Сюзан Грегсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

Сюзан Грегсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Канадын Гадаад хэргийн туслах сайд Сюзан Грегсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Канадын гадаад хэргийн туслах сайд бөгөөд Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын Канадын хэсгийн дарга Сюзан Грегсон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.10.05/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Монгол Улсын хувьд Канад нь стратегийн түнш, “гуравдагч хөрш” орон. Хоёр орны харилцаа “өргөн хүрээтэй түншлэл”-ийн түвшинд хөгжиж байна. Хамтын ажиллагааг цаашид хоёр талын бодит боломжид түшиглэн тодорхой чиглэлүүдээр идэвхжүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Мөн тэрээр дугуй ширээний 6 дугаар уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, хамтын ажиллагааг батлан хамгаалах, боловсрол, барилга, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шинэ бололцоог эрэлхийлж ажиллах нь чухлыг онцлон тэмдэглээд, уул уурхайн бус эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх хэрэгтэй байгаа энэ үед дугуй ширээний 6 дугаар уулзалт болж байгаа учраас дээрх салбаруудыг нэг бүрчлэн нэрлэж байна гэлээ.

Хатагтай Сюзан Грегсон Улсын Их Хурлын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ. Мөн тэрээр хоёр орны харилцаа уул уурхайгаас гадна хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт өргөжин хөгжих боломжтойг дурдаад Канадын санхүүгийн салбар маш сайн хөгжсөн. Энэ салбарын туршлагаас Монгол Улстай хуваалцахад бэлэн байна гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж