Чуулган: Сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа

13 : 26
2019-12-20

Чуулган: Сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаад үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хориг хүлээж авсантай холбогдуулан 2020 оны нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхтэй холбоотой 174 тэрбум төгрөгийг нөхөх шаардлага үүсч байгаа. Капитал банктай холбоотой алдсан хөрөнгө мөнгөө төвлөрүүлэх талаар ямар зохицуулалт хийж байгаа вэ. Улсын сан хөмрөг алга болоод байдаг, хариуцлагыг нь иргэд аж ахуй нэгж үүрээд яваад байж болохгүй. Хариуцлага алдсан хүмүүстэй ямар хариуцлага тооцох, алга болсон хөрөнгийг яаж төвлөрүүлэх вэ гэв. 

Ингээд санал хурааж, гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг баталлаа.

Үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хурааж, Сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратеги төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны санал дэмжигдэж, хуулийн төслүүдийг баталлаа. Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл, .Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг тус тус баталлаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэсэн боловч ирц хүрээгүй учраас чуулганыг завсарлууллаа.

11 : 44
2019-12-20

Чуулган: Авлига, албан тушаалын хэрэгтэн нэр дэвшихгүй

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.12.20/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийжж, маргаан гарсан учраас өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасан. Хамгийн сүүлд найм дахь зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан ч олонхын дэмжлэг авч чадаагүй. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "Иргэдийн хувь мэдээлэл болох регистрийн дугаар, нэр гэх мэт хувь хүний мэдээллийг ажлын хэсэг дээр намуудад өгөхгүй байх санал гаргасан бөгөөд чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй. Тиймээс энэхүү саналаар горимын санал гаргаж, хүчингүй болгохыг хүсч байна" гэсэн юм. Энэхүү заалт нь иргэдэд сонгогчдын нэрсийн жагсаалтыг намуудад олгохгүй байх заалт байсан ч хүчингүй болж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Зарчмын хувьд нэрийн жагсаалтыг намуудад өгч болно. Болгоомжлох зүйл нь авсан газар нь регистрийн дугаар, хаяг хоёрыг задруулахгүй байх давхар үүрэг хүлээлгэх түгжээ хийх хэрэгтэй. Хүний регистрийн дугаар, гэрийн хаяг хоёрыг сонгуулийн штабынханд тарааж болохгүй. Хувь хүний нууцын асуудал хөндөгдөж байна. Хэрэв дэмжих бол мэдээллийг задруулахгүй байх давхар заалт оруулж ирээрэй. Бүртгэлийн хуулиараа хязгаарлагдмал нууцлалтай мэдээлэлд орж байгаа шүү” гэсэн санал хэллээ.

Энэхүү саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг хасах саналыг байнгын хорооноос гаргажээ. Энэхүү заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Чуулганы хуралдаан түр завсарлаж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж