Н.Номтойбаяр: АТГ, прокуророос бичиг ирсэн гэж мэдэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр: АТГ, прокуророос бичиг ирсэн гэж мэдэгдээгүй

Н.Номтойбаяр: АТГ, прокуророос бичиг ирсэн гэж мэдэгдээгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан, түүний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаас тодруулахад “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан асуудалтай холбогдуулан УИХ-ын нэг гишүүнийг шалгаж байна. Тэр нь Н.Номтойбаяр. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Тэгвэл   УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа орон нутгийн онцлог хэрэгцээнд тулгуурласан хуулийн дагуу бүх асуудлыг шийдсэн. Гэтэл АТГ  Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан хууль тогтоомжтой холбож, санаатайгаар хольж хутгаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр хуралдсан байхад огт хуралдаагүй, хуурамч тэмдэглэл хөтөлсөн гэж намайг гүтгэж байна. Мөн гурван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа юм.

Энэ төслийн мөнгө нь эргэн төлөгдөөд  явж байгаа. 2,1 тэрбум буюу 53 хувийн төлөлттэй явж байна гэж С.Чинзориг сайд мэдээлээд байхад төлөгдөөгүй гэсэн. АТГ-ын ажилтан мэдээллийг нягтлахгүй, шалгахгүйгээр, надад мэдэгдэхгүйгээр яллагдагчаар татсан. Би бардам хэлэхэд, АТГ ичдэггүй юм бол миний асуудлыг оруулаад ир. УИХ дээр нээлттэй ярилцмаар байна. Би хуулийн дагуу ажилласан. Яллагдагчаар татах бичгээ УИХ-д оруулж ирээд, нээлттэй хэлэлцмээр байна. Яг одоогоор бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг ирсэн талаар мэдээлэл алга байна" гэж байлаа.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий  прокурорын газарт хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-аас шалгаж буй нь үнэн юм байна. Тодруулбал, түүнийг Дорнод аймаг дахь компанид 200 сая төгрөгийн зээлийг албан тушаалаа урвуулан ашиглан шийдэж өгсөн байж болзошгүй гэж шалгаж байгаа аж.  Энэ хэрэгт АТГ-аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.

Тэд хууль хяналтынханд өгсөн мэдүүлэгтээ “Номтойбаяр сайдын тушаалаар 27 аж ахуйн нэгжид тендерийн шалгаруулалтгүйгээр 2.7 тэрбум төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдээлэл ч гарсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Хуулийн байгууллага намайг гүтгэж, бүр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж явна” гээд АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарыг нэр цохож байсан удаатай.

                                                                                              Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж