Баянхонгорын “Бага олимп 2015” саяхан амжилттай зохион байгуулагдаж спортын 14 төрлөөр Хонгор нутгийхан хурд хүч авхаалж самбаагаа сорьсон билээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан Бага олимпыг УИХ-ын гишүүн Х.Баттулга Д.Ганбат нарын санаачлагаар зохион байгуулсан юм. Энэ жилийн бага олимп Баянхонгор аймгийн Баянлиг , Бууцагаан буюу Шинэ сумын төвдөө зохион байгуулагдснаараа онцлог байлаа. Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн сумдууд руу чиглэсэн бүтээн байгуулалт сайн хийгдэж эхэлсэн. Тухайлбал хүүхдийн цэцэрлэг, урлаг спортын заал, тамгын газрын байр зэрэг шинэ бүтээн байгуулалт хийсэн нь сумын хөгжлийг хурдасгах гол шалтгаан болж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Баттулга Баянхонгор аймгийн Гурван булаг сумын 100 хүүхдийн багтаамжтай цэвэр бохир ус, халаалт, стандарт өрөө бүхий шинэ цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тухайн цэцэрлэг нь сумдаа анхны хоёр давхар барилга болж хөгжлийн түүчээ нь болж байна. Энэ цэцэрлэгт Гурван булаг сумын цэцэрлэгийн насны бүх хүүхдүүд хамрагдах боломжтой юм. Сургалт хүмүүжлийн 4 анги, урлагийн заал, гал тогоо, багш нарын өрөө бүхий энэ цэцэрлэг 4 багш, 4 туслах багш, нийт 16 ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сумын цэцэрлэг 10 сарын 5-наас буюу өнөөдрөөс албан ёсоор хүүхдүүдээ хүлээн авахаар болсон юм.
Харин бүтээн байгуулалт хийгдсэн өөр нэг сум бол Баянхонгор аймгийн Жаргалант суманд баригдсан урлаг спортын заал, тамгын газрын байр бүхий барилгын ажил байлаа. Нийт 570 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдснаас 200 сая төгрөгрөгийг Соёл спортын сайдын багцаас гаргуулсан бол 370 сая нь нөхөн сэргээлтийн компани гаргаж суманд хөрөнгө оруулалт хийжээ
Сумдуудад ийм бүтээн байгуулалт хийгдсэнээр алслагдсан сумдын хүүхэд залуус урлаг, спортоор хичээллэх боломж бүрдэж байна. Түүнчлэн их спортоор хичээллэх залуусын тоо нэмэгдэх давуу талтай гэдгийг нутгийн хүүхэд залуус онцолж байсан юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцэн тус суманд 380 метр авто замын ажил хийгдэж байгаа. Тиймээс улсын комисс бүтээн байгуулалтын ажлуудыг энэ сарын 15-нд хамтад нь хүлээн авахаар болсон байна.