжилгээ хийж байна. Он цаг тогтоох болон генетикийн судалгааг Монголд хийх лаборатори байхгүй. Тиймээс олдвороос дээж авч гадагшаа явуулна. Бид ихэвчлэн АНУ, Солонгос, БНХАУ, Япон руу явуулдаг. Хүний гарал, үүслийг илтгэх гол олдвор бол хүний яс. Ясны дээжинд генетикийн судалгаа хийсний үр дүнд л бид хариултыг хэлнэ. 2020 он гэхэд лабораторийн судалгааны ямар үр дүнд гарах байх гэж найдаж байна.

-Олдворууд тухайн үеийн амьдралын тодорхой мэдээллүүдийг өгдөг байх. Тэр мэдээллээс харж байхад Хүннүгийн үед хүмүүсийн аж байдал, амьдрал ямар байсан бол?

-Их сонин асуулт байна. Бид тухайн үеийн нийгэм соёлыг тэдний эдэлж хэрэглэж байсан багаж зэвсэг, ахуйн хэрэглээ, адуу малын тоног, хэрэгсэл зэргээр дамжуулан судалдаг. Хүннү гүрний булшнаас дундад Ази, Европтой холбоотой олдворууд гарч байна. Энэ нь Хүннү гүрний соёлын харилцааг илтгэж байгаа хэрэг юм. Хүннү мөн Хан улстай мөр зэрэгцэн оршиж, бие бие рүүгээ дайтаж, ялж, ялагдаж байсан. Тэгэхээр улс төр, цэрэг армийн хувьд хүртэл хүчирхэг гүрэн байсан нь илт байна. Нүүдлийн сонгодог аж ахуйтай. Өнөөдрийн монголчуудын аж байдал, амьдралын хэвшил Хүннүгийн үед сонгодог хэлбэрээ олж бүрэлдэн тогтсон гэж эрдэмтэд үздэг. Тиймээс Хүннү гүрэн яах аргагүй нүүдлийн соёл иргэншлийн анхны төрт улс юм.

-Монголчууд их сэжигч ард түмэн. Энгийн хүмүүсийн хувьд булш ухна гэдэг бол сэтгэлд нь буухгүй. Харин таны хувьд мэргэжлийн ажил учир онцлогтай байх. Булш ухаад олдвор олох тусам улам шунаж дурлана биз? Ер нь ямар мэдрэмж төрдөг вэ?

-Ялангуяа орон нутагт ажиллаж байхад ахмад настай хүмүүс ирээд хүүр ухлаа, бузрын ажил хийлээ, шөрмөс чинь татаад үхнэ дээ гээд хараал, ерөөл аль нь мэдэхгүй юм хэлдэг. Бөө хүртэл ирээд аль 3000 жилийн өмнөх булшийг Дондогдулам хатны булш байна гэх мэтээр хэлж ярьдаг. Тухайн үедээ бид инээгээд л өнгөрдөг юм. Археологийн ажил гэдэг миний хувьд дэлхий дээрх хамгийн сонирхолтой ажил мэргэжил. Өнгөрсөн түүхийг тухайн үеийн баримттай нь гаргаж ирдэг. Тиймээс булшнаас гарсан эд өлгийн зүйлээс айж эмээдэггүй, майхандаа хадгалах нь ч энүүхэнд. Тэгээд л хамт амьдарна шүү дээ. Хамгийн сүүлийн 189-р булшийг олоод бид үнэндээ цочирдсон. Булшнаас цаашид юу гарах бол гэсэн бодол л толгойд эргэлдээд байв. Хүннүгийн судалгаанд тулгамдаж буй нэг асуудал бол хүннү хэл бичгийн асуудал. Бичиг гэдэг бол хэлний биежсэн хэлбэр шүү дээ. Хэрэв Хүннү манай өвөг дээдэс юм бол өвөг монгол хэлээр ярьдаг байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл Хүннү нартай холбоотой бичиг үсгийн нэг ч дурсгал алга. Өмнө нь археологичид Эгийн голоос бийр, янтай бол олж байсан. Хэрэв бичиг, үсэгтэй хөшөө, дурсгал, олдвор олбол бас нэг том дуулиан болно. Хэл шинжлэлийн хувьд энэ орон зай хоосон хэвээр л байна.

-Цаг зав гаргаж сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
155
ЗөвЗөв
33
ГайхмаарГайхмаар
10
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж