Удахгүй сурагчдын амралт эхэлнэ. Ирэх Даваа гаригаас хүүхдүүд 21 хоног амрах юм. Харин хүүхдүүд амралтаа зөв боловсон өнгөрүүлж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүйн зовлон бий. Хүүхэд залуусын хувьд чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө тоглож, цагийг зугаатай өнгөрөөх боломжтой газрын нэг нь PC тоглоом. Цахим тоглоомын газарт өдрийн турш 5000-8000 төгрөгөөр өнжих нь тэдний хувьд мэдээж хямд, бас хамгийн зугаатай арга нь болж хувирдаг. Гэтэл тоглож байгаа тоглоом нь аллага хүчирхийлэл. Ийм орчинд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж байна гэж хэлэхэд бэрх.
Цахим тоглоомын газрын эзэд хүүхдийг удаан хугацаагаар тоглуулж, донтуулагч болгон, цаашлаад өсвөр насныхны хоног төөрүүлдэг оромж болгон, мөнгө олохоос өөр бусдыг бодохгүй. Ихэнх нь хуульд заасан дүрэм журмыг мөрддөггүйн дээр нь агааргүй орчинд хүүхдүүд хэдэн цагаар тасралтгүй дэлгэцэнд донтож, гэртээ харилгүй шөнийг өнгөрөөх нь эздэд ашигтай.
Хуулийн дагуу бол цахим тоглоомын газар нь 16 хүртэл насны хүүхдэд зуны улиралд 20.00 цаг, өвлийн улиралд 18.00 цаг хүртэл үйлчлэх ёстой. Харин насанд хүрэгчдэд 23.00 цаг хүртэл үйлчлэх журамтай. Мөн орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг нь хориглодог боловч эсрэгээрээ үйл ажиллагаа явуулсаар ирсэн нь ердийн үзэгдэл мэт болжээ.
Улсын хэмжээнд 400 гаруй цахим тоглоомын газар зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаагаас 290 орчим нь нийслэл хотод бүртгэлтэй. Эдгээр газрын үйл ажиллагаа явуулах эрхийг Харилцаа холбооны зохицуулах газраас олгож, цагдаагийн байгууллагаас хяналт тавьдаг. Гэвч ихэнх цахим тоглоомын газруудаас хууль дүрмээ зөрчдөг, хүүхдүүдийг хонуулдаг, чанаргүй хүнс худалдаалдаг гэх зөрчил байнга илэрдэг боловч өнөөдрийг хүртэл “амь бөхтэй” үйл ажиллагаа явуулж буйд бодитой арга хэмжээ авах учиртай. Уг нь хотын захиргаанаас өнгөрсөн жил PC тоглоомын газруудыг хаах шийдвэр гаргасан байдаг. Үүнээс хойш цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг шалгасан, хаасан тухай сураг ажиг ер дуулдсангүй. Тэд шийдвэрээ эргэж харахаар болсон уу, эсвэл “Нэг сайхан нартай өдөр хэрэгжүүлнэ дээ” гэж алгуурлаж сууна уу, бүү мэд.
Жилээс жилд цахим тоглоомын хэрэглээ, дэлгэцийн донтолт багачууд өсвөр үеийнхний дунд хэрээс хэтэрснийг СЭМҮТ-ийнхөн анхааруулсаар өдийг хүрлээ. Тус газраас мэдээлснээр, Хүүхдийн клиникт хэвтэн эмчлүүлэгсдийн 98-99 хувь нь эрэгтэй, 5-8 дугаар ангийн сурагчид аж. Тэр тусмаа сурагчдын амралтаар орны ачаалал нэмэгддэг байна. СЭМҮТ-өөс гаргасан сүүлийн зургаан жилийн статистик тайлангаас Хүүхэд, өсвөр үеийнхний клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн тоо өссөн үзүүлэлттэй байгааг харж болно. Тодруулбал, 2013 онд 31, 2014 онд 47, 2015 онд 41, 2016 онд 68, 2017 онд 94, 2018 онд 56 хүүхэд тус тус хэвтэн эмчлүүлжээ.
Дэлгэцэд донтсон өсвөр үеийнхний нэг хэсэг нь эрүүл мэндээрээ хохирч, нөгөө хэсэг нь хэрэг зөрчилд холбогдох болов. Тухайлбал, ах дүү хоёр оюутан саяхан СЭМҮТ-д эмчлүүлжээ. Нэг нь сургуулиасаа гарахдаа тулсан, нөгөө нь бүтэн жил хичээлээ тасалсан байсныг эцэг, эх нь мэдээгүй аж. Төрсөн ах, дүүс бүтэн жил РС тоглож, эцэстээ эмнэлэгт хүргүүлсэн байна. Энэ мэтчилэн хэчнээн хүүхэд дэлгэцийн донтолт, интернетийн буруу хэрэглээнээс болж гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж, бас эрүүл мэндээрээ хохирч байгаа бол.
Цагдаагийн байгууллагад хүүхэд нь гэртээ ирэхээ больсон дуудлагын дийлэнх нь цахим тоглоомонд донтсоноос үүдэлтэй байдаг аж. Жишээ татвал, цагдаагийн байгууллагад “Манай хүү гэрээсээ гараад алга болчихлоо. Сүүлийн үед дандаа PC тоглоом тоглодог болчихсон. Сүүлдээ бүр ном дэвтрээ зараад эхэллээ. Бид зогсоох гээд уурлахаар уйлж загнаад утсаа хаагаад алга болдог болчихлоо. Миний хүү амиа хорлочих юм биш биз дээ”.
“Хүү маань 12-р анги. PC тоглоомонд донтчихсон. Нөхөр бид хоёр болиулах гээд үнэндээ хүчрэхгүй байна. Аав нь суран бүсээрээ ороолготол уурлаад тэр чигээрээ утсаа хаагаад алга болчихсон. Одоо бид яах вэ” гэх гомдлууд ирсэн байх юм.
2019 он гарсаар цагдаагийн байгууллага 830 хүүхдийг эрэн сурвалжилсан байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 6-17 насны 19 хүүхэд олдоогүй байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Гэхдээ алга болсон хүүхдүүдийн гэр бүлийн асуудлаас болж гэрээсээ дайжсан болон цахим тоглоомын газарт өнжсөн, найз нөхөдтэйгээ дарвиж цэнгэсэн шалтгаанаар олддог гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлдэг.
Хүүхдүүд цахим орчинд донтож, чөлөөт цагаа PC тоглоомын газруудад өнгөрүүлж буй нь тэдний буруу биш. Эцэг эхчүүдийн анхаарал халамж, хүүхдэдээ үзүүлэх зөв үлгэр дууриаллаас гадна тэдний сонирхолд нийцсэн хямд өртөгтэй чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг нь бүрдүүлэх учиртай.
Кино театр нь гарын арван хуруунд тоологдохоор цөөхөн, тоглоомын төвүүд нь шааран бөмбөлөг, хуванцар тоглоомоос өөр зүйлгүй, хүүхдийн сонирхолд нийцсэн орчин үеийн шийдэл бүхий номын сан, биеийн тамир хөгжүүлэх газар ховорхон байгаатай л холбоотой. Ядахдаа л Улиастайн эцэст байрлах “Шидэт кафе” шиг хүүхдүүдэд зориулсан кафе нь олон, гэр театрыг хотын төв, гэр хороолол дунд нээхэд цахим тоглоомын төв рүү гүйх хүүхдүүд ч цөөрөх болов уу.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ