А.Гэрэлт-Од: Бид хуулийн дагуу ажилласан

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

А.Гэрэлт-Од: Бид хуулийн дагуу ажилласан

А.Гэрэлт-Од: Бид хуулийн дагуу ажилласан

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А.Гэрэлт-Одтой ярилцлаа.

Саяхан Баянзүрх дүүрэг хогны мөнгийг үндэслэлгүйгээр нэмлээ гэж танай хоёр төлөөлөгч хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ талаар ярилцлагаа эхлэе?

-Нийслэлийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжид Хог хаягдлын тухай хуулийн 9.2.1-т заасны дагуу хог хаягдлын менежментийг сайжруулах орон нутгийн хөтөлбөрийг дүүргийн ИТХ-аар 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор батлуулж ажиллахыг үүрэг болгосон. Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн гарын үсэг бүхий албан бичиг гурван ч удаа ирсэн. Хамгийн сүүлд энэ сарын дөрөвний өдөр дүүргүүдийн Засаг дарга нарт хог хаягдлын хураамжаа өөрчлөн, шинэчлэн батлах тухай зөвлөмжийг ирүүлсэн. Зөвлөмжид Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хог хаягдал цуглуулж, тээвэрлэх задлын нэгж үнэ, үйлчилгээний хураамжийн хэмжээг дүүргийн ИТХ-аар яаралтай батлуулах гэж заасан. Үүний дагуу манай дүүргийн ИТХ хуралдаж, шийдвэр гаргасан.  Дээд шатны байгууллагаас ирүүлсэн чиглэл, зөвлөмжийн дагуу дүүргийн ИТХ-ын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаас 27 дугаар тогтоолыг батлан Хог хаягдлын хураамжийг судалж, шинэчлэн тогтоох ажлын хэсгийг байгуулсан байгаа.

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтав. Хэвлэлийн хурал хийсэн төлөөлөгчид ороогүй юм уу?

-Ажлын хэсгийн даргаар миний бие томилогдож, гишүүдээр дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Д.Уламбаяр, НҮГ-1,2,3,4 ОНӨААТҮГ-ын дарга нар, Татварын хэлтсийн дарга С.Туяасайхан, хороодын Засаг дарга нар болон дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга нарийн бичгийн даргаар нь ажилласан. Нэг ёсондоо ажлын хэсэгт орж, ажилласан хүмүүс бол хог тээврийн асуудлыг хариуцан ажилладаг, мэргэжлийн байгууллагууд буюу харьяа хэлтсийн удирдах албан тушаалтнууд багтсан гэсэн үг юм.

МАН-аас сонгогдсон хоёр төлөөлөгчийн хувьд бол нэгт, ажлын хэсэгт оролцоогүй. Хоёрдугаарт Г.Хонгор төлөөлөгч байнгын хороодын хуралд танилцуулга хийх үед дэмжиж байна гэж суучихаад, маргааш нь огт мэдээгүй хүн болж хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа ярьж суугаа нь ёс зүйгүй байгаагийн л илрэл.

Та дээд газраас ирүүлсэн чиглэл, зөвлөмжийн дагуу ажилласан гэсэн. Тодруулахгүй юу?

-Бид хууль журмын хүрээнд, дээд газраас ирүүлсэн чиглэлийн дагуу ажилласан. Ажлын хэсэг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хог хаягдлын тухай хуулийн 41.5-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг үүсгэж байгаа хог хаягдлын хэмжээнээс хамааруулан тооцно, 41.6-д айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг иргэнээр тооцно гэсэн заалт. Мөн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/192, А/243 дугаартай хамтарсан тушаалыг баримтлан ажилласан. Тушаалын нэг дүгээр хавсралтад сум, дүүргийн ИТХ нь хог хаягдлын тухай хуулийн 9.2-т  заасны дагуу аргачлалаар нутаг дэвсгэрт мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтооно. Хог хаягдлын хураамжийг тухайн нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа норматив хэмжээнд үндэслэн тооцож, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум дүүргийн төсөвт төвлөрүүлнэ гэж заасан байгаа. Үүний дагуу ажлын хэсэг дээрх аргачлалаар нь хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэн, аж ахуй нэгжээр тус тусад нь тооцдог болох шийдвэрийг гаргасан байгаа.

Хог хаягдлын хураамжийн үнэд яг ямар өөрчлөлт орсон талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?

-НИТХ-ын 2013 оны 12/45 тоот тогтоолыг үндэслэл болгох зөвлөмж, чиглэл ирсний дагуу нэг тонн хог хаягдлыг нэг километрт тээвэрлэх зардлын нэгж тарифаар тооцсон гэсэн үг. Жишээ нь, 2013 оны тогтоолоор  1-10 километрт нэг тонн хог хаягдал тээвэрлэхэд 3000, 11-15 километрт 2700, 16-20 километрт 2300, 21-ээс дээш километрт 1800 төгрөг байсан. Энэ тарифт өөрчлөлт орох юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон шатахууны үнийн өөрчлөлттэй уялдуулан өөрчилж болно гэсэн заалт байгаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0.35-аар үржүүлээд гарсан өөрчлөлтийнх нь хувиар мөн үржүүлээд шинэчилсэн тарифаар нь, шатахууны үнийн тухайд 0.24-өөр үржүүлээд өөрчлөлтийн хувиар нь мөн үржүүлээд гаргана гэж заасан  байгаа. Энэ аргачлалынх нь дагуу бодохоор хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах нэгж тариф нь 1-10 километрт 4000, 11-15 километрт 3500, 16-20 километрт 3000, 21-ээс дээш километрт 2400 төгрөг болсон гэсэн үг.

Иргэний хувьд?

-Иргэнээс авах хогны хураамжийг 7 үзүүлэлттэй, үзүүлэлт бүрийн нэгж тариф аргачлалыг тусгасан зөвлөмжийн дагуу дүүргийн хүн амын статистик тоо болон нэг иргэний өдөрт гаргадаг хог хаягдлын дунджаар тооцож, 950 төгрөг байхаар гаргасан. Хүн өдөрт 600 грамм хог хаягдал гаргадаг гэсэн судалгаа байдаг юм билээ.

Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, шатахууны үнийн өөрчлөлт, хог хаягдлыг тээвэрлэж байгаа компаниудын зардалтай уялдаж хогны мөнгөнд өөрчлөлт орж байгааг иргэд маань ойлгох хэрэгтэй.

-Хог хаягдлын хураамжийн төлбөр бүх дүүрэгт адилхан өөрчлөлт орох юм байна гэж ойлголоо?

Тийм. Дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бол бүх дүүрэгт өөрчлөлт орно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж