Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг “Аспайр майнинг лимитэд” ХХК Монгол Улсын хойд хэсэгт, Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газарт хамгийн том нүүрсний ордын хайгуулыг хийж илрүүлэн эзэмшиж буй.
Тус компани коксжих нүүрсний нөөцөөр Монгол Улсад хоёрдугаарт ордог “Овоот” төслийн 100%, Жилчигбулагийн болон Мянганы нүүрсний төслүүдийг 100% тус тус эзэмшдэг. “Овоот төсөл” нь JORC стандартын дагуу 255 сая тонн коксжих нүүрсний боломжит нөөцтэй. 2021 оноос эхлэн угаасан нүүрс гаргаж Эрдэнэт хүртэл жилдээ дөрвөн сая тн нүүрс тээвэрлэх төмөр зам байгуулахаар төлөвлөжээ.
Тус уурхайг ашиглах 21 жилийн хугацаанд жил тутам 10 сая тонн хүртэл хэмжээтэй, зах зээлийн шаардлагад нийцсэн коксжих нүүрс олборлох бүрэн боломжтой.
АСПАЙР МАЙНИНГ: САНААТАЙ БУРУУ ОРЧУУЛАН, ГҮТГЭЖ БАЙНА
Монголын Үндэсний компаниудын эгнээнд нэгдээд удаагүй тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар нийт хувьцааны 51 хувийг Монгол Улсын иргэн Ц.Цэрэнпунцаг нэмэлт хөрөнгө оруулах замаар эзэмшсэнийг баталгаажуулж, удирдлагын эрхийг монголчуудад шилжүүлжээ.
Сүүлийн өдрүүдэд "Аспайр Майнинг Лимитэд" ХХК-ийг энэ сарын эхээр Хятадын “Sinosteel” групптэй гэрээ байгуулж, Хөвсгөлийн Овоотын уурхайг ухах 100 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, улмаар хамтын гэрээ нь 2020 оны тавдугаар сард дуусна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар "Australian mining", "Mining technology" зэрэг уул уурхайн мэдээ, мэдээллийн томоохон сайтууд мэдээлжээ.
Үүнтэй холбогдуулан тус компанийн Хууль эрх зүйн хэлтсээс "Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “Аспайр Майнинг Лимитед” компани БНХАУ-ын компаниас 100 сая ам.долларын зээл авсан” гэх худал мэдээллийг нэр бүхий иргэд нийгмийн сүлжээнд зориудаар тарааж, компанийн нэр хүндэд халдан, олон нийтийг худал мэдээллээр төөрөгдүүлж байгаад харамсаж байна.
Олон нийтийг төөрөгдүүлсэн энэ мэт ташаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас тодруулалгүй, санаатай буруу орчуулан гүтгэх, компанийн бизнесийн нэр хүндэд халдах явдлыг зогсоохыг шаардаж байна” гэж мэдэгдсэн юм.
Бид энэ талаар Ц.Цэрэнпунцаг гарьдаас тодруулахыг оролдсон ч ямар нэгэн хариулт авч чадаагүй тул “Аспайр майнинг лимитэд” компанийн Орон нутгийн төлөөлөгч Л.Энхжаргалтай холбогдлоо. Тэрбээр “Манай компани 2008 оноос Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Компанийн тухай ташаа мэдээлэл цацагдаж байгаад гайхаж байна. Овоотын уурхайг ухах уу, үгүй юү гэдэг эцсийн шийдвэр гараагүй. Би 100 сая ам.долларын гэрээний талаар ямар нэг мэдээлэлгүй байна” гэв.
ХӨВСГӨЛЧҮҮДИЙН БУХИМДАЛ
Ц.Цэрэнпунцаг гарьд Хятад компаниас 100 сая ам.долларын зээл авч, Хөвсгөлийг ухах нь гэсэн мэдээлэл хоймор нутгийнхныг ихэд хилэгнүүлжээ. Тодруулбал, тэд “Юуны тѳлѳѳ хотгойд Чингүнжавын үр удам билээ, ухуулна гэж байхгүй. Тэмцэж байна” гэх зэрэг мэдээллүүд өгч байна. Хамгийн гол нь, тэдэнд “Аспайр майнинг лимитэд” ХХК Хөвсгөлийн мөнх цэвдгийг сэндийлэх нь гэсэн айдас байгаа аж. Цэвдэг нь байгалийн экосистемийн нэг хэсэг учраас мөхвөл гол мөрний тоо багасах, ой мод цөөрөх, цөлжилт нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагавартайгаас гадна улсын эдийн засагт ч асар их гарз учруулна.
Дээрх мэдээллийн талаар тус компанийн төлөөлөгч Л.Энхжаргал хэлэхдээ "Цэвдэг байна уу, үгүй юү гэдгийг мэргэжлийн байгууллага л тогтооно" гэсэн товч хариулт хэлсэн юм.
Хөвсгөл нутгийнхаа газар шороог ухуулж сэндийлүүлэхгүй гэсэн иргэд нэгдэж багагүй хугацаанд тэмцэж байгаа билээ. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр, тус компани 2018 оноос Могойн голын нүүрсний ордыг ухахаар ажлаа идэвхжүүлж, улмаар иргэдийг хооронд нь талцуулж, зэвсэг барин тулалдаж ч мэдэх байдалд оруулжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Хөвсгөл аймагт “Аспайр майнинг”-ийн үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийн томоохон жагсаал болсон. Тэд "Аспайр майнинг" Хөвсгөл аймгийн байгаль орчныг сүйтгэх, цөлжилт үүсгэх эрсдэлтэйг онцолж байв. Хөвсгөлчүүд зөвхөн энэ удаа ч бус өмнө нь олон удаа эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж, нийслэлд ирж хэвлэлийн хурал хийж байсан билээ.
“Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн А.Мягмарсүрэнгийн мэдээлснээр, хөвсгөлчүүд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, байгалийн цогцолбор газрын ангиллаар улсын тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан Булнайн нуруу, Тэсийн голын сав газарт шинээр уул уурхайн олборлолт явуулахыг таслан зогсоох арга хэмжээ авах, Могойн голын ордыг хэрхэн ашиглах талаар төрийн бодлогыг тодорхой болгохыг хүсчээ.
Дашрамд дурдахад, 2007 онд “Хургатай хайрхан” компани Могойн голын ордын 9350 га газрыг хэсэгчлэн авч, Овоот гэж нэрийдсэн байна. Түүнчлэн орон нутгийнхны зөвшөөрлийг авалгүй өөрийн болгосон шинэ ордоо “Aspire mining” компанид худалдсан гэж эх сурвалж мэдээлэв.
Холбоотой мэдээ