АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордныг орхих уу?

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордныг орхих уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордныг орхих уу?

АНУ-ын Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх /импичмент/ асуудал сүүлийн үед дэлхий дахины хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг болж байна. Энэ бүх үйл явдал Дональд Трамп 2020 оны сонгуульд гол өрсөлдөгч АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байдены  хүүтэй холбоотой хэргийг шалгахыг Украины Ерөнхийлөгч Зеленскийгээс хүсч, түүнд дарамт шахалт үзүүлсэн гэх асуудлаас эхлэлтэй.

Трамп, Зеленский нар өнгөрсөн долдугаар сарын 25-нд утсаар ярилцах үеэрээ уг сэдвээр аминчлан ярилцсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй Трамп Зеленскийд нөлөөлөхийн тулд Украинд олгох ёстой байсан цэрэг, техникийн тусламжийг хоёр сарын хугацаагаар саатуулсан гэх хардлага ч бий. Харин Трамп үүнийг эрс няцааж байгаа юм. Зеленскийн зүгээс ч энэ мэдээлэлд няцаасан хариулт өгсөн байдаг.

Зарим судлаач шинжээчид энэ бол Ардчилсан намын сонгуулийн өмнө тавьж буй жүжиг, ард түмнээс оноо авч Трампын нэр хүндийг унагаах оролдлого гэж харж байгаа бол зарим нь Трамп Зеленскийг дарамталсан нь үнэний ортой, тиймээс ч энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдвэл Трамп суудал дээрээ тогтож үлдэхэд хэцүү болно гэж үзэж байна.

Импичмент гэж юу вэ, хэрхэн өрнөдөг вэ?

Төрийн өндөр албан тушаалтныг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Ерөнхийдөө төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тогтолцоо гэж хэлж болно. Үүнд Ерөнхийлөгч, шүүгч нар, парламентын гишүүд хамаарна. АНУ-ын Үндсэн хууль Конгресстоо хэрвээ улс орны тэргүүн төрд тэрслэн, улсынхаа хууль журам, ардчилсан үнэ цэнийг зөрчсөн гэж үзвэл Ерөнхийлөгчийг бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө үүрэгт албанаас нь чөлөөлөх эрх олгодог. Тус улсад импичментийг 1787 онд Үндсэн хуульдаа тусгайлан зааж өгсөн байдаг. АНУ-ын үндсийг тавигчдын нэг Александр Гамильтонн улсынхаа Үндсэн хуулинд импичментийн тухай зүйл заалт оруулахдаа гол үндэслэлээ “олон нийтийн итгэлийг эвдэж, улс төрийн зорилгоор бусдын эрх ашигт халдсан бол” гэж онцолж байжээ.

Импичментийг төрийн өндөр албан тушаалтан төрд тэрсэлсэн, хахууль авсан, хүнд хөнгөн гэмт хэрэг хийсэн, эрхзүйн бусад зөрчил гаргасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Конгрессийн үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг тохиолдолд хэрэглэдэг.

Энэхүү хариуцлагын тогтолцоо анх Их Британид үүссэн ч өнөөдөр АНУ-ын улс төрийн системд илүү үр дүнтэй тогтож байгаа аж. АНУ-д Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг Сенатын танхим эцэслэн шийддэг. Импичментийг хэлэлцэхэд Сенатын гишүүд эхлээд тангараг өргөж, гишүүдийн 2/3 зөвшөөрснөөр тухайн албан тушаалтныг импичментээр шийтгэдэг байна. Хэн нэгнийг гүтгэх, хэлмэгдүүлэхээс сэргийлж маш олон шат дамжлага дамжин, асуудалд олон талаас нь үндэслэл, нотолгоон дээр нарийн дүн шинжилгээ хийсний эцэст шийдвэрээ гаргадаг юм.

Өнөөдрийг хүртэл АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчийн эсрэг импичмент хэрэглэсэн гурван тохиолдол байдаг байна. Хамгийн анх 1868 онд АНУ-ын Ерөнхийлөгч Эндрю Жонсонд, дараа нь 1998 онд Ерөнхийлөгч Билл Клинтоны эсрэг импичмент зарлаж байжээ. Гэвч энэ хоёр тохиолдолд Конгрессын шийдвэрийг сенат дэмжээгүйн улмаас буцаагдаж, төрийн тэргүүнүүд суудалдаа үлдэж байсан аж. Эндрю Жонсоныг буруутгасан 11 төрлийн буруутгал дотор 1867 оны Армийн актыг батлахыг тэр эсэргүүцсэн байсан бөгөөд үүний дээр АНУ-ын Конгрессын гишүүдийн нэр хүндийг гутаан доромжлох, үзэн ядалт явуулж буй байдлыг буруутгажээ.

1974 онд ерөнхийлөгч Ричард Никсоны эсрэг мөн л импичмент зарлагдаж, улмаар Конгрессын шийдвэрийг хүлээлгүйгээр тэрбээр сайн дураараа огцорч байсан аж. Түүнийг сонгуулийнхаа төсвийг буруу гараар олж авсан хэмээн буруутгасан байдаг.

Төрийн тэргүүний эсрэг импичмент зарлах нь зөвхөн хууль журам зөрчсөн гэхээс илүүтэй тухайн Ерөнхийлөгч өөрийн албан тушаал эрх мэдлийн хувийн зорилгоор ашигласан нь тогтоогдвол үйлчилдэг байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Билл Клинтоны хувьд түүнийг Цагаан ордны тэргүүний суудлаас буулгахаар импичмент зарлах болсон шалтгаан нь ихэнх хүмүүсийн ойлгож байгаа шиг дадлагажигч Моника Левинскитэй учир ургуулсан явдал биш, харин тэрээр энэ харилцааныхаа талаар тангарагтнуудын өмнө худлаа мэдүүлэг өгч, худал ярьсан нь илүү нөлөөлсөн гэдэг.

Харин Ерөнхийлөгч Трампын хувьд асуудал шийдэгдэх хараахан болоогүй байна. Хууль дүрмийн дагуу эхлээд Төлөөлөгчдийн танхимаар импичментийг Сенатаар хэлэлцүүлэх эсэхийг шийддэг. Энэ дагуу санал хураалт өчигдөр /2019.12.19/ болсон ба Трампын импичментийг Төлөөлөгчдийн танхимын олонхи нь дэмжиж, түүний гэм буруутай эсэхийг Сенатын танхимаар хэлэлцүүлэхээр болсон. Сенатын танхимын санал хураалт 2020 оны нэгдүгээр сард болох аж.

Түүнийг нэгдүгээрт эрх мэдлээ урвуулан ашигласан, хоёрдугаарт Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутган санал хураасан юм. Ингээд эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр санал хураахад Ардчилсан намын 229, бие даагч нэг гишүүн Трампын эсрэг санал өгч импичментийг дэмжсэн бол Бүгд Найрамдах намын 195, Ардчилсан намын хоёр гишүүн Трамп эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаагүй гэж үзжээ. Харин хоёр дахь үндэслэл буюу Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэл дээр 229 гишүүн Трампын эсрэг санал өгсөн бол 198 гишүүн импичмент явуулах шаардлагагүй гэж үзсэн байна.

Энэхүү санал хураалтын дүн Трампын эсрэг гарах нь эхнээсээ ойлгомжтой байсан. Учир нь Төлөөлөгчдийн танхимд сөрөг хүчин Ардчилсан нам олонхи. Харин эцсийн шийдвэрийг гаргах Сенатын танхимд эрх баригч Бүгд найрамдах нам олонх. Өөрөөр хэлбэл Сенатын танхим Трампын талд гэсэн үг учир хөдлөшгүй баримт нотолгоо л байхгүй бол Трампыг огцруулна гэдэг бараг бүтэшгүй санаа болж хувирах юм. Нэг талаар энэ үйл явдал Трампын нэр хүндийг ихэд унагаж байгаа ч хэрэв тэр Цагаан ордонд үлдэхээр болбол асуудал өөрөөр эргэж, тэр мэтгэлцээнд ялж, ард түмний итгэл эргэн сэргэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж