Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

“LUSAKA” – ТЭМДЭГЛЭЛ

2019 оны 12 дугаар сарын 09                                                             

Даваа гариг

Зүүрмэглэчхэж. Лусакад газардаж. Орой болж. Харанхуйд онгоцны буудлын гэрэл тод гялалзана.

Гучин жилийн өмнө юмсан. Монголын Ардчилсан Холбоо хуралдаж байнаа. Маргааш цуглаан хийх гэж байгаа. Коммунизмын улаан шуурганд Монгол нэрвэгдээд дал дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байдаг. Ардчилсан Хөдөлгөөн үүссэнийг анх удаа ингэж улс даяар маргааш зарлах. Зөвшөөрөөгүй байгууллага, зөвшөөрөлгүй цуглаан, зөвшөөрөгдөөгүй үг хэллэг. Бүгд албан бус.

Тэр оройны хурал халуухан болсон. Ер нь ч Ардчилсан Холбооны хурал халуухан болдог. Заримдаа тэсэрчих гээд, тарчих гээд. Их үйл явц зогсчих гээд, эсвэл нисэж алга болчих гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Ямартаа тэр үед “Үүлэн чөлөөний нар шиг боломж” гэдэг үг гарах билээ. Түүнийг удирдаж явуулах амаргүй. Юм л бол хүндхэн ажил надад нөхөд минь үүрүүлнэ. Хурал, цуглаан удирдах. Нээх хаах, дундуур нь зохицуулах.

Хэн үг хэлэх, юу гэж хэлэхийг ярилцана, бэлдэнэ, чиглүүлнэ. Уриа, лоозонгийн үгээ хүртэл тохирно. Гэнэт төлөвлөөгүй юм гарвал яах вэ. Хэн, хаана, хэзээ юу хийх вэ. Бүгдийг жин тан болгоно, бэлдэнэ. Таних танихгүй хүмүүсийн дундаас, урилгатай урилгагүй зочдоос мэдэх мэдэхгүй хэл яриа, хатгаа, сөргөлдөөн үүснэ. Атгахад хагарах, алдахад дуусах алтан өндөг, Монголын боломж.

Бөөн цэцэг навч. Юу болох нь энэ вэ. Нүд нь гялалзсан, шүд нь яралзсан, харанхуйн дунд оч, од нисэлдэх шиг дулаан дулаан инээмсэглэл. Бөмбөрөө дэлдэж, бүжгээ бүжиж, дуугаа дуулж Африк угтлаа. Замба тив гэж монголчууд ярьдаг, тийм нэртэй Замби улсад иржээ. – Замбид тавтай морил, Лусака-д тавтай морил гэцгээнэ.


ЛУСАКА ТЭМДЭГЛЭЛ – 2

2019 оны 12 дугаар сарын 10

Мягмар гариг

Сэрэнгүүтээ бослоо. Халуун гэж жигтэйхэн. Өнөөдөр Олон улсын Хүний эрхийн өдөр. Энэ өдөр Замби улс нэгэн түүхэн хөдөлгөөн өрнүүлэхээр шийджээ.

Гучин жилийн өмнө: Яг өдийд, хацар хазлах тэсгэм хүйтэн жавартай өглөө Улаанбаатарт – Залуучуудын Соёлын төв байрны өмнө – “Бид дуугүй удаан байлаа” гэсэн үгээр Ардчилсан Холбооны анхны цуглааныг эхлүүлж байлаа. Тэр өглөө юм юм болсон. Хүмүүс ирээд байдаг, чанга яригч ажиллуулах мотор байхгүй. Цахилгаан мотор хариуцсан хүн алга болчихсон. Мотор ч үгүй, хүн ч үгүй. Мотор олно, түлш олно, холбох утас олно. Тэгээд цуглаан эхлүүлнэ.

Олон хүний хүч сайхан. Болсон л юм. Үгээ хэлцгээсэн. Шаардлагаа танилцуулсан. Ардчилсан Холбоогоо зарласан. Юу хийх гэж байгаагаа ярьсан. “Хонхны дуу”-гаа дуулаад цуглаан өндөрлөсөн.

Эхний цуглаан 1000, 3 мянга ч гэдэг. Хоёрдох – 5000, гурав дахь 10 мянга, дөрөв дэх, тав дахь 40-50 мянга. Зургаа дахь, долоо дахь 100 мянган хүн, сүрт жагсаал гээд – Ялалтын талбайгаас Сүхбаатарын талбай – явж өгсөн. Мөрөнгөөс Улаанбаатар хүртэл алхалт хийх тухай ярьж байв.

Монголчууд сонголтоо тодорхой харж байсан. Хүний эрхээр биш өөрийн эрхээр явъя. Өөрсдөө төр засгаа эмхэлж байгуулъя. Бие даасан, эрх чөлөөтэй болцгооё гэж.

Тэр үед өнөөгийн зарим мэргэд тодроогүй байж. Зарим нь ч төрөөгүй, нилээд нь хүүхдээрээ. Гадаад паспорт олдсон нь “гахай”-нд явна. Зарим нь цаашлаад магнитфон, хуурцаг тоглуулагч, өнгөт зурагт дарж ирнэ. Дэгжин драп өмсөнө. Үсээ гилийтэл тосолно. Гадаад дарс сөгнөж, тамхи зууна. Орц хонгилоор кино үзүүлнэ. Чамин бараа зарна.

Бид яахав. Ардчилсан Холбооныхон эхлүүлсэн ажлаа хийнэ. Хуралдана. Эрх баригчидтай тулна. Цуглаан, жагсаал, тэмцэл, ямар хэлбэр байхав, хэн ямар үүрэг хүлээхэв гээд ярилцана, мэтгэлцэнэ. Муудалцана, сайдалцана. Хөөгдөнө, туугдана. Салбар зөвлөл, сонин хэвлэл, томилолт, уулзалт. Зөвшөөрөл, эс зөвшөөрөл, телевиз радио цаг, шаардлага, хэлэлцээр бүр өлсгөлөн, пикет, алхалт, марш.

Өвлийн хүйтэн, хаврын хавсарга, цас шуурганд, нар салхинд, холторч улайстлаа үзэлцэнэ. Тамираа тасартал явна. Ажлаас халагдах, хөөгдөх, ад үзэгдэх, гүтгүүлж, доромжлуулах, дарамт шаралтад орох, орон шоронгоор айлгах… гээд юм юм л болно. Шөнийн бор хоногт гэрийн бараа харах ч байна, харахгүй ч байна. Амь наана там цаана юм болно.

Хувьсгалынхаа галыг алдчихгүй, унтраачихгүй гэж өргөж нэг, тэвэрч нэг, нууж нэг, үлээж нэг, өрдөж нэг үзнэ. Тийм л байсан. Амар тэмцэл, амар ололт, амар амжилт гэж байгаагүй. Зүгээр яваад өгдөг эрх мэдэл, эрхтэн ямбатан гэж үгүй. Зүсэн зүйлээр үзэлцэнэ. Хазахаас бусдыг хийнэ.

Хүний амьдрал, хүний нийгэм орвонгоороо эргэж байхад юу эс тохиох. Үл ойлголцол, өнчрөл хагацал, салалт уналт. Гал дунд явсан 10 хүний 9 нь ажилгүй, 7 нь гэр орон нь тарж, салж сарниж байлаа. Эрх мэдэлтнүүд тэмцэгчдийг л онилно. Ардчилсан Холбооныхонд хорсолтой хандана. Ардчилал Монголд амар замаар ирээгүй юм.

Хурал, цуглаан гэж хийдэг л буянгууд юм. Нэг харахад хурал хүндэтгэл ч юм шиг, нөгөө харахад урлагийн тоглолт, бүжиг наадам ч юм шиг. Хүмүүст гол мессежээ тун чадмаг хүргэх аргатай улс юм. Газар бүр шахам бөмбөрдөж, дуулж, бүжиглэж угтах юм.

Сайд нь уулзаж намайг өөрийн биеэр урьсан. Хэлсэн ярьсан зүйл маань түүнд их таалагдсан юм гэнэ. – Та манайд оч. Та бол яг бидний хайж байгаа зочин. Бидний ажлыг Ерөнхийлөгч дэмжиж байгаа. Кабинет шийдвэрээ гаргачихсан. Парламент болно гэсэн. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, Олон Улсын хүний эрхийн өдрөөр манай улс зарлах гээд байгаа юм.

НҮБ-ын Хүний эрхийн байгууллагыг урьсан. Африкийн Холбоо ч орно. Тантай уулзуулах хүмүүсээ бид зохион байгуулна. Хэвлэл мэдээлэл ч бэлэн гээд л байсан. Маргааш өглөө нь өглөөний цайн дээр ирж, нэг ширээнд суугаад – “Танай байгууллагын хүмүүстэй би ярьчихлаа. Танайхан намайг маш зөв хүнээ олжээ” гэж байна. Урилга, таны ирж очихыг бид зохицуулна гээд.

Монголд “12 дугаар сарын 10” гэдэг өдөр ямар учиртай өдөр, ой болох тухай би жаахан тайлбарлах гэж оролдлоо. – Тэр тусмаа Та 30 жилийн өмнө эхлүүлсэн ажлаа манайд үргэлжлүүлээд, ойгоо тэмдэглэхэд зүгээр юм бишүү гэж сайд нэмж намайг шахлаа. Надад тусалж байгаа Ражив, Асунта хоёр ч – Та энэ арга хэмжээнд оролцсон нь дээр. Эдний тал маш их ач холбогдол өгөөд байгаа юм. Дэмжигч бүлэг их анхаарч, төлөвлөгөө чиглэлдээ оруулсан ажил гэцгээлээ. За ингээд зам шулуудсан даа. Манайхан ардчиллын тэгш ойгоо тэмдэглэж байдаг. Би Замбид сэрж байдаг.

Замби гэж Африк тивийн зүүн доод хошуу дэрлэж оршдог, Английн колони байсан, Монголоос 2 дахин бага нутагтай, 5 дахин их хүнтэй, 8 хөрш улсаар хүрээлүүлсэн, далайд гарцгүй надаас 1 ах орон юм. Их уст, Замбези голынхоо нэрээр улсаа нэрлэж. Алдарт “Викториа” хүрхрээгээр нь хүмүүс нилээд мэддэг. 300 мянган жилийн өмнөөс хүн амьдарч байсан гэх, зэс, уул уурхай, хөдөө аж ахуй түшсэн эдийн засагтай. Ерээд оны эхнээс ардчилсан тогтолцоонд шилжсэн, 6 дахь төрийн тэргүүнийхээ нүүрийг үзэж байгаа, ерөнхийлөгчийн засаглалтай улс юм. “Гүтгэсэн”, “Нэр төр гутаасан” гэх хэргээр иргэд нь хэрэгт их татагддаг газар гэнэ.

Хөл бөмбөгөөр нэг үе шуугиулж явсан улс юм. FIFA-гийн чансааны 15-д хүртэл жагсаж байсан гэх. Гэхдээ 1993 оны онгоцны ослоор бараг бүх од тоглогчдоо алджээ. Харин дараа жил нь тийм том гарз хохирол амссан ч Африкийнхаа цомд улсаараа хүч нэгдэн түрүүлж, нөхдийнхөө дурсгал, нэрийг баярын нулимстай өргөж мандуулж явжээ. Нэгнийхээ төлөө амиа тавихаас ч буцахгүй нэгдэж зүтгэж чаддаг хүмүүс юм.

Харин манай урд хөршийнхөн бол энд ёстой захаас аваад, замаар үргэлж. Онгоцны шинэ буудал, зам талбай, том том юм барьж байна. Хашаа татаж, улаан лоозонгоор бүсэлчихсэн, тугаа мандуулаад үзэж байна. “Манай нийслэл засагдаж, баригдаж байгаа” гэж анхааруулсан. Үнэхээр тийм юм. Валютын сангаас биш Хятадаас мөнгө авахаа илүүд үзсэн газар гэнээ. Харин авууштай нь бүх ажил, яриа нь англи хэлээр явдаг улс юм.

Ардчилсан хөдөлгөөн, хувьсгал. Монгол Улс.

Гучин жил: Хүн бүр санасан бодсоноороо ярьж байна. Янз бүрээр алдаа оноогоо дүгнэж байна. Дурсамж ярилцлага ч гарч байна. Ном дэвтэр ч хэвлэгдэж байна. Зураг хөрөг ч монтажилж байна. Юмны наана цаана, учир утгыг олон түмэнд мэдүүлэх дургүй хэсэг ч байх шиг байна. Тэд тийм хорон үйлээ илчлэгдэх вий гэдгээс эмээдэг бололтой юм. Одоо юмыг нэг өнгөөр харах, дүгнэх, ярих явцгүй болсон цаг. Нэгэнд нь хар юм, нөгөөд нь шаргал ч харагдаж болох. Нэгэнд нь халуун юм, нөгөөд нь хүйтэн ч байж болох. Дүгнэхээс, асуух нь, бодох нь зөв болсон цаг. Хэдэн асуулт тавъя, байз.

Гучин жил: Гучин жилийн өмнө Монгол улс ямар улс байв. Бид юу олов, юу алдав. Бид юуг хийж амжуулав. Юуг хийж чадсангүй вэ. Хүмүүс хэрхэн өөрчлөгдөв. Улс гэр маань ямар болов. Бидэнд ямар бэрхшээл, зовлон тулгарав. Бид ямар боломжоо алдаж асгав. Ямараа хагас дутуу ашиглаж чадав. Бид ямар нөхцөлийн дунд ажиллаж амьдарч ирэв. Бид ямар үед өгсөж, уруудаж бас дороо эргэж байна вэ?

Хүмүүс юунд бухимдаж, уурлаж байна. Бид юуг уучилж, юуг ойлгох гэж оролдож байна вэ. Бас юунд талархаж, баярлаж байна вэ. Бидний нийгэмд, эргэн тойронд муухай юм, үзэн ядалт хэр их байна вэ. Хэн түүнийг өдөөж, ашиглаж бас хожоод байна вэ. Монголын маргаашийг хэн хэрхэн төсөөлж байна вэ. Бид юугаар чигээ барьж, улс орноороо хэрхэн, яаж дэвжин урагшлах вэ. Бидний нийгмээс авч үлдэх зүйл, бас хаяж гээх ёстой юм юу байна вэ?

Гучин жил: Бид яг ямар байдалд орчихоод байна вэ. Бид бодит байдлаа хэр гүнзгий харж, хэр олон талаас нь судалж ярилцаж байна вэ. Улс орон маань уруудаж байна уу, өгсөж байна уу! Эсвэл бүр гацаад зогсчхов уу. Бидэнд гэрэлтэй гялтайх юм байна уу. Бид дэндүү муу амлаад байна уу?

Бидний зовлон дотроосоо үүдээд байна уу, гаднаас ирээд байна уу. Монголд том бодлого, том ажил яагаад урагшлахаа байчихав. Биднийг айлгаад байгаа юм айх юм мөн үү. Бид ямар учраас нэг урагшилж, баахан хий эргэж, шатаасан боломждоо бүгд хохирч, эргэж буцаад байна вэ. Биднийг юу хойш татаж, юу урагш түлхэх вэ?

Биднээс өөр биднийг гэх хүн, улс гүрэн бий юу. Бидний улсын зовлон, гарц боломж яг хаана байна вэ. Мэдэж байгаа нь яг мэдэж байна уу. Мэдэхгүй байгаа нь юуг мэдэхгүй байна вэ. Өвчин зовлонгоо, онош эмчилгээгээ бид зөв олж харж чадаж байна уу. Бид алдаанаасаа сургамж авсан уу. Сургамжаа сурах бичиг, дүрэм журам, гарц шийдэл болгож чадсан уу?

Гучин жил: Бидний үе тулгамдсан сорилтыг туулж, шийдэх юмыг шийдэж, хийх ажлаа хийж чадсан уу. Бид ирэх үедээ ирж, бас явах үедээ явж чадаж байна уу. Бид хойч үедээ ямар ачаа, ямар боломж үлдээж байна вэ. Тэд юуг өөрчилж, юуг үргэлжлүүлэх ёстой вэ. Тэдэнд бид дэмжлэг болдоггүй юм гэхэд саад болохгүй байж чадаж байна уу?

Монголын ардчилал олонхийн эрх ашгийг илэрхийлж чадаж байна уу. Эсвэл цөөнхөд булаагдав уу. Монгол улс бүс нутагтаа ардчилал, эрх чөлөөний баян бүрд хэвээр байна уу. Нэг бол намаг балчиг болж хувирав уу. Иргэдэд маань улс төрийн эрх гэж байна уу. Тэр эрхээ эдэлж, хэрэгжүүлж чадаж байна уу?

Бидний улс төр юу болчхоод байна вэ. – Улс төрөөс л бүх муу муухай, гай түйтгэр, болж бүтэхгүйн учир шалтгаан үүдээд байгаа нь үнэн үү. Бид ардчилсан нийгэмд амьдраад байна уу, эсвэл ардчилалаа алдсан улсад үймэлдээд байна уу?

Бид хоёр том хөршийнхөө хавчуулганд, газрын мухарт ганцаар ингэж мунгинаж байна уу. Эсвэл дэлхийн дэг журам дэнтэй дунтай, орчлон хорвоогийн ороо бусгаа нь дэндээд байна уу. Сурвал бид хэнээс сургамж авч, нөхөрлөвөл бид хэнтэй дотносож, хааш юунд тэмүүлэх ёстой вэ?

Гучин жил: Бид хүн хөдөлмөрлөвөл, ажиллавал, дор бүрдээ хичээвэл амьдарч болдог нийгэмд байна уу. Эсвэл хэчнээн хичээгээд ч амьдрал ахидаггүй хар буйранд хадагдчихав уу. Хүний амьдрал төр засгаас, улс төрөөс хамааралтай байх нь зөв үү, хамааралгүй байх нь зөв үү. Бид сонгосон замаа арчилж тордох ёстой юу, аль эсвэл хөсөр хаяж өөрийг эрж хайх ёстой юу?

Биднээс хэд нь энэ бүхнийг мэдэж мэдэрч, учир гаргалгааг харж байна вэ. Бид нэгнээ тэвчиж сонсож, сайн муугаа хэлэлцэж, гарц хаалгаа нээж чадах уу. Бид улсаа, ирээдүйгээ бодож нэг нэгнийхээ гарыг барьж, нүүр тулж уулзалдаж бас ярилцаж чадах уу. Эсвэл хэсэг хэсгээрээ, жил бүр “хувьсгал” хийгээд, дээлээ давхарлаж өмсөөд, хөөргөж бүслээд гүйлдээд байх уу. Цаг цаашилхад ийм байдлаас хэн хохирч, хэн хожих юм бэ?

Гучин жил: Улс төрчид эрхээ аваад хариуцлагаа мартсан уу. Хариуцлагын хуулиа хаясан уу. Хариуцлага гэхээр өөрөөсөө биш өрөөлөөс заавал нэхдэг, олдог зүйл гэж бодсон уу. Ёс зүй, ил тод байдал, хариуцлага, иргэнээ сонсох, иргэдээ оролцуулах, иргэд шийдэх, эрх шилжүүлэх юу болсон бэ! Хариуцлага, шударгыг номлох атлаа тэр тухай, түүнийг тогтоох, нэхэх хууль санаачлах, батлах, хэрэгжүүлэхээс зугтах нь хэр шударга вэ?

Хүнд биш гахайнд үйлчилдэг шударга ёсыг яг ямар шударга ёс гэх вэ. Энэ шударга ёс мөн үү. Бид хэн нэг хүний шударга ёсыг шүтэх, дагах ёстой юу. Эсвэл бүгд хуулийн дор тэгш амьдрах ёстой юу. Хууль нь бас хэний төлөө хууль юм бэ. Иргэний төлөө хууль уу, даргын төлөө хууль уу?

Хаалга хүчтэй цохилоо. Гар нь өвддөггүй юм байхдаа. – Уулзах хүмүүс бэлэн боллоо гэнээ. Бичиж байсан юмандаа орчихсон байж. Уртаар амьсгаа авлаа. Нэг гараа нөгөөгөөрөө ганц хоёр базлаа. “Замби”, “Африк” гэж амандаа давтлаа. Ярих юм маань сая бичиж сууснаас тэс өөр. Явуут дундаа зангиагаа зангидаж, үсээ самнаад орлоо доо.

Гучин жилийн өмнө, 25 хэмийн хүйтэнд 26 настай анх удаагаа зөвшөөрөлгүй, албан бус гэгдэх олон нийтийн цуглаан нээж байж. Гучин жилийн дараа 27 хэмийн Африкийн халуун тэнгэр дор энэ улсын иргэний байгууллага, улс төрийнхөн, шийдвэр гаргагчидтай хуралдах, ярилцах гээд орж явна. Ёслол, хурал, ярилцлага юм юм л болно гэнэ.

Замби улс хүний амьд явах эрхийг хүндэтгэх, цаазын ялыг халах Үндэсний аян өрнүүлэхээр шийджээ. Энэ аянаа өнөөдөр, 2019 оны 12 дугаар сарын 10, хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан улс даяараа зарлаж байгаа юм. Энэ улсын хувьд тэмдэглэлт үйл явдал, хүндэтгэл ёслол, баяр юм байна.

Муу төр хүний амь хороодог. Муу хүн хүний амь хороодог. Замбийн төр иргэнээ хороохоос татгалзаж байгаа юм байна. Бүр 22 жил цаазын ял гүйцэтгэхгүй тэвчижээ. 800 жил түүхэндээ төр нь ердөө нэг хүн цаазалсан улс дэлхий дээр байдаг. Нийт гүйцэтгэж байгаа цаазын ялын 80 хувь өнөөдөр 5-хан оронд ноогддог. Ийм болтлоо хүний төр хүний амь хороохоо больж, хүний амь алдаж хороох алдаанаас бүрэн ангижирч байна.

“Цаазын ялгүй дэлхий ойрхон байна” гэж ярьж байна. Олон хөдөлгөөн, санаачилга ч өрнөж байна. Замби улс энэ үйлсэд эргэлт буцалтгүй нэгдэхээр болжээ. Дэлхийн цааз хэрэглэдэггүй, бас түдгэлзсээр байгаа 160 орны эгнээнд Замби явдаг. Одоо хуулиндаа нэмэлт хийж үүнийгээ тунхаглах гэнэ. Африк тивийн 54 улсаас 41 орон хуулиар эсвэл практикт цаазгүй болжээ. 13 нь цаазын ялтай гэх боловч тэдгээрээс 5 нь сүүлийн жилд хүн цаазалжээ. Дэлхийд 5 улсын 4 нь цаазаас татгалзаж байгаа хандлагатай Африк тив нийцэж байна. Цаазгүй Африк тив ойрхон болсоор байна.

Африк дээрхи амжилтаараа Европтой, Латин Америктай, Азитай өрсөлдөх юм байх. Ийм өрсөлдөөн бүс нутгуудын дотор эхэлсэн. Хятад, Америк хоёрын хэн нь цаазын ялыг түрүүлж халсан дэлхийн супер гүрэн болох вэ гэдэг яриа ч гарч байна. Бас ийм яриа гарах үндэслэлтэй юм. Америкийн 50 мужаас 30 муж нь цаазыг албан ёсоор халж, цааз идэвхтэй хэрэглэж байгаа нь 10-т багтдаг болоод байгаа юм. Хятад улс цаазын ял оноодог хэргээ сүүлийн 10 жилд 30 хувиар бууруулсан. Иранд хар тамхины хэргийг цаазлах ялаас хассанаар цаазлах хүнийх нь тоо 70 хувиар буурлаа. Тэмцэл хувьсгал тэр бүр цөөдөөд байдаггүй Венесуэль төр нь иргэнээ цаазлахаа болиод даруй 156 жилийнхээ нүүрийг үзэж байна.

Улс төрчдөд итгэхгүй, улс төр муухай гэх атлаа хүн алах эрхийг төрд, улс төрчдөд өгч болох уу гэж хүмүүс биенээсээ асуудаг болжээ. Тэдэнд хүүгээ, дүүгээ, найз нөхдөөсөө цаазлуулах эрх өгөхгүй гэж ярьж байна. Өнгө мөнгөний хорвоод юу ч болж мэднэ. Ямар ч гэмгүй хүн цаазлуулвал яах билээ гэж болгоомжилж байна. “Амьдрал байхгүй бол шударга ёс байхгүй” гэх хандлага, яриа газар авч байна.

Ийш тийш явахад цагдаагийн машин, хамгаалалт гэж сүрхий сүржигнэнэ. Хар хослолтой, зангиатай, чихэвчтэй гарууд дахиад гараад ирлээ. Нэг үе ийм зүйлийг мартах шахаж байв. “Сүржигнэхээ л байчих л даа” гэдэг үгээ хэлмээр ч санагдана. Гэхдээ “усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг ардынхаа цэцэн үгэнд “хүлээстэй” суув даа би.

Залуус бас нас тогтсон эмэгтэйчүүд “селфи”, “селфи” гээд гүйлдэх нь хөгжилтэй. Тойргоосоо сонгогдсон гишүүнтэй уулзаж байгаа юм шиг зарим нь харьцах. – Таны ярианаас урам зориг авлаа гэцгээнэ.

Хүний эрхийн оны шагналыг Дэд Ерөнхийлөгч, сайдтай нь хамт гардуулах хүндэтгэл ч хүлээв. Хүний эрхийн төлөө өдөр шөнө, цаг наргүй, хэцүү бэрхээс халшралгүй гүйдэг хүмүүсээ, хийсэн зүтгэсэн, хүрсэн амжилтыг нь бичээд шагнах юм. “You powered us” – Та бидэнд хүч чадал нэмлээ гэж хүний эрхийн Үндэсний Комиссын дарга нь чин сэтгэлээсээ хэлж дахин дахин гар атгав.

Эдний гол телевизийн мэдээний үндсэн цаг нь орой 19:00-д эхэлдэг аж. Намайг телевизийнхээ нэвтрүүлэгчийн хажууд хөтөлж авч ирж суулгаад 4 минут ярилцлага авав. Мэдээний эхэнд Ерөнхийлөгчийнхөө хөдөө явж байгаа сурвалжлагын араас, өдрийн хурал уулзалтын тухай мэдээтэй цуг надаас шууд эфирт 3 асуулт асууж цацлаа.

Оройн хоол идэхээр хэсэг хүмүүстэй зоогийн газар ортол Аваргуудын лигийн тоглолт явж байв. Бүр аз болоход Ливерпүүл – Залцбург хоёрын 16 руу орох шийдвэрлэх тулаан эхэлж байв. Бушуухан нутгийх нь шар айрагнаас 1 аяга захиад, “Би Ливерпүүлийн 20 жилийн фанат” гэж хэлээд суулаа. Замбийн 2 тоглогч Залцбургт тоглож байгаа учир тэд ч тоглолтыг сонирхож үзэв. Сайхан байв. Ливерпүүл 2 тэгээр хожлоо.

-Одоо та Италийн элчин сайдын яаманд урилгатай гэв. Явж очтол Лусакад байдаг Европын Холбооны Элчин сайдын яамныхан цуглачихсан Ромоос ирсэн Итали хамтлагийн тоглолт үзэж байв. Дундуур нь Элчин сайд намайг танилцуулж хүмүүс дотно хүлээж авлаа. Тоглолт дуусаж тэнд нэг их сааталгүй буудал руугаа хурдлав. Цаг орой болжээ. Африкийн тэнгэрт одод анивчиж, сэрүү орсон ч нэг л бүгчим.


ЛУСАКА ТЭМДЭГЛЭЛ – 3

2019 оны 12 дугаар сарын 11

Лхагва гариг

Сэрүүлэг дуугарахаас өмнө сэрэв. Парламентынх нь ордон явлаа. Хуулийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо нь дарга гишүүдтэйгээ цуглажээ. Шууд яриандаа орлоо. – Аль газрын парламентын гишүүд нээлттэй, шулуун шударга ярьдаг хүмүүс. Хүнд хэцүү асуулт ч асуудаг. Би бэлэн гээд л эхэллээ. Хоёр цаг орчим үзэл бодол уралдуулав. Гишүүд ч сэтгэл хангалуун байх шиг.

Нутгаас баяр хүргэсэн, талархал илэрхийлсэн утас, мессеж багагүй иржээ. Надад хандаж халуун дулаан мэндчилгээ явуулсан таних танихгүй бүх хүмүүст дашрамд Замби улсаас талархлаа илэрхийлье. Дээр үед хаалга, утас халтал эргэлддэг байсан зарим хүн таг болжээ. “Муу хэлүүлж явах муу биш юм байна. Муу хүмүүс замаас хийссэн мэт алга болчих юм. Намайг хүмүүс санаа зовохгүй гүтгэдэг. Жаргаж муулдаг. Үүнийг би сайн юм гэж хардаг”. Энэ хооронд би ийм юм бодож тэмдэглэлдээ буулгаж амжлаа. Өрнөлтэй, шахуу хөтөлбөрийн дундуур тэмдэглэл хөтлөхөд орж гарах нь их юм.

Гучин жил: гээд өчигдөр бичиж байснаа өнөөдөр, бараг мартжээ. Гучин жилийг эргэж санах өдөр ганцхан байх юм гэж үү. 2020, 2021, 2022 гээд гучин жил гэж дурсагдах үйл явдлууд ч багагүй тохионо доо.

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн, тухайлбал өмнөх Мягмар гаригийн тэмдэглэлдээ бусадтай уралдаж дүгнэлт бичсэнээс, харин тэр бүр бид бие биенээсээ асуугаад байдаггүй асуулт асууя гэж бодсон юм. Хүний бодол, сэтгэгдэл биш зөвхөн цаг үеэ олсон асуулт л өөрийн эрхгүй хүнийг хариулах, ярих, эргэцүүлэхэд хүргэдэг. Тэр дагуу л хүн хаалга цохитол хэдэн асуулт бичсэн юм.

Хэрэгтэй гэвэл түүн дээр нэмэх асуулттай хүмүүс цөөнгүй бий байх. Бас эргэцүүлэх ч нэгэн гарч болох юм. Миний бодлоор бол бид ирэх газраа ирсэн. Байгаа байдлаа харин бодитойгоор харж чадаж байна уу, үгүй юу л гэдэг асуудал. Хүний харуулах гэснээр харж, хүний зохиолд бухимдаж байгаа ч байдлыг бодитоор эргээд дүгнэх цэгнэх үе, цаг хугацаа ирж л таараа.

Монгол хүнд байх ёстой хоёр чухал, нандин юм бол бидэнд бий гэж би боддог. Бидний Эх орон, бидний эрх чөлөө. Ямар янзтай, ямар агуулгатай болсон тухай мэтгэлцэж болно. Харин хувь хүн иргэн надаас шалтгаалах зүйлээ бид хийж, хариуцаж чадаж байгаа юу? Дахиад л асуулт гараад ирлээ.

Хүмүүсийн бодит бухимдлын суурь юунд оршино вэ? Хөрөнгө орлого нь өсөхгүй, хэчнээн хичээгээд ч хүрч ядаад байхаар хүмүүс аргаа барж бухимддаг. Өдийд Монголын эдийн засаг 3 дахин тэлчихсэн, хүний дундаж орлого 3 дахин нэмэгдчихсэн. 30 тэрбумын эдийн засгаас 50 руу яаж алхах тухай ярьж байх боломж Монгол улсад байсан л гэж би боддог. Миний мэдэх, мэдэхгүй шалтгаанаар тэр боломжоо дахиж олохгүйгээр бүр алдсан. Тэр бол зөвхөн эдийн засгийн асуудал биш Монголын боломж өсөж үржих, нэг боломж мянга, мянган боломжийн хаалгыг нээх алтан “chance” байсан юм.

Ээлжит, өөр нэг хүмүүсийн бухимдлыг төрүүлдэг зүйл бол бидний мэдэх хууль, шударга байдал, хариуцлагын тогтолцоо. Үүнийг бүрэлдүүлэх гэж хэрээрээ зүтгэсэн. Болсон ч юм бий, болоогүй ч юм бий. Одоо ерөнхийдөө эргэж нураад хувь албан тушаалтны амны алчуур, амины PR төдий юм болж хувирчээ. Үүнийг ойлгох цаг хугацаа, энд хийгдэх засвар, ажил үнэтэй байх болно. “Нохой хазуулсан эзэндээ янаг” гэж. Манай түшмэдүүд нэгэндээ янаглаад бодит байдлыг олж харахаас, гарах гарц шийдлээ ярилцахаас тив хол явна даа, хөөрхий.

Гучин жилийн өмнөхийг эргэж харахад сайхан байсан юмыг муухай болгочихсон юм бидэнд байхгүй. Харин төрөөс, дарга түшмэдээс хамааралгүй хувь заяандаа эзэн болоод явчих бүхэл бүтэн хэсэг, давхарга хатуу ширүүн хавсарган дунд бойжиж байгаа нь чамлах аргагүй амжилт. Үүнийг би өнгөрсөн 30 жилд гарч ирж байгаа хамгийн чухал, үнэт ололт гэж харж байна. Түүнээс биш үгээ чөлөөтэй хэлдэг, биенээ муулдаг, хол ойргүй явдаг, шүтэхээ шүтдэг, жигшихээ жигшдэг юм бол хүнд л байдаг мөн чанар. Яахав тийм эрхгүй байсан үе бий. Түүнийг хэн нэг нь олж ирсэн юм биш. Хүнд өөрт нь заяасан л эд.

Ийм ардчилалыг хүсэж байсан уу гээд л асуудаг юм. Хүссэн хүсээгүй бодит байдал, бидний цөөрөм ийм л байна. Ардчилалын мөн чанар хүний дуртай бүхнийг гүйцэлдүүлэхэд биш, харин дургүй байх эрхийг нь хамгаалахад оршдог гэж би бодох болсон. Хүний өөрчлөлтөөр Монголд асуудал шийдэхгүй гэдгийг яс махандаа шингээж ойлгосон. Төрийн бодлого гэхээс чонын бодол таах гэж байгаа юм шиг биш. Алдсанаасаа сургамж авч, түүнийгээ дүрэм, стандарт, хуулиараа илэрхийлдэг, дэвшлээ хадгалж ахиулдаг улс үндэстэн л урагшлах тавилантай.

Ардчилал муу нэртэй ч гэмгүй хүн цаазлаагүй. Өнгөтэй өөдтэйгөө өөнтөглөж устгаагүй. Сүүдрээ нуугаагүй. Хүний ам бариагүй. Монголыг дэлхийд өргөж, дэлхийг Монголд ойртуулсан. Ажилладаг хөдөлмөрлөдөг нэгэнд боломж гаргаж өгсөн.

Харин эрх мэдэл бол зээл адил эргэж төлөгдөх ёстой. Авсан бол өгөх ухаанд суралцсангүй. “Өг” гэдэг хоёрхон үсгэнд амьдралын түмэн өнгө зохицох учиртайг олонхи нь ойлгосонгүй. Эрх мэдлийн агуулга ингэж өөрчлөгдсөнийг мэдэрсэнгүй. Нэг Монгол нөгөөтэйгөө тэмцэлдээд урагш ахисангүй. Бүтээж ядаж байгаа нийгмийнхээ тулж байгаа баганыг хөрөөдөхөд биш, түүнийг бэхлэхэд ухаан хүч уралдахгүй, нэгдэхгүй удлаа.

Ёслолын ажилтан духныхаа урсах хөлсийг хомхойгоороо ээлжилж өлгөж шидэлсээр орж ирэв. Улсын Ерөнхий шүүгч нь уулзъя гэж урьжээ. Ерөнхий шүүгч нь нас тогтсон, ажил үүргээ их сайн мэддэг бололтой, намбалаг хүн юм. Дээд шүүхийнх нь шүүгчид, зарим ажилтнууд байв. Хууль зүйн сайд нь бас хүрээд ирж. НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссартаас Монголд ажилласан илтгэгчийн ноднин гаргасан илтгэлийг хувилаад тавьчихсан сууж байна. – Манай шүүгчид насаараа томилогддог. Улс төрчид шүүхийн хуулинд гар хүрдэггүй юм гэсээр яриагаа эхэлж байна. Олныг хардаг, уншдаг, манайд болж байгаа юмны талаар үнэр авчихсан хүн бололтой.

Гэхдээ Монголд байдаг шиг шүүхийн ил тод байдал алга. Шүүх, шүүгчийнх нь шийдвэр тийм хурдан олон нийтэд ил болдоггүй бололтой. Шүүгчид нь нөлөөллийн мэдүүлэг гаргадаггүй аж. Иргэдээ тосож үйлчилдэг нь мэдрэгдсэнгүй. Чимэд гуайтай хамтраад Шүүх эрх мэдлийг шинэчлэх хөтөлбөр гаргаад бид чадахаасаа чадахгүй хүртлээ зүтгэсэн дээ. 16 хууль шинээр бас шинэчилж батлахаар төлөвлөснөөс 13-ынх нь ард гарсан.

Олон улсын мэргэжлийн байгууллагын судалгаагаар “шүүхэд итгэх итгэл” 18 хувиас 67 хувь хүртэл өсөж байсан үе ч бас байсан. Зохион байгуулалттай дайралтад ямар ч сайн юм, дэвшил харлаж нугардаг л юм байна. “Transparency International” Давост Монголын авлигын индекс 120-иос 70 хүртэл 5 жил дараалан бууж 50 орноор, байраар ахиж багассаныг “miracle” гэж нэрлэж байв. Бид ч “гайхамшигсаад байх юу байхав” гэсээр түүх хүүрнэж зогссон л юм. Тийм үе Монгол улсад байсан юм шүү.

За түүх ч яахав. Хууль зүйн сайд нь Ерөнхий шүүгчээ “Эрхэм хатагтай ерөнхий” гэж бөхөлзөөд “Таны хууль зүйн сайд чинь” гээд ийм юм хийж бас хийх гэж төлөвлөж байгаа гээд нуур нугас. Сонин л юм. “Бид Английн колони байсан. Английн хууль, тогтолцоог авчихсан юм. Ёслол хүндэтгэл, сүлжмэл цагаан үсийг нь хүртэл өөрчлөөгүй одоо болтол хэрэглэдэг” гэж Тамгын дарга нь танилцуулсныг харин дурьдчихъя. Бидэнд эд нар шиг хуулчих эсвэл авч ирээд суулгачихсан дэвшилтэт юм даанч байгаагүй. Өөрчилж, эвлүүлж, хийж босгосноо устгах, унагахдаа бид сайн улс. Үүнийгээ ярилтай биш. Харин тэд аз болж ярих, асуух юм ихтэй байжээ. Элэгсэг, найрсаг сайхан уулзалт боллоо.

Ардчилсан Холбооны зарим партизан “messenger”-т орж иржээ. “Ардчилсан Холбооноос хувьсгалын 30 жилийг тэмдэглэх биш гутааж дууслаа” гээд зураг, мэдэгдэл хавсаргаж. Со ярив. “Тэнэгүүд” гэж бичлээ гэж байв. Зарим нь урилга өгсөнгүй гэж бичжээ. Замбид яваа надад бол бүр амар юм. Ардчилсан Холбоо урьсан ч, ус цацсан ч би яахав. – Ардчилалаа, нэмээд Ардчилсан Холбоогоо алдлаа гэж уурсах.

Манай улсын ардчилалыг Оросоос эсвэл Хятадаас хэн нэг нь ирж булаагаагүй. Мөн Монголын Ардчилсан холбоог ч адил. Ардчилал, Ардчилсан Холбоог холын шуналдаа ашиглаад, өмсөж гүйгээд тэгсэн атлаа дэвслээд, нулимаад байх тийм хачин юм өнөөгийн монгол хүнээс өөр хэнээс ч гарахгүй дээ. Заримдаа Ардчилсан Холбоогоо харахаар, үлдсэн цөөхөн партизанаа сонсохоор хүний зүрх байтугай, хүрэл зүрх ч хайлмаар болох л юм.

Миний бичиж буйг унших биш зураг хараад бухимддаг буян цөөнгүй бий. “Афиркт нөгөөдөх чинь зугтаад оччихсон, зугаалж явна” гэх нь энүүхэнд. Би Олон улсын дөрвөн ч байгууллагын урилгаар хүлээсэн үүргийнхээ дагуу ажилд нь оролцдог. Эдний төлөвлөгөөт ажил сар жил дамжаад намар, өвөл, хавар завгүй өрнөдөг. Ажлаа надтай надгүй жилээр, сараар, өдрөөр тооцоод төлөвлөчихсөн байдаг юм. Гишүүн, комийшнер, патрон, ахлагч гээд миний оролцох ёстой ажил цөөнгүй. Суусан цэцэнээс явсан тэнэг дээр гэж бусдад ч, надад ч тустай байдаг юм. Нэг удаагийн намын хуралд ороод буцдагтай энэ ажлуудыг зүйрлэх боломжгүй. Би хуулийн байгууллагад мэдээ, мэдээллээ өгөөд явж байгаа. Тэд ч намайг хаана юу хийж явааг мэдэж байгаа.

Гучин жил: Манай өвөг дээдэс олон юмыг цөөн үгэнд багтааж онож хэлэхдээ гаргуун. “Арчилалын” гэж нэрлэдэг бидний амьдарсан 30 жилийн үйл явц, утга учрыг, миний бичих хэлэх гээд байгааг 4 үгэнд багтаагаад хэзээ юм, хэлчихсэн байх юм. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гээд. Үнэхээр л бид эзэн хичээвэл заяа хичээдэг нийгэм байгуулах гэж, тийм нийгэмд амьдрах гэж сонголтоо хийсэн, амьдарч яваа улс. Хэнээр ч заалгахгүй, хэнээс ч, юу ч хүлээхгүй. Өөрсдөө л хувь заяагаа дархална, хариуцна.

Үндэсний олон нийтийн телевизэд нь ирлээ. Ирэх ням гаригийн өглөөний 10 цагаас гарах “Бүтэн сайны ярилцлага” гэдэг амралтын дугаартаа намайг  урьжээ. Бүтэн 50 минутаар хамгийн их үзэлттэй цагаараа гаргадаг ярилцлагын тогтсон нэвтрүүлэг юм байна. Тэр ярилцлагад нь зочноор орж цаг гаруйн бичлэг хийлгэв. Ярилцагч бүсгүй ажилдаа мэргэшсэн сэтгүүлч байв. – Онцгой зочин манай студид хүрэлцэн ирлээ гээд ярилцлагаа эхлэв.

Япон, Киргиз, Өмнөд Солонгосын телевизээр ийм маягийн ярилцлагад орж байлаа. Их үр дүнтэй, хүмүүс үзэх сонирхолтой байдаг юм билээ. Цаг хурдан өнгөрлөө. Ярилцлагад ороогүй удсан ч танил уур амьсгал мэдрэгдэж байв. Дараа нь телевизийн зураглаач, сэтгүүлч, редактор хамт патиар татуулав. “Дахиад ирээрэй” гэсээр үдэж өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
121
ЗөвЗөв
89
ХөөрхөнХөөрхөн
37
ГайхмаарГайхмаар
23
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж