Англи хэлтний сод зохиолчдын нэг Шарлотта Бронтегийн “Жейн Эйр” роман нь BBC BOOKS- с зарласан бүх цаг үеийн 200 шилдэг романы 10-т бичигдсэн, Английн сонгодог романтизмын төлөөлөл болсон гайхалтай зохиол ажээ.
“Жэйн Эйр” роман шинэ жилийн босгон дээр дахин хэвлэгджээ. Англи, Америкийн дунд сургууль, их сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт багтдаг, заавал унших номын жагсаалтанд дээгүүрт залардаг энэхүү бүтээлийг залуу орчуулагчид хөрвүүлж, зохиолч Б.Шүүдэрцэцэг хянан тохиолдуулсан байна.
Чухам яагаад ЖЕЙН ЭЙР-ийг заавал унших ёстой вэ?
Англи хэлтний уран зохиолд онцгой байр эзэлдэг эгч дүү 3 Бронтегийн нэг Sharlotte Bronte-гийн бичсэн сонгодог роман.
Англи хэлтний ахлах сургууль, коллежуудын заавал унших номын жагсаалтанд багтсан байдаг.
"Жейн Эйр"-ийг уншаагүй бол англи хэл судалж, энэ зохиолтой холбоотой асар олон хэлц үг, хошигнолыг ойлгох боломжгүй.
“Жейн Эйр” бол англи хэлтний уран зохиолд шинэ үзэгдэл болсон онцгой эмэгтэй баатар юм. Учир нь хатан хаан, гүнж, гоо үзэсгэлэнт бүсгүй биш, харин өөрийнхөө оюун ухаан, шударга үнэнч зөн чанарыг эрхэмлэсэн, хүчирхэг эмэгтэй баатар гэдгээрээ уран зохиолд анхдагчдын нэг гэж судлаачид үздэг ажээ.
Шарлотта Бронте Английн Йоркшир дахь бөглүүд тосгонд ядуу даржин Бронте ламтны 6 хүүхдийн 3 дахь охин нь болж 1816 онд мэндэлжээ. Хоёр эгч нь багадаа, хожим эрэгтэй дүү нь насан эцэслэж, Эмили Бронте, Энн Бронте, Шарлотта Бронте гурван эгч дүүс зохиолч болж “Жейн Эйр”, “Багш”, “Агнес Грей”, “Аянгын даваа” романуудаараа англи хэлтний уран зохиолд алдаршсан юм.
Сонирхолтой нь эгч дүү гурав маш богино 29-39 насалж, Шарлоттагаас бусад нь гэрлээ ч үгүй орчлонг орхисон атал, гайхалтай үнэнч хайр дурлал, өрнөл ихтэй сонирхолтой адал явдалт зохиол, амьд идэвхтэй содон хувь тавилантай дүрүүдийг хэрхэн бүтээж чадсан нь судлаачдын гайхлыг төрүүлсээр байдаг.
Товчхондоо, Жэйн Эйр бол дэлхийн уран зохиол дахь анхны бие даасан, ухаалаг, хохирч хэлмэгдэлгүй амьдралынхаа эзэн болж чадсан хүчирхэг эмэгтэй баатар ажээ.