УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг УИХ-д өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан. Энэ хуульд өвөл хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байх Засгийн газрын шийдвэрийг эсрэг өвөл хурдан морины уралдаан зохион байгуулах боломжтойгоор зохицуулалт хийжээ. Тэгвэл хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нар өргөн барьж байсан. Гэвч УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд хууль өргөн барьсны маргааш нь хуулийн төслөөс нэрээ татсан юм.
Уг хуулийн төслийн 8.12-т Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” нэртэй уралдаан зохион байгуулахыг хуульчилсан байна. Энэ нь сар шинийн 14-ний өдөр буюу хүйтний эрч сулраагүй үе таарах юм. Тэгэхээр билгийн тооллоор хавар боловч цаг агаарын хувьд өвөлд тооцогдох учир хүйтэнд хүүхдээр морь унуулж, зугаацдаг байдал дахин бий болох нь ээ. Тиймээс энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж иргэд төдийгүй хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас ч Төслөө тат, хүүхдээ бод, хүйтэнд уралдуулахгүй давалгааг эхлүүлжээ. Ийнхүү сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд өвлийн уралдаан зохион байгуулах хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийг шүүмжилж, хуулийн төслөө татах давалгаа өрнөөд буй. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар нар төслөөс албан ёсоор нэр татаж байгаагаа мэдэгдэв. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Хуулийн төслийн гол агуулга нь хурдан морины уралдааныг маргаангүйгээр явуулах, эрлийз, монгол морь уралдуулсан гэж жил бүрийн наадмаар маргаан үүсдэг болсон. Түүнээс гадна өвөл, хаврын уралдаан замбараагүй байдаг байсныг жилд нэг л удаа цагаан сарын дараа дулаарсан үед нэг удаа уралдаан зохион байгуулах саналыг уяачид, малчид гаргасан санал. Тиймээс энэ төслөө татна” гэсэн бодолтой байгаа. Гэхдээ тэрбээр шууд утгаар нь төслөө татна гэж хэлээгүй, татах бодол байгаа гэдгээ тодотгов. Ямар ч гэсэн анх санаачилсан гурван гишүүн нь хуулийн төслөөс татгалзсан учраас Х.Болорчулуун гишүүн ганцаараа чичрээд байхгүй л болов уу.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ