Агаарын бохирдлоос үүдсэн сэтгэлийн хямрал амиа хорлолтод хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлоос үүдсэн сэтгэлийн хямрал амиа хорлолтод хүргэж байна

Агаарын бохирдлоос үүдсэн сэтгэлийн хямрал амиа хорлолтод хүргэж байна

Олон улсын мэдээллийн санг судалж харахад агаарын бохирдолтой хотуудад амиа хорлолт болон сэтгэлийн хямрал бусад хотуудаас их байна. Мөн энэхүү судалгаанаас үзэхэд агаарын бохирдлын хэмжээг Европын холбоо хуульчилж, хязгаарлаж чадвал олон сая хүнийг нэмж сэтгэлийн хямралд орох болон амиа хорлохоос сэргийлэх боломжтой аж. Агаарын бохирдол сэтгэлийн хямралын үндсэн шалтгаан болох боломжтой хэмээн эрдэмтэд үзэж байгаа ч судалгаа шинжилгээний ажил дуусаагүй, баттай нотолгоо олоогүй байна.

Эрдэмтэд чулуун нүүрсийг ахуйн болон үйлдвэрлэлд ашиглах үед ялгардаг бохирдлыг илүү онцгойлон судалж байна. Судлаачдын хийж буй энэ ажил ДЭМБ-ийн "Дэлхийн эрүүл мэндэд заналхийлж буй чимжэгүй тахал" гэж нэрлээд байгаа агаарын бохирдлыг бууруулах зорилготой гэнэ.

Судалгааны ажлыг ахалж буй Лондоны их сургуулийн эрдэмтэн Изобел Брайтвэйт "Бидний судалгаа агаарын бохирдол хүний сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн хөнөөлтэй байж болзошгүйг харуулж байна. Бид амьсгалж буй агаараа яаралтай цэвэрлэх хэрэгтэй болсон. Европын холбоо энэ тал дээр том тус хүргэж магадгүй. Шинэ хууль тогтоомж гаргаснаар сэтгэл хямралаас 15 хувь сэргийлж чадна. Энэ нь цааш цаашаагаа холбоо хамааралтай олон асуудлаас сэргийлэхэд том тус болно. Сэтгэл гутрал бол маш нийтлэг өвчин төдийгүй улам бүр нэмэгдсээр байна" хэмээн ярьжээ. Өнөөдрийн байдлаар нийт 264 сая гаруй хүн сэтгэлийн хямралтай байна хэмээн ДЭМБ мэдээлж байна.

Брайтвэйт "Бохир агаар дахь нарийн тоосонцорууд бидний амьсгалын зам болон цусны эргэлтээр дамжин тархинд хүрдэг. Тархинд нэгэнт хүрсэн тоосонцор мэдрэлийн эсүүдийг устгадаг. Тархины эс дахин төлждөггүй тул тоосонцроос үүдсэн энэ ихээхэн гэмтэл стресс үүсгэдэг гормоныг их хэмжээгээр ялгаруулдаг. Ингэснээр хүний сэтгэцийн эрүүл мэнд асар ихээр доройтно гэсэн үг" хэмээн тайлбарлаж байна.

Судалгааны багийн гишүүн Жосеф Хаес "Агаарын бохирдол хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай баримт нотолгоо тасралтгүй олдсоор байна" хэмээжээ.

Байгаль орчин, эрүүл мэндийн Пэрспектив олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн дээрх судалгаа нь 2017 он хүртэлх нийт 16 орны судалгааны мэдээллийг нэгтгэн эмхэлсэн байна. Ингэснээр судлаачид хортой агаар, сэтгэл хямрал, амиа хорлолт гурав хоорондоо нягтхолбоо хамааралтай байгааг харуулжээ. Мөн сүүлийн үеийн судалгаануудын үр дүнд сэтгэцийн эрүүл мэнд муу байх нь нас баралтын тоог огцом өсгөж байгаа болон өсвөр насныхны сэтгэл хямрал өмнөхөөсөө дөрөв дахин нэмэгдэж буй нь агаарын бохирдолтой холбоотой гэсэн нотолгоонууд гарсаар байна.

Мөн бусад судалгаанаас агаарын бохирдол нь хүний оюуны чадамжийг асар ихээр доройтуулдаг ба ингэснээр оюуны хомсдол удамших эрсдэлтэйгээр зогсохгүй хүний биеийн бүх эрхтэн, тэр ч байтугай бүх эсэд нөлөөлөх аюултай гэдгийг харж болохоор байна.

Дээрх судалгаануудад байнга дурдагдаж буй тоосонцрыг бид РМ2.5 гэдэг нэрээр нь сайн мэднэ. РМ2.5 гэдэг нь 2.5 микрометр буюу 0.0025 мм ба түүнээс жижиг хэмжээтэй тоосонцорын нэршил юм.  Нэг метр куб талбайд 10 микрограм РМ2.5 тоосонцортой агаараар нэг жилийн турш амьсгалвал тухайн хүн сэтгэлийн хямралд өртөх эрсдэл 10 хувь өсдөг гэнэ. Харин Энэтхэгийн нийслэл Делид энэ тоо 114, Улаанбаатарт 433 хүрч байна.

Английн хотуудад РМ2.5 тоосонцорын дундаж хэмжээг 2017 онд 13мкг/м3 байсныг ДЭМБ 10мкг/м3 болгосноор оршин суугчдын сэтгэлийн хямрал 2.5 хувь буурсан аж. Гэвч 10мкг/м3 гэсэн хэмжээ амиа хорлолтод нөлөөлөхүйц хэвээр байгааг судлаачид хэлж байна. Жишээ нь, тэдний судалснаар цэвэр агаараар амьсгалдаг хүн 10мкг/м3 чанартай агаараар гурван өдрийн турш амьсгалахад амиа хорлох эрсдэл хоёр хувиар өсөх юм байна.

Эрдэмтдийн хэлж буйгаар бол дээрх үзүүлэлт нь маш бага хувийн тухай ярьж байгаа мэт боловч энэ тоо нийгэмд гарч ирэхээрээ  олон хүнд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Харин бодит байдал дээр дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс илүү бохирдолтой агаараар амьсгалж байна. "Энэ олон хүний асуудал яригдаж байгаа тул дээрх хоёр хувь бол маш өндөр тоо" хэмээн Брайтвэйт хэлжээ.

Судалгаа онолын үүднээс олон асуултад хариулсан ч илүү нарийн нотолгоо гаргаж авах нь тун хэцүү зүйл. Учир нь, илүү нарийн судалгаа хийхийн тулд хүмүүст туршилт хийнэ гэсэн үг. Хүн дээр туршилт хийх нь хориотой шүү дээ. Ямартай ч эрдэмтэд хүний сэтгэцэд нөлөөлж болох олон хүчин зүйл, тухайлбал гэрийн байршил, орлого, боловсрол, тамхи, ажилгүйдэл, таргалалт зэргийг авч үзсэн ч эдгээр нь агаарын болон дуу чимээний бохирдолтой харьцуулагдахааргүй бага нөлөөтэй байсан байна.

"Энэ судалгааг 40 жилийн турш хийж байна. Судалгааны хүрээнд Хятад, АНУ, Герман зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлэл цуглуулж байсан  бүх мэдээллүүд хоорондоо харилцан адилгүй онцлогтой байсан" хэмээн Лондоны Кингс коллежийн эрдэмтэн Йоаннис Баколис хэлжээ.

Гэвч тэрбээр нотлох баримт одоо хэр нь хангалтгүй байгаа тул дахин судалгаа хийх шаардлагатай. Ялангуяа агаарын бохирдлыг бууруулснаар нийтийн сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн аварч болох тухай ойлголт өгөх нь бодлого боловсруулагчдад их хэрэгтэй талаар тайлбарлажээ.

"Бид агаарын бохирдлыг бууруулахын тулд алхах, дугуй унах зэргээр чадах бүхнээ хийх хэрэгтэй. Алхах дугуй унах зэрэг нь агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх давхар ач тустай. Бас засгийн газрууд энэ асуудалд нухацтай хандан, тогтолцооны өөрчлөлт шинэчлэлүүдийг хийх шаардлагатай" хэмээн судалгааны багийн ахлагч Брайтвэйт ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж