Дэлхий даяар хүүхэд бүр шинэ жилийн өглөө бэлгээ задлахыг тэсэн ядан хүлээдэг ч хэнээс ч бэлэг авдаггүй хүүхдүүд олон байгаа нь харамсалтай. Эсрэгээрээ бидний дунд сайхан сэтгэлтэй олон хүн байдаг. Жишээ нь 80 настай ахмад дайчин Жим Аннис Стэнфордын ядуу гэр бүлүүдийн хүүхдүүдэд сайн дураараа модон тоглоом хийж бэлэглэдэг ажээ.
"Сайн дурын байгууллагынхан энэ нутгийнханд хүнс, хувцасаар тусалдаг. Харин би ердөө л модоор тоглоом хийж өгдөг юм. Хүмүүс надаас энэ бүхнийхээ хариуд юу авдгийг асуухад нь би ердөө л хүүхдүүдийн бяцхан царайнд тодрох нандин инээмсэглэл гэж хариулах дуртай. Би үүнийгээ үхэн үхтлээ хийх болно" хэмээн Аннис өвөө ярьжээ.
Аннис өвөө жил бүр өөрийн гараар модон тоглоом урлаж, 300 орчим айлд бэлэглэдэг ажээ. Тэрбээр тоглоом урлах материалуудаа өөрийн мөнгөөр хөршүүдээсээ худалдаж авдаг гэнэ. Тэрхүү зардал нь жилд 1000 орчим ам.доллар болдог байна. Гэхдээ түүнд мөнгө биш бяцхан хүүхдүүдийн баяр хөөр чухал гэнэ. "Аав минь маш их ажилладаг байсан ч хангалттай мөнгө олдоггүй байсан юм. Таван хүүхдээ зул сараар баярлуулах гэж их л зүдэрдэг байсан даа" хэмээн Аннис өвөө дурсжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: boredpanda.com