Төрийн томчуудын тоглоом

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

Төрийн томчуудын тоглоом

Төрийн томчуудын тоглоом

Сүхбаатарын талбайн хоёр талд тавьсан шоо хэлбэртэй боржин чулуун хаалтыг иргэд ихээр шүүмжилж буй. Нэг л өглөө сэрэхэд төв талбай оршуулгын газар мэт болчихлоо хэмээн халаглан ярьж байна. Ядаж байхад түүн дээр хэн нэгэн фото шопчин ЖДҮ-чин гишүүдийн нэрийг он, сартай нь тавьж сошиалаар цацсан нь асуудлыг бүр дэвэргэж орхив. Нэг чулуу нь гурван саяын үнэтэй гэх мэдээллийн араас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани хийж гүйцэтгэсэн болж таарав. Тэгэхдээ бүр тендер зарлалгүй шалгаруулсан аж. Эцэс сүүлд нь Хотын дарга хэлбэр хийцийг нь шүүмжилж, дахин засварлах хэрэгтэй гэсэн бол уг ажлыг зохион байгуулсан Төрийн тусгай хамгаалалтын газраас дахин засварлахад татгалзах зүйлгүй хэмээн мэдэгдэв. Эргэлзээтэй энэ асуудалд бид тодорхой хариулт авахаар уг ажлыг хийж гүйцэтгэсэн “Боржин суварга” компанийг зорилоо.

Баянгол дүүргийн XX хороонд байх уг компани 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Байгалийн боржин чулуугаар төрөл бүрийн уран баримал, хөшөө дурсгал, зам талбай, барилгын хавтан, хашаа, нүүр өнгөлгөө хийдэг. Үйлдвэрийн хаалгаар ороход биднийг бөөн цагаан тоос, дуу чимээ угтлаа. Хашаан дотор битүү хувцастай, маск, малгайтай таван залуу зав чөлөөгүй ажиллах аж.

Чулууг бутлах, хөрөөдөх, сийлэх, хээлэх, өнгөлөх гээд олон шат дамжлага явагдаж байв. Тэдний дундаас нэгэн залуу биднийг чиглэн ирсэн нь тус компанийн захирал Ж.Түвшинжаргал байв. Тэрбээр СУИС-ийг зураач, сийлбэрчин мэргэжлээр төгссөн, мэргэжлийн, туршлагатай уран бүтээлч. Чулуугаар бүтээл туурвиад арваад жил болж буй. Энэ хугацаанд тэрбээр 500 гаруй хөшөө, дурсгал бүтээжээ. Ж.Түвшинжаргалын бүтээл хүрээгүй аймаг, сум Монголд үгүй. Аглаг бүтээлийн хийд, Хөвсгөлийн хөшөө, дурсгалууд, Цонжин болдогийн Өүлэн эх цогцолбор гээд нэрлээд байвал дуусахгүй. Түүний энэ хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлж, СТА, "Алтан гадас" одонгоор шагнажээ. Тиймдээ ч тэрбээр ирж буй захиалгыг бизнесээ гэхээс илүү урлагийн бүтээл гэж хардаг тухай яриандаа онцолсон юм.

-Талбайн чулуун хамгаалалтыг чухам яагаад та хийх болов, танд захиалга өгсөн юм уу?

-Одоогоос гурван жилийн өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн тусгай хамгаалалтын газраас хэдэн хүн манай үйлдвэр дээр ирж надтай уулзсан. Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд төв талбайд чулуугаар хамгаалалт хийх хэрэгтэй байгаа тухайгаа ярьсан. Дотоодын үйлдвэрээ дэмжихийг зорьж байгаа учир олон жилийн туршлагатай, мэргэжлийн компаниудыг судалж байгаа.

Интернетээр хайхад танай компани гарч ирлээ, бусад нь ихэвчлэн буяны хөшөө, дурсгал хийдэг юм байна. Танайх үнийн саналаа өгөөч гэсэн юм. Би ч үнийн саналаа өгсөн.

Нэг хэсэг чимээгүй болчихсон. Дараа жил нь дахиад ажлын хэсгийн хэдэн хүн манайд ирж үйлдвэртэй танилцсан. Түүхий эдийн нөөц, үйлдвэрийн хүчин чадал, хийсэн бүтээлийн зураг аваад явсан юм. Тэд сонгон шалгаруулалт хийхийн тулд судалгаа авч явна гэж тайлбарласан. Өнгөрсөн зун дахиж холбогдоод, танайхаар хийлгэхээр боллоо гэв. Бид ч зөвшөөрч, энэ оны есдүгээр сарын эхээр гэрээгээ хийсэн.

-Тендер зарлахгүйгээр нэг компанид давуу эрх олгож, шууд худалдан авах гэрээ байгууллаа гэсэн шүүмжлэл гарч байна. Танай компанийг хэн нэгний “шахаа” гэж хардах нөхцөл үүсч байна л даа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Энэ асуултыг тэр зохион байгуулж, захиалсан газраас асуусан дээр байх. Тэд өөрсдөө судалж, сонгон шалгаруулсан. Танайх л боломжтой юм байна гээд ирсэн шүү дээ. Ер нь Засгийн газар үндэсний үйлдвэрээ дэмжиж, төв талбай дээрээ монгол хүний ур, ухаанаар бүтсэн хаалт тавих гэж зүтгэсэн. Тиймдээ ч судалгаа хийж, цаг их алдсан санагдсан.

-Гэтэл танайхыг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани гэж бичсэн шүү дээ?

-Яалаа гэж дээ. Би АНУ-д ажиллаж олсон мөнгөөрөө босгосон үйлдвэр. Үүнд манай хамаатны залуу ч бас тусалсан. Би өөрөө Дундговьд төрж, өссөн. Манай компанид хятад хөрөнгө оруулагч байтугай хятад ажилчин байхгүй. Цахим орчинд хүмүүс бараг зүүдээ бичдэг болчихож. Үүнийг цааш нь өөр нэгэн өнгө үзэмж, нэмэлт хачир оруулаад мушгин гуйвуулж байна. Ингээд нийтээрээ дэвэргэн ярих юм.

Хар ухаанаар төсөөлж яривал, Монгол гэдэг чинь нэг айл. Энэ айлын аав, ээж нь ээлжилж төр барьдаг хоёр том нам. Иргэд бид чинь хүүхдүүд нь. Аав, ээж нь хүүхдүүдээ дэмжиж, тэтгэдэг биз дээ.

Үүний адил төр үндэсний үйлдвэрээ дэмжихээр шийдсэн байна. Гэтэл хүүхдүүд нь нэгийгээ муулаад байж болохгүй. Адилхан дэмжих ёстой. Ингэж байж манай улс хөгжинө.

-Иргэдийн зүгээс шүүмжилж буй өөр нэг зүйл нь хэлбэр, хийц. Төв талбай оршуулгын газар болчихлоо гэж халаглаж байна. Үүнээс өөрөөр хийж болоогүй юм уу?

-Нэгдүгээрт, манайх загвар, хийцийг нь гаргаагүй. Бид удаан ярилцсаны эцэст нийслэлээс гаргасан зураг, хийцийн дагуу хийхээр болсон. Хоёрдугаарт, монголчууд оршуулга дээр хэзээ ч ийм дөрвөлжин чулуу тавьдаггүй.

Оршуулгын чулуу мэт харагдуулах болсон шалтгаан нь ЖДҮ-чин гээд хүний нэр фото шопоор бичсэн явдал. Үүнээс болоод иргэдэд тэгж санагдсан байж магадгүй. Ард түмэн баталгаагүй мэдээлэлд их хурдан итгэж байна. Ямар сайндаа үүнийг харсан миний найз нөхөд, ах дүү, хамаатан садан утасдаад "Чи үнэхээр гишүүдийн нэрийг он, сартай нь бичээд тавьчихсан юм уу" гэж хүртэл асууж байх вэ дээ. Нөгөөтэйгүүр, Хятад, Солонгос зэрэг улсад очихоор бүх юм бөөрөнхий байдаг. Манайх үүнээс өөр байх ёстой гэж бодсон. Тэгээд чулуугаар хамгийн тогтвортой, бат бөх хаалт хийх хувилбар бол дөрвөлжин хэлбэр байсан. Шоо дөрвөлжин чулууг машин мөргөлөө гэхэд чулуу байрнаасаа амар хөдлөхгүй. Их болж нэг, хоёр өнхрөөд тогтчихно. Харин бөөрөнхий чулуу хол өнхрөх магадлалтай. Өнхөрсөөр байгаад олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдэх эрсдэлтэй. Үүнээс гадна нэг чулуу 365 кг жинтэй. Үүний доор суурь тавиад бөөрөнхий болгочихоор бараг тал жингээ алддаг. Өөрөөр хэлбэл, жин багасна гэсэн үг. Тэгэхээр бат бөх, тогтвортой байдал нь алдагдана.

-Хотын дарга С.Амарсайхан яг ийм хэлбэрээр хүлээж авч чадахгүй, шаардлага хангахгүй байна гэчихлээ. Дахин засварлах боломжтой гэсэн хариуг Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай өглөө. Таныхаар энэ боломжтой юу?

-Хэлбэр, хийцийг нь өөрчлөх боломжгүй. Жишээлбэл, та захиалгаар дээл оёсон чинь даашинз болгомоор байна гээд байвал хэцүү биз дээ. Боломж байгаад дахин өөрчлөхөөр бол дахиад ажлын хөлс тооцох ёстой.

-Үнийн хувьд нэг чулууг гурван саяар хийсэн гэж яригдаж байгаад одоо 380 мянга болчихлоо. Нийт хэчнээн төгрөгийн төсөвтэй хийгдсэн юм бэ?

-Чулуугаа бид Төв аймгийн Эрдэнэ суманд байх Бууралхайнгай уулаас олборлосон. Байгалийн цэвэр, цагаан шаргал өнгөтэй боржин чулуу. Иргэд маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид зүгээр сууж байгаад мөнгө авчихаагүй. Ер нь чулууны бизнес их зарлагатай байдаг. Чулуугаа олборлохдоо А зөвшөөрөлтэй компанид бид төлбөр төлнө. Орон нутгийн нэмэлт төлбөр, тээврийн зардал, ашиглаж буй төхөөрөмж, ажилчдын цалин хөлс гээд зарлага маш их. Дээр нь бид улсдаа татвар төлнө. Манай компани нийт 15 ажилчинтай. Сарын цалин 1.000.000-1.600.000 төгрөг. Тэгээд үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь бага зэргийн ашиг байх ёстой. Энэ бүхнийг тооцоолоод миний хамгийн анх гаргасан үнэ бол нэг ширхэг дөрвөлжин хаалтыг 490 мянгаар тооцсон. Гэтэл захиалагч тал үнээ буулга гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан.

Ингээд нэг ширхэг нь ойролцоогоор 380 мянга буюу нийт 396 ширхэг хамгаалалтын чулуу 152 сая 231 мянга 237 төгрөгийн төсөвтэй болсон. Нийт 100 гаруй тонн чулуу орсон. Одоогоор бид 160 ширхгийг хийж гүйцэтгээд талбай дээр тавьсан. Үлдсэн 236 ширхгийг гэрээ ёсоор энэ сарын 25-наас өмнө талбай дээр байршуулах ёстой.

Гэрээ хэтрүүлбэл алданги тооцно. Тиймээс бид өдөр, шөнөгүй л ажиллаж байна даа.

Сүхбаатарын талбайн хамгаалалтын чулуу том, жижиг хэмжээтэй. Том нь 50х50х50см хэмжээтэй 356 кг бол жижиг нь 40х40х45см, 200 кг жинтэй. Нэг том чулуу тавиад гурван жижиг байхаар өрж тавьжээ. Үүнийг харсан иргэд хазгай, муруй тавьсан хэмээн шүүмжилсэн байна. Үүнд сийлбэрчний зүгээс “Бүгдийг том хийхээр уйтгартай шүү дээ. Тэгээд ч нийслэлээс нэг том яваад, гурван жижиг байхаар шийдсэн” гэсэн хариулт өглөө. Чулуун дээрх дүрсүүд ч мөн бэлгэ тэмдэг агуулж буй аж. Тасралтгүй үргэлжлэх бат, бөхийн бэлгэдэл алхан хээ, эв нэгдлийг эрхэмлэх хос загас, тэр бүү хэл ордны хашаан дээрх хээг ч мөн ижилсүүлж оруулж өгчээ.

“Боржин суварга” компанийн захирал Ж.Түвшинжаргал ярихдаа “Би Монгол Улсын иргэн. Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хичээж явдаг уран бүтээлч хүн. Тиймээс эх орноо бодсон ч би үнэтэй хийж яах билээ. Аль болох боломжийн үнээр хийхийг зорьсон” гэв. Илүү дутуу үггүй өмнөхөө чанартай хийгээд явдаг хүн гэвэл түүнийг л хэлмээр санагдсан. Захирал нь мөртлөө ажилчдынхаа дунд ороод ажиллаж буй байдлаас сэтгэл, зүтгэл, хөдөлмөр үнэртсэн. Тийм л залуусыг төр үнэлж, дэмжих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрээ өшөө илүү дэмжих хэрэгтэй. Хамгийн гол нь захиалга өгч хийлгэсэн ажлаа мэдэн будилж, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөөгүйд бухимдал төрөв. Шинэ жилийн сюрприз аятай нэг л өглөө талбай дүүрэн чулуу өрсөнд иргэд ч дургүйцэв. Үүн дээр дөрөөлөөд янз бүрийн мэдээлэл цацагдаж эхлээд хэд хонов.

Нээлттэй тендер зарлаагүй гэдэг нь ч илэрхий болов. Төв талбайг тойрсон чулуу ийнхүү төрийн томчуудын “тоглоом” болж, дахин засварт орж магадгүй болох нь. Үүний төсвийг мэдээж иргэдийн татвараас авах нь дамжиггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
26
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж