"Бусад улс эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд хангадаг"

Хуучирсан мэдээ: 2019.12.20-нд нийтлэгдсэн

"Бусад улс эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд хангадаг"

"Бусад улс эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд хангадаг"

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан. Сонгуулийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор эмэгтэйчүүдийн квотыг нэмэх асуудал хөндөгдсөн. Энэ талаар НББСШУ-ы байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Сүүлийн хэдэн жил сонгуулийн хууль хэлэлцэх үед эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх ёстой гэдгийг эмэгтэй гишүүд төдийгүй төрийн бус байгууллагууд сануулдаг. Гэхдээ тэдний хүссэнээр квотыг нэмэгдүүлдэггүй. Энэ удаад ч гэсэн тийм зүйл болох шиг боллоо. Ер нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцох нь зөв үү?

-Яг энэ асуудлыг хөндөж УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос санаачлан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байх үед энэхүү хэлэлцүүлгийг хуульд саналаа тусгах, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг ажлын хэсэгт танилцуулахын тулд зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын харьяалал, үзэл бодлын ялгаа харгалзахгүйгээр та бүхэнтэйгээ шийдвэр гаргах түвшинд, улс төрд улам олон эмэгтэйг оролцуулах, тэднийг чадавхжуулах, олон нийтэд таниулах ажлыг хэрхэн хийх тухай болон энэ асуудлыг төрийн бодлогод тусгах, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох талаар харилцан ярилцаж, нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрэх зорилго агуулсан. Хэлэлцүүлэгт эмэгтэйчүүдийн байгууллага, улс төрийн нам, хөдөлгөөний болон улстөрч эмэгтэйчүүдийг дэмжье гэсэн үзлээрээ хамтран ажилладаг бүхий л төлөөллийн эмэгтэйчүүдийг оролцуулсан. Монгол Улсын нийт хүн амын 51,3 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 52.8 хувь, нийт ажиллагсдын 49.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь нийгмийн амьдралд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил түвшинд оролцож байгааг харуулж байна. Улс орны хөгжлийн бодлого, арга хэмжээг тодорхойлдог, баталдаг, шийдвэр гаргах түвшинд хүн амын болон ажиллах хүчний маань тэн хагасыг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй явж ирсний улмаас эмэгтэйчүүдийн эрх ашиг, эрэлт хэрэгцээг бүрэн тусгаж чадаагүй бодлого, шийдвэр, хөтөлбөр гарч байгаа нь тэгш эрх, шударга ёсны зарчимд харшилж, хөгжлийн зорилтууд, амьдралын чанарын хүлээж буй түвшинд хүрч чадахгүй байна. Тиймээс дэлхийн улс орнуудын адил эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч, ихээхэн анхаарал хандуулж байна. Дэлхийн Эдийн засгийн Форумаас жил бүр гаргадаг жендэрийн тэгш байдлыг хангах үзүүлэлтээр манай улс 2018 оны байдлаар дэлхийн 149 улсаас 58 дугаар байр, Зүүн өмнөд Азийн бүс нутгийн түвшинд тавдугаар байрт, Жендэрийн зөрүүтэй байдлын 2017 оны тайланд улс төрийн эрх мэдлийн үзүүлэлтээр Монгол Улс 144 орноос 107-д эрэмбэлэгдсэн байна. Энэ бүхэн нь бидэнд охид эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлыг нийгмийн амьдралын салбар хэсэг бүрт баталгажуулах шаардлагатай байгааг харуулсан үзүүлэлт. Аливаа улс орны парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх хэрээр нийгэмд шударга ёс, тэгш эрх хангагддаг нийгмийн олон асуудлыг шийддэг гэдгийг олон судалгаагаар баталсан байдаг.

-Ер нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байдаг юм бэ. Сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа нь ажиглагддаг?

-Тоон үзүүлэлтээр нь авч үзэхэд 2016 оны сонгуулийн үр дүнгээр УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 хувь болж өссөн нь Монгол Улсын түүхэнд хамгийн бага буюу 3.9 хувийн төлөөлөлтэй байсан 2008 оны түвшингээс ахисан томоохон амжилт хэдий ч 2015 он гэхэд 30 хувьд хүргэх тухай Мянганы хөгжлийн зорилтод хүрээгүйгээс гадна дэлхийн дундаж үзүүлэлт 22.6, Азийн бүсийн дундаж 18.8 хувьтай харьцуулахад доогуур үзүүлэлт. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааг хуульчилж өгсөн бөгөөд төрийн, улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, суманд 25 хувиас доошгүй байхаар заасан. Өнөөдрийн байдлаар Засгийн газарт нэг эмэгтэй сайд буюу 7.14 хувь, дэд сайдын түвшинд 38 хувь, яамдын төрийн нарийн бичгийн даргын түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ хуульд зааснаас даруй хоёр дахин бага, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын түвшинд 22.8 хувь байна.

-Энэ удаад квотыг 30 хувьд хүргэх ёстой гэсэн санал тавьсан ч УИХ-аас дэмжлэг авч чадсангүй?

-Тиймээс УИХ-ын сонгуульд оролцох эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх квотыг тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж, УИХ дахь эмэгтэй гишүүд санал нэгдэж, сонгуулийн хуулийн ажлын хэсэг дээр саналаа хураалгаж олонхийн дэмжлэг авч чадсангүй. 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуульд нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30 хүртэл хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байх тухай заасан байсныг 2016 оны тавдугаар сард хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 20 хувиас доошгүй болгож өөрчилсөн. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлдэг том хөшүүрэг нь эмэгтэйчүүдийн квот юм. Зарим улс орнууд хууль тогтоох байгууллагадаа эмэгтэйчүүдэд тусгай суудал хуваарилдаг байна. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоороо зохицуулсан улс орнууд олон байна. Өнөөдөр дэлхийн 192 улсаас 120 улс нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх квот тогтоосон сонгуулийн системийг хэрэгжүүлж байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвшихэд УИХ-д нэр дэвшихтэй адил квот хэрэглэхгүй байгаа ч 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 26.7 хувь, тэргүүлэгчдийн 27.8 хувь, хурлын даргын 13.8 хувьд эмэгтэйчүүд сонгогдсон байгаа юм. Тиймээс улс төрийн намууд эмэгтэй улстөрчдөд хандах хандлагаа өөрчлөх, сонгуулийн тогтолцоо, квотын системийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байна. Түүнээс гадна жил бүр сонгуулийн зардал нэмэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хязгаарлах тээг болж байна.

-Манайд гэлтгүй дэлхий нийтээр эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг нам, эрэгтэй улстөрчдөд ойлгуулахад юу саад болж байна вэ?

-НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын “Womens in politics 2017” судалгаанаас харахад 2016 оны байдлаар 193 эмэгтэй НҮБ-д өөрийн улсаа төлөөлж байгаа бол 25 улс эмэгтэй төрийн тэргүүн болон ерөнхий сайдтай байна. Дани, Их Британи гэсэн хоёр улс хатан хаантай, 11 улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй, 12 улс эмэгтэй Ерөнхий сайдтай байна. Норвегийн Парламентын гишүүдийн 50 хувь, Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байна. Канадын ерөнхий сайд Засгийн газраа эрэгтэй, эмэгтэй сайдуудаар тэнцүү бүрдүүлсэн бөгөөд эдгээр улс орон бүхий л салбартаа хөгжил нь тэнцвэртэй явах боломжийг жендерийн тэгш байдлаараа хангаж байгаа жишээнүүдийг бид харж болно. Монголчууд "Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас" гэдэг шиг манлайлагч эмэгтэйчүүдээ улс төрд бэлтгэх, төлөвшүүлэх, эмэгтэйчүүдийг чадваржуулах асуудлыг үндэсний хэмжээнд хариуцах тогтолцоог боловсронгуй болгох, улс төрийн тэгш эрх, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хууль, эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна. Эмэгтэйчүүдийн аливаад хандах хандлага, бүтээлч сэтгэлгээ, байгалиас заяасан уужуу нинжин сэтгэл, мэдрэмжийн боловсрол гярхай ажиллагаа, гоозүйн мэдрэмж нь бодлогын судалгаа, бодлого боловсруулах үйл явцад зайлшгүй шаардлагатай байдаг. Авлигад өртөх, хууль зөрчих зэрэг бусармаг үйл явдлуудад эмэгтэйчүүд бага өртдөг гэж судлаачид дүгнэдэг. Харин манайд бол эсрэгээрээ сошиал орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай гүтгэж дайрч, өрсөлдөгч хүн бүхэн эмэгтэй хүнийг амархан ялж болно гэж тооцоолдог. Тиймээс эмэгтэйчүүд зөв бодлогоор, хүчтэй өрсөлдөгч байж чадна гэдэгтээ итгэлтэй байж, сэтгэлийн хаттайгаар улс төрд зүтгэх ёстой. Тэгж байж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн улс төр, шийдвэр гаргах түвшний харьцааг тэнцүүлдэггүй юм гэхэд ойролцоо болгох ёстой.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж