Монголын гэрэл зурагчид түүхт 80 жилийн ойн баяраа тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

Монголын гэрэл зурагчид түүхт 80 жилийн ойн баяраа тэмдэглэнэ

Монголд гэрэл зураг үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын үйл ажиллагаа  энэ сарын 4-өөс эхлэн 10 хоногийн турш зохион байгуулахаар боллоо. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо ойн баярын угтал болгож Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон Оюуны өмчийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан аж. Мөн  гэрэл зурагчдын ёс зүйн дүрмээ баталсан зэрэг ажлыг хийсэн байна.

Ойн баярын хүрээнд ахмад гэрэл зурагчин Ж.Даваасамбуугийн “Жаранг түүхэлсэн агшин” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Q art галерейд гаргасан. Цаашид  Б.Болор-Эрдэнийн “Шүтээн”, гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Нүүдэлчин Монгол” болон 140 гэрэл зурагчдын оролцсон “Монголын гэрэл зураг-80 жил” үзэсгэлэн Q art галерейд гарна.    Үзэсгэлэн бүр өөрийн гэсэн онцлогтой болох ажээ.

Мөн ойн баярт зориулж 100 гаруй гэрэл зурагчдын намтар, 400 гаруй уран бүтээлийг багтаасан “Монголын гэрэл зурагчид 1935-2015” номыг бүтээсэн байна. Түүнчлэн гэрэл зургийн техник хэрэгслийг хүмүүст сурталчилах  үзэсгэлэн худалдаа болох ажээ.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо 80 жилийн ойн баяраа тэмдэглээд зогсохгүй цаашид МУБИС-ийн профессорын багтай хамтран сэтгүүлзүйгээр суралцаж буй оюутнуудыг  гэрэл зургаар мэргэшүүлэх анги нээх,  гэрэл зурагчдын хамтарсан цомог хэвлүүлэх, ахмад гэрэл зурагчдын хальсыг архивлах зэрэг ажлыг төлөвлөсөн байна.

Н.БАТЗАЯА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж