А.Ариунболор: Major тэмцээнд баг дасгалжуулж ормоор байна

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

А.Ариунболор: Major тэмцээнд баг дасгалжуулж ормоор байна

А.Ариунболор: Major тэмцээнд баг дасгалжуулж ормоор байна

 Сүүлийн үед дэлхий даяар Е-спорт үсрэнгүй хөгжиж, тэр хэрээр шагналын сан, үзэгч фенүүдийн тоо асар хурдацтай нэмэгдэж байна. Acer брэнд цахим спортын хөгжлийг дэмжих зорилгоор жил бүр Ази, Номхон далайн орнуудын дунд зохион байгуулагддаг Predator League тэмцээний Монгол дахь сонгон шалгаруулалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдав. Монголын "IMG" баг best of 5 тоглолтод 3-2 харьцаатай YG багийг ялан, 6 сая төгрөг болон ирэх оны хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд  Филиппиний Манила хотод зохион байгуулагдах 400 мянган ам.долларын шагналын сантай "Predator League-2020" тэмцээнд орох эрхийн эзэд болсон. Тус тэмцээнд түрүүлсэн IMG багийн дасгалжуулагч Ariuka буюу А.Ариунболортой хийсэн ярилцлаа. Тэрбээр өмнө нь Mongolz багт тоглодог байсныг та бүхэн сайн мэдэх биз ээ.


-Юуны өмнө танд болон танай багт “Predator League-2020” тэмцээний сонгон шалгаруулалтад түрүүлсэнд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө болон багаа танилцуулаач?

-Баярлалаа. Намайг Алтанцэцэгийн Ариунболор гэдэг. Dota болон dota-2 спортоор хичээллээд 10 гаруй жил, яг dota-2 төрлөөр хичээллээд ойролцоогоор долоон жил болж байна. Анх dota-2 гарч эхэлж байхад шууд тоглоогүй. Тэр үед кей нь жаахан асуудалтай байсан учраас нэлээд хоцорч, жил гаруйн дараа яг dota-2 тоглож эхэлсэн. Манай багийн хувьд зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Ariuka би өөрөө дасгалжуулагч, нэгдүгээр байрлал дээр Bell буюу Тамир, байрлал хоёр дээр Тэмүүлэн буюу Retribution, байрлал гурав дээр tsl буюу Энхтөгс Рэги, байрлал дөрөв дээр Hustla буюу Нармандах Монголын анхны Major тоглогч, байрлал тав дээр та бүхний сайн мэдэх Sanke буюу Энх-Од нэлээд олон жил Монголын нүүр царай болж яваа залуу тоглож байгаа. IMG гэх нэрэн дор нэгдээд удаагүй. Миний таньдаг ах IMG нэрэн дор тоглооч гэдэг саналыг анх тавиад, WCG болон Predator-ийн сонгон шалгаруулалтад IMG багийн нэр дээр тоглохоор шийдсэн. Одоохондоо ийм л хоёр тэмцээнд ороод байж байна. Цаашдын төлөвлөгөөгөө хараахан гаргаагүй байна. Гэхдээ улам их амжилт үзүүлэх байх аа.

-Багаа анх хэрхэн бүрэлдүүлсэн бэ?

-Ерөнхийдөө Монголд dota-2 жаахан уналттай гэх юм уу даа. Тогтмол тэмцээн уралдаан болдоггүй. Яг жилийн оргил үе нь энэ үе л байдаг. WCG Predator гээд Монголоос жил болгон хоёр багийг гадагшаа явуулах боломжтой болсноороо энэ спортод арай өөрөөр хандах хандлагатай болсон. Энэ баг анх Mongolz нэрэн дор явж байгаад больж, байнгын үйл ажиллагаатай биш, өөр өөрсдийн хувийн зүйлийг хийгээд, яг тэмцээний сонгон шалгаруулалт болохоор цуглардаг залуусын нэгдэл гэх юм уу даа. Бүрэлдэхүүний хувьд анх Muka, би, Snake, Bell, Retribution гээд таван хүн Dew league тэмцээнд түрүүлсэн.

Энэ бүрэлдэхүүнээрээ байж байгаад WCG болон Predator-ийн сонгон шалгаруулалтад tsl болон Hustla хоёрыг авч, хүчээ зузаатгаад, түрүүлээд slot-оо аваад явъя гэсэн зорилготой анх нэгдэж байсан. Баг бүрдээд нэг их удаагүй.

Hustla-ийн хувьд өмнө манай багт тоглоод түрүү жилийн WCG-ийн бүрэлдэхүүнд явж байгаад Predator-ийн сонгон шалгаруулалтад YG багт хожигдоод, сонгон шалгаруулалтаа алдаж байсан. Ер нь нэлээн олон жил цугтаа яваа хүмүүс гэж ойлгож болно.

-Саяхан түрүүлсэн Predator League тэмцээнийхээ тухай товчхон танилцуулаач. Аль баг хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?

-Predator League тэмцээний хувьд зохион байгуулалт дажгүй, хамгийн өрсөлдөөнтэй тэмцээн болсон гэж бодож байгаа. Яагаад гэвэл багууд нэлээн чанга бүрэлдэхүүнтэй, нэмээд Dota-2-ийн шинэчлэлт маш их нөлөөлсөн. Major-ийн дараагаар маш том өөрчлөлтүүд хийсэн. Тэндээс хэн их сурсан, хэн их тоглосон нь л хождог жамтай учир бидний хувьд тоглоход нэлээн хүндрэлтэй байсан. Ялангуяа финалын тав дахь тоглолтод манайх бараг хожигдох нь ойлгомжтой болоод ирсэн.  Гэхдээ ямартай ч хожсонд багийнхандаа үнэхээр их баярлаж байна. Хамгийн гол нь дасгалжуулагч  ард нь зогсох боломжгүй байсан учраас тэр үед ёстой юугаар ч тусалж чадаагүй. Тэгээдл багийнхандаа найдахаас  өөр аргагүй байсан.  Нэлээд хэцүү таван тоглолтыг YG багийн эсрэг хийсэн дээ.

-Удахгүй болох Азийн Predator League-2020 болон бусад тэмцээнүүдийн талаар юу хэлэх вэ?

-Азийн Predator League-2020 тэмцээнд бэлдэх хугацаа хангалттай бий. Гэхдээ Hustle-ийн хувьд WCG-т хараахан оролцож амжихгүй байх. Яагаад гэвэл ирэх оны нэгдүгээр сарын 16-наас эхлэх Major тэмцээний бэлтгэл Европын нэг улсад болно, тийш явах шаардлагатай болсон. Багийнх нь бэлтгэл нэгдүгээр сарын 1-нээс эхэлж байгаа. Тийм учраас яаж ч бодсон Major тэмцээний бэлтгэлд нь явуулж, тэмцээндээ илүү их амжилт гаргах боломжтой учраас Hustle-аа WCG-т авч явж чадахааргүй болсон. Түүний оронд TEAM W багийн support тоглогч BULL-ийг эгнээндээ нэгтгээд, WCG-т тэмцээнд авч явахаар болсон. Харин Predator League-2020 тэмцээнд яг үндсэн таваараа оролцоод, илүү их амжилт үзүүлэх байх аа. Харин WCG-т тодорхой амжилт амлаж чадахгүй. Ямар ч байсан чадахаараа хичээнэ. Predator League-ийн хувьд арай ондоо байна.

-Баг дотроо санал зөрөлдөх, муудалцах үе зөндөө гардаг байх. Энэ бүгдийг хэрхэн давж гардаг вэ. Олон хүний санаа бодлыг нэгтгэнэ гэдэг хэцүү?

-Тэр үеийг бид зургаа аль хэдийн давсан. Mongolz багт байхад хэрэлдээд, зодолдох нь холгүй үеүд зөндөө байсан. Одоо яг бидний хувьд “communication”  дээрээ бол Монголд байгаа хамгийн сайн баг гэж бодож байна. Яагаад гэвэл бид найз нөхөд, гэр бүлийн хэмжээнд нэгнээ ойлгож, хоорондоо илэн далангүй “Чи ингэ, чи болохгүй байна, чи яагаад ингэсэнгүй вэ” гээд шулуухан хэлчихдэг.  Хэн нэгнийхээ үгийг  хүндээр тусгаж авахгүй “За, миний алдаа бол миний алдаа, чиний алдаа бол чиний алдаа” гэж ойлголцдог болсон. Тиймээс  “communication” талаасаа өмнөх жилүүдийг бодвол хамгийн төгс үе дээрээ ирсэн байгаа.

-Бэлтгэл хийх орон байр, хангамж, ивээн тэтгэгч байдаг уу. E-спорт их л хөрөнгө оруулалт шаарддаг шүү дээ? 

-Тийм юм бараг байдаггүй. Бүгд гэр гэрээсээ тоглох боломжтой цагууддаа нийлээд  тоглодог. Одоо үед “boot camp” гэдэг бол нэлээн мөнгөн дүнгийн асуудал учир одоохондоо ивээн тэтгэгч байгууллага гэх юм байхгүй. IMG багийн хувьд анхдагч нь байх аа.

-Монголын E-спортын хөгжлийн талаар ямар бодолтой явна вэ? Цаашдаа хэр хол явах бол?

-Монголын E-спортын хөгжил Mesa, Predator League, WCG гээд та бүхэн харж байгаа байх. Монголын e-спорт бол одоо хөгжиж эхэлж байна. Нэмээд зурагт телевиз, радио бүх л хэрэгслээр е-спортыг гаргадаг болж байна. Өмнөх шигээ “Шар хадны хүүхдүүд” гэсэн ойлголт нь арай багасаад ирж байна. Яагаад гэвэл хүн болгон л ярьж байна. Угаасаа дэлхий нийтээрээ хөгжиж буйг нь харж байгаа юм. Дээр нь шагналын сан нь өндөр учир энүүгээр мөнгө олох боломжтой гэдгийг нь харж байгаа. Ийм учраас Монголын ийм спорт хөгжиж байгаа. Гэхдээ хөгжсөн биш зүгээр хөгжиж, цэцэглэж байна. Одоо яг миний ид тоглож байсан үеийг одоогийнхтой харьцуулах аргагүй.

-Монголд хүүхэд залуус компьютер тоглоомд хэт донтох, сэтгэцийн өөрчлөлттэй болж байгааг эмч нар анхааруулдаг. Мэргэжлийн хүний зүгээс энэ талаар юу гэж хэлмээр байна вэ?

-Хамгийн түрүүнд ар гэрийн байдал чухал шүү. Ар гэр нь тоглуулахгүй гэж хорих тусам хүүхэд чинь улам зөрөөд, тоглоод алга болдог. Одоо үед интернет хөгжсөн учир бүх мэдээллийг гэр бүлдээ үзүүлж харуулаад ийм ийм боломжууд байна, би үүгээр хичээллэмээр байна. Надад өдөрт тодорхой хугацаа өгөөч. Би ийм амжилтад хүрнэ гээд өөрөө эцэг эхдээ тайлбарлаад ойлгуулах бүрэн боломж байна. Монголд одоо бараг интернет ашиглаж чадахгүй хүн байхгүй. Иймээс эхний ээлжид ар гэрээс хамаарна. Дараа нь мэдээж өөрийнхөө потенциалыг мэдэж байх хэрэгтэй. Үнэхээр чи сайжрах боломжтой бол цааш нь тогло. Яаж ч хичээгээд сайжрахгүй бол зүтгүүлээд байх хэрэггүй. Өөртөө ч, гэр бүлдээ ч тэр хэцүү шүү дээ. Ур чадвартай хүн цаанаасаа л ондоо. Хамгийн наад зах нь  mmr-аас харагдана. Манай багийн Bell чинь анх 3к байсан. Гэхдээ цаадах чинь dota-аа хаяагүй. Өөрийнхөө потенциалыг олж нээгээд, шаргуу бэлдсэний эцэст одоо 8 мянга болсон байна. Бараг дөрөв, таван жилийн хүч хөдөлмөр шаардагдсан байх. Үнэхээр чи Bell шиг хичээх чадвартай бол хичээ. Чамайг Монголын баг авахгүй юмаа гэхэд гаднын С-ийн багууд mmr-ийг чинь хараад л Hustla шиг л авна. Гэхдээ Монголд е-спорт энэ эрчээрээ дахиад дөрөв, таван жил хөгжихөд байдал арай өөр болно.

-Хүүхэд залуус видео-тоглоомоос гадна өөр ямар чадвараа хөгжүүлбэл илүү амжилтад хүрэх бол. Хүүхдүүд видео-тоглоомоос гадаад хэл сурч байгаа харагддаг?

-Ерөнхийдөө видео-тоглоом тоглохын давуу тал хэлний мэдлэгтэй болно. Чи заавал англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй байх шаардлагагүй. Ерөнхийдөө англи хэлний ярианы мэдлэг олж авна. Тоглохоо больсон ч сурсан хэл чинь байж л байна.

Хэлтэй бол хөлтэй шүү дээ. Харин мэргэжлийн тамирчин болохын тулд нэлээн олон зүйлийг золиослох шаардлагатай. Олон талын авьяас шаардагдана.

Залуу тоглогчдын хувьд тоглоом тоглох чадвараа л сайжруулах хэрэгтэй. Чи үнэхээр гоц чадвартай бол бусдыг нь чамайг авч байгаа баг  хийгээд өгнө. Чамайг хэлгүй бол хэл сургана, нэмээд туршлага, хувь хүний зохион байгуулалт суулгаж өгнө. Гэхдээ монголчуудын ганц алдаа нь “би би би” гэдэг зан. Мянга чадвартай байлаа ч багийн тоглогчид чинь туслахгүй бол  хэн ч биш болно. Тэрийг нэлээд сайн ойлгох хэрэгтэй. Би гэдэг зуршлаа хойш тавих нь дээр гэж үзэж байна. Би гэдэг зуршлаасаа болж алдаж байсан хүмүүсийг их харж байсан.

-Олон төрлийн баатраар тоглодог байх. Дуртай тоглогч болон голчлон тоглодог баатрынхаа тухай яриач?

-Миний хувьд Miracle-ийг л анх гарч ирсэн цагаас нь хойш одоо хүртэл дэмжиж байна даа. Баатрын хувьд миний байрлал чинь support учир тэр төрлийнхөө ихэнх баатраар тоглодог. Гэхдээ Chen, Enchantress нараар тоглодоггүй. Тоглож чаддаггүй биш, зүгээр л хүсдэггүй. Улс улсынхаа онцлог байдаг юм шиг анзаарагддаг. Монголд бол Chen, Enchantress зэрэг Push маягийн тоглолт нэг их хэрэгжээд байдаггүй. Тийм учраас ихэнх багууд эдгээр баатруудыг авдаг юм шиг санагдсан. Монголын багуудын тоглолтыг харахад Chen, Enchentress нараар push-лээд тоглоод байх нь цөөн. Миний голчлон тоглодог баатрууд бол Venge, CM, Lich байрлал тав дээр өөр юу байдаг юм, Puck гэх зэрэг баатруудаар тоглодог. Аль болох багтаа тусалж, байрлал, нэгийнхээ баатрыг өөрийнх нь lane-д аятайхан явуулах л байхгүй юу. Гол үүрэг нь багийнхаа хүний farm-ийг авч өгөөд, jungle-ээ үржүүлээд, зөв цагт зөв үедээ зөв баатрынхаа ард байж аварч, зөв skill-үүдээ хийх ёстой. Аль болох эдгээр үүргээ гүйцэтгэхийг хичээдэг. Одоо гэхдээ dota хувьсан өөрчлөгдөөд ямар ч баатраар тэр үүргийг гүйцэтгээд явах боломжтой болоод байна. Яг тоглох дуртай баатрын хувьд DK таалагддаг. Бүр анхнаас нь л тоглох дуртай боломж гарвал л авах дуртай даа.

-Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнийхөө тухай бидэнтэй хуваалцахгүй юу. Дахиад хэдэн жил тоглох бодол байна вэ?

-Тоглогчийн хувьд карьер минь бараг л өндөрлөж байна. Магадгүй ганц хоёр жил үлдсэн байх. Ирээдүйд хэрвээ боломжтой бол спонсортой болоод TI, эсвэл үгүй гэхэд Major тэмцээнд баг дасгалжуулаад ормоор байна. Хэрвээ тийм зүрх сэтгэлтэй спонсор олдвол би coach хийгээд өгөх надаа нөөц бололцоо чадамж миний хувьд байгаа гэж бодож байна. Мэдээж би өөрийнхөө чаддаг зүйлийг үнэгүй хийж өгөхгүй. Намайг цалинжуулаад, dota-ийн coach болоо гэвэл тэрийг л сүүлийн үед хүсч байна. Гэхдээ цалинтай, цалингүй ч coach болох сонирхол бий.

-Цалин гэснээс Монголын түүхэнд хэн хамгийн өндөр дүнтэй гэрээ хийж байсан бэ?

-Одоо хамгийн дээд цалинг Hustla л авч байна даа. Ер нь Монголын dota-ийн тоглогчид бараг цалин авдаггүй. Bell бас анхдагчдын нэг шүү. Индонезийн багт очоод, сарын 200-300 ам.долларын цалин авч байсан. Энэ бол С-ийн дундаж шүү дээ. Харин Hustla-ийн хувьд нэлээн өндөр.

 

                                                                                                                      Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж