Ерөнхий сайд маргааш эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд маргааш эх орондоо ирнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ажлын
айлчлал өндөрлөх тийшээ хандаж байна. Тэрбээр Унгар улс дахь ажлын
айлчлалаа өндөрлөж, өнөөдөр нутгийн зүг жолоо залсан бөгөөд маргааш эх
орондоо ирэх болжээ. Энэ сарын 7-нд эх орноосоо мордсон тэрбээр анхны
ажлын айлчлалаа гуравдугаар сарын 8-нд Австри улсаас эхэлсэн. Айлчлалын
хүрээнд тус улсын Холбооны канцлер Вернер Файманнтай уулзаж, Дулааны
цахилгаан станцад нүүрсний утааг механик болон химийн аргаар шүүдэг
Австрийн туршлагыг Монголд нэвтрүүлэх, Улаанбаатар хотод хог
боловсруулж, дулаан гаргах үйлдвэр барих, Монгол Улсын Хавдар судлалын
үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, усалгаатай газар
тариалангийн загвар аж ахуй байгуулах зэрэг төслийг хэрэгжүүлэхээр
болж, тохиролцоонд хүрсэн юм.

Харин
Бүгд найрамдах Унгар улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын
Ерөнхий сайд Байнаи Гордонтой уулзаж, Европын стандартыг Монголд
нутагшуулах хүсэлтэйгээ илэрхийлж, цаад тал дэмжлэг үзүүлэхээ
мэдэгдсэн. Түүнчлэн Ерөнхий сайд нар хэлэлцээнийхээ хүрээнд Унгар улсад
суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, Улаанбаатарын инженерийн
шугам сүлжээг шинэчлэх, геофизикийн хамтарсан хүрээлэн байгуулах,
боловсрол, соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны
бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөл байгуулах, 25 сая. ам долларын
хүүгүй зээлийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр
болсон юм.

Ерөнхий сайдын айлчлалын
бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн
Ч.Сайханбилэг, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Р.Буд, Ерөнхий
сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, Гадаад харилцааны яамны Төрийн
нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Улаанбаатар хотын захирагч
Г.Мөнхбаяр тэргүүтэй албаны хүмүүс багтсан бөгөөд хамтдаа эх орондоо
ирнэ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж