АНУ-ын засаг захиргаа Шинжаан, Хонгконгийг эх газрын Хятадын дээрэнгүй бодлогоос хамгаалах хуулийг баталснаас болж худалдааны дайны уршгаар тааруухан харилцаатай байгаа хоёр улсын харилцаа бүр дордоод байгаа билээ.
Энэ үед АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахин Хятадын дургүйцлийг хүргэх хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн нь Түвд дэх хүний эрх, шашин шүтэх эрхийг хамгаалах хуулийн төсөл байв. Одоо “Tibet Policy and Support Act of 2019” нэртэй уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх юм байна.
Энэ хууль нь Түвдийн буддистуудад Далай ламын хойд дүрийг тодруулах эрх олгох зорилготой бөгөөд уг хууль хэрэгжиж эхэлбэл Далай ламын хойд дүрийг тодруулахад нөлөөлсөн, нөлөөлөхийг завдсан Хятадын албан тушаалтнууд АНУ-ын засаг захиргааны хар жагсаалтад орж, эдийн засаг, санхүүгийн болон визний хоригоор шийтгүүлэх нөхцөл бүрдэх билээ. Мөн өөр нэг чухал зүйл заалт орсон нь АНУ-ын консулын газрыг Лхас хотод нээгдэх хүртэл АНУ-д Хятадын консулын газар шинээр нээхийг хориглох байв.
Хятад улсын зүгээс уг хуулийн төслийг эсэргүүцэж, АНУ-ыг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, хэм хэмжээг давж байна хэмээн буруутгажээ.
Эх сурвалж: RFA.ORG
Холбоотой мэдээ