Сонгуулийн хуулийг будилаантуулах маргаан гарснаар чуулганыг хаалаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороон дээр дэмжсэн зарим заалт унаж мөн зарим саналын томьёоллыг буруу оруулж ирсэн нь гишүүдийн дунд маргаан дагуулснаар чуулганы хуралдааныг хаалаа. Тухайлбал,
Төслийн 28.10 Эвслийн аль нэг дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даасан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглох бөгөөд хэрэв эвсэлд нэгдсэн аль нэг нам нь тарах шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж тооцно гэсэн Л.Болд гишүүний гаргасан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн саналаар санал хураалт явуулъя гэхэд С.Бямбацогт "Эвсэлд нэгдсэн намуудаас олонх нь эвслээс гарсан тохиолдолд" гэж оруулсан. Яагаад өөрчлөгдсөн бэ" гэсэнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Эвсэл нэг байгуулагдсан бол эцсээ хүртэл байх ёстой. Олонх эвслээс гарна гэдэг нь хууль зүйн хувьд буруу. Эвслийн нэг нь л задарвал задарна. Гурван нам нэгдээд эвсэл болоод ороход нэг нь гарвал эвсэл тарна. 30 хувь нь гарчихаар эвсэл байхгүй болно гэсэн үг. Хууль бичнэ гэдэг нь дараагийн үйл явдлыг харж хийдэг ажил. Эвслийг хэврэг болгож болохгүй. Тоглоом болгож болохгүй. Хэрэв байнгын хороон дээрээ ойлголцоогүй юм бол энэ будилаантай саналаа нэг мөр болгож оруулж ир. Олонх гэж оруулж болохгүй. Ажлын хэсэг тайлбар өгөхөөс өмнө ярилц. Хуулийн үг, үсэг бүрийн цаана улс төрийн маргаан явдаг онцлогтой хууль бол Сонгуулийн хууль шүү.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Энэ бол хүмүүст байдаг зовлонгийн нэг. Хууль санаачлагчийн зүгээс оруулж ирээгүй, байнгын хороо дээр яригдаагүй асуудал орж ирж болохгүй. Сайн заалт байсан ч гэсэн. Эвсэл нэгдэх, задрах гэдэг нь түвэгтэй асуудал. Манайд өнөөдөр 34 нам байгаа ч янз бүрийн хуурамч нам байдаг. Сонгуулийн үр дүнг өөрчлөх гээд байдаг. Бүлэг задрахаас ч хүнд асуудал бий болдог. Эвсэл задарвал хэн нь үлдэх вэ? Эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлж болохгүй гэж байна. Эвсэл задарсан тохиолдолд энэ хүн нэр дэвшээгүй гээд дайрах уу.Энэ өгүүлбэрийг бодох хэрэгтэй. Би эвсэлд нэгдээд УИХ-д гарсны дараа нь эвсэл нь задарчихвал гишүүн биш болох юм уу. Олонх гэж алийг хэлэх юм. Тэгш тоон дээр олонх гэдэг ойлголт хэцүү. Эргээд харах шаардлагатай шүү.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Эвслийн аль нэг дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даасан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглох бөгөөд хэрэв эвсэлд нэгдсэн олонх нь тарах шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж тооцно гэж санал хураасан. Энэ саналыг Ж.Батзандан гишүүн гаргасан. Байнгын хороон дээр ингэж орсон томьёоллыг хаана, яагаад өөрчлөгдсөнийг гайхаад байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Монгол Улсад бүртгэлтэй 34 нам байна. Парламентын гадна байгаа намууд нэгдэж Сонгуулийн хуульд санал оруулсан боловч нэг ч дэмжигдээгүй. Эвссэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвсэл тарсанд тооцож өгнө үү гэж бусад нам хүсч байгаа. Энэ санал дэмжигдсэн. Сонгуулийн хууль сонгогчдын хууль. ШИНЭ намын хувьд гадаа гудамжинд байгаа намуудтай хамтарч орно.
Ингээд Эвсэлд нэгдсэн намуудын олонх эвслээс гарсан тохиолдолд эвсэл тарсанд тооцно байнгын хороо дэмжсэн саналаар санал хураалт явуулъя гэхэд 34.1 хувиар байнгын хорооны санал уналаа. Ингэснээр эвсэлд нэгдсэн аль нэг нам нь тарах шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж тооцно гэсэн санал хэвээр үлдэв.
Төслийн 21.14 Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад эцэг эхийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаягийн дагуу бүртгэгдсэн эсэхийг санал авах өдрөөс 20 доошгүй хоногийн өмнө цахим хаягаар нэг удаа олгон гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явуулахын өмнө.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
Бүртгэлийн тухай багц хуулиар энэ заалт чинь хууль зөрчих юм биш үү. Иргэдийн оршин суугаа хаяг, регистрийн дугаарыг нь намуудад өгч болох юм уу. Заавал регистрийн дугаар, гэрийн хаягаар нь яах гээд байгаа юм. Нэрсийн жагсаалтыг нь авах гээд байгаа бол авна л биз. Хууль зөрчиж хууль батлахгүй шүү, Д.Эрдэнэбатаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Тэр мэдээллийг нь өгчхөөч дээ. Маргаан хэрэггүй гэж бодож байна.Байнгын хороон дээр дэмжсэн, эсвэл дэмжээгүй санал чинь чуулганы хуралдаан дээр заавал орж ирнэ. Огт байгаагүй заалтыг оруулж ирээд байвал өмнө заалтууд чинь хүчингүй болох уу. Байнгын хороон дээр яриагүй зүйлийг Тамгын газраас оруулж ирлээ гээд сая ярьж байна. Хэд хэдэн ярьсан заалтууд чинь алга байна. Алга болсон заалтуудыг одоо яах вэ. Өмнөх нэгдсэн чуулганаар баталсан заалтуудаа хүчинтэй гэж үзэх үү. байнгын хороо нь нэгдсэн чуулганаас илүү давуу эрхтэй юм уу.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
Энэ асуудал сонгуулийн үеэр иргэд болон улс төрийн намуудын дунд асуудал дагуулдаг л даа. Энэ чигээр нь батална гэвэл завсар хийлгэх санал байна. Сонгогчдын нэрийн жагсаалт биш нэрсийн жагсаалтыг гэж нэмэх саналыг оруулж байна.
Ингээд төслийн 21.14 Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад эцэг эхийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаягийн дагуу бүртгэгдсэн эсэхийг санал авах өдрөөс 20 доошгүй хоногийн өмнө цахим хаягаар нэг удаа олгон гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явуулахад 31.1 хувиар саналыг дэмжсэнгүй.
Уг санал хураалтыг Д.Эрдэнэбат нарын гишүүд эсэргүүцсэн Л.Энх-Амгалан гишүүн рүү дайрав. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сонгуулийн хуулийг ингэж батлахгүй ээ. Нухацтай ярилцаж оруулсан саналууд унаж байна. Мөн тараасан зарчмын зөрүүтэй саналууд зөрүүтэй байна. Байнгын хорооны хуралдаан дээр хураасан саналууд зөрүүтэй байна. Бидний санал хураасан авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй гэснийг хасах санал энд алга. Дахин Төрийн Байгуулалтын байнгын хороо, ажлын хэсэг хуралдъя. “Бушуу туулай борвиндоо баастай” гэж яарч сонгуулийн хуулийг батлахгүй. Хаанаа алдаа гарсныг засчхаад чуулганыг хуралдуулъя гэснээр чуулганы хуралдааныг хаах горимын санал гаргав.
Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сонгогчдын нэрийн жагсаалтад эцэг эхийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаягийн дагуу бүртгэгдсэн эсэхийг санал авах өдрөөс 20 доошгүй хоногийн өмнө намуудад олгоно гэснийг дэмжээгүй саналыг хүчингүй болгож дахин оруулж ирье. Заавал өнөө шөнө хууль батлах албагүй гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Сонгуулийн хуулийг маргаан зөрчилгүй, будилаангүй, нэг нам дангаараа хүч түрж биш бусад намын төлөөллийн үгийг сонсч, эцэслэн батлах ёстой. Байнгын хорооны санал тодорхойгүй шалтгаанаар буруу томьёоллоор оруулж ирсэн. Зарим дэмжигдсэн санал орж ирээгүй байна. Тиймээс байнгын хороо дахиж хуралдаад, асуудлаа шийд" хэмээн хэлснээр өнөөдрийн чуулганы хуралдааныг хаав.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Нэг хүн рүү тухайлбал МАХН-ын дарга руу чиглэсэн заалт Сонгуулийн хуульд оруулж ирлээ гэж би өчигдөр ч гэсэн хэлсэн. Энэ асуудлыг өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар авч үзсэн үү. Мөн цахим орчны зохицуулалтыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ гэсэн асуултад Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариулт өгөхдөө “УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачилсан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн төслийн 30.8 дахь заалтыг хасах саналыг ажлын хэсэг оруулж ирснийг өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Сонгуулийн үеэр цахим орчинд хязгаарлалт орохгүй гэдгийг хэлэв.
Одоо зарчмын зөрүүтэй 15 саналаар санал хураалт явуулж эхлээд байна.
Зориулалтын бус газар мал төхөөрвөл Зөрчлийн хуулиар торгоно
УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлалаа. Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаад Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхтэй холбоотойгоор гишүүд горимын санал гаргаснаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа.
Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
“Зөрчлийн тухай хууль байх ёстой хуулийн нэг мөн үү гэвэл мөн. Нийгэмд гарч буй олон харилцааг энэ хуулиар зохицуулж байгаа. Гэхдээ Зөрчлийн тухай хуульд сануулах үйл явцыг оруулмаар байна гэдгийг би хэлж байгаа. Одоо бол огт сануулахгүйгээр Зөрчлийн тухай хуулиар шууд шийтгэж байгаа нь нийгэмд нийцэхгүй байна. Өнөөдөр бидний хэлэлцэж буй Зөрчлийн хуулийг амьдрал дээр хэрэгжүүлээд ирэхээр нийгмийн бухимдлыг төрүүлэх нь дамжиггүй. Зөрчлийн тухай хуулийн хамгийн сул тал нь хүмүүсийн хөдөлмөр эрхлэх хүслийг бууруулж байгаа. Хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт буурвал бүх зүйл төрөөс хамааралтай болно. Талбай дээр жагсах иргэдийн тоо хэд дахин нэмэгдэнэ. Тийм учраас Зөрчлийн тухай хуулийг хууль санаачлагчид нь буцаах горимын саналыг гаргаж байна” гэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар ийм горимын санал байхгүй. Хуулийн төслийг хэлэлцэхийг нь дэмжчихсэн. Хуулийг төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах л боломжтой” гэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Зөрчлийн хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах нь зөв. Энэ дотор хачин хачин заалтууд их байна шүү. Зориулалтын бус, шаардлага хангаагүй газар мал төхөөрвөл Зөрчлийн хуулиар торгоно ч гэж байх шиг. Малчин шөлнийхөө хонийг төхөөрсөн биш хоригдохоор болж байна уу. Хуулийг хойшлуулах санал гаргаж байна.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
Ж.Ганбаатар гишүүн Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй санал дээр саналаа хэлж байгаа юм л даа. Сая Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлж байгаа зүйл бол УИХ-аас баталсан Малын генетик нөөцийн тухай хуулиар малыг зориулалтын газар төхөөрнө гэж оруулсан. Үүнийг зөрччихвөл яах вэ гэдгийг л Зөрчлийн хуулиар оруулж байгаа юм. Зөв ойлголт өгөх үүднээс ярьж байна. Хоёрдугаарт, хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэхээс хойшлуулж, Сонгуулийн хуулийг хэлэлцье.
Ингээд Зөрчлийн тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөртөө хэлэлцэхээс түр хойшлуулж, Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр боллоо.
Үүнээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
Х.Нямбаатар: Өнчин ишиг хулгайлсан ч таван жил хүртэлх хугацааны хорих ялтай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна. Зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан гишүүд байр сууриа хэлж буй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг өөрчилсөнтэй холбогдуулан албан тушаалтнуудын авлига, хээл хахууль, улсын хөрөнгө мөнгийг завшсан асуудлууд замхраад байна. Хэрэгсэхээ больсон. Зарим хүмүүс “Хуулиар тогтоосон хугацаанд асуудал шийдэгдээгүй бол ямар ч ярих юм байхгүй” гэсэн тайлбар өгөөд явж байгаа. Зарим нь хөөн хэлэлцэх хугацаагаар ялгүй болчхоод “Намайг хэлмэгдүүлсэн. Би огт гэм зэмгүй” гээд яриад байгаа. Өмнө нь хэрэгт татагдсан хүмүүсийн асуудлыг сэргээж авч үзнэ биз дээ. Үүн дээр байнгын хорооны дарга боломжтой бол тодорхой хариулт өгмөөр байна. Иргэд олон нийтийн хүлээж байгаа зүйл бол яагаад улсын хөрөнгө мөнгийг завшаад алга болчихсон хүмүүс ял авдаггүй юм бэ, яагаад тэр хөрөнгө мөнгийг нь төлүүлдэггүй юм бэ гэдэг зүйл байна. Шоронд нь хатаагаад шонд дүүжилдэггүй юм аа гэхэд тэдний завшсан хөрөнгө мөнгийг улсад төвлөрүүлээч. Хуучин тогтолцооны үед Монгол Улсыг цоо шинээр байгуулсан ахмадууд байна. Энэ хүмүүс аргагүй амьдралын эрхээр арилжааны банкуудаас тэтгэврийнхээ зээлийг хэдэн сар, жилээр нь авчихсан. Энэ хуримтлагдсан их дарамт, өр нь үр хүүхдэд нь дамжаад үлдэж байна. Энэ тэтгэврийн өрийг тэглэж өгөөч. Намайг хуулийн төсөл санаачил гэдэг шаардлагыг тавьсан. Би тэр хуулийн төслийг санаачилъя гэж бодож байгаа. Миний санахад О.Содбилэг гишүүн тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой судалгааг 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд нэлээд олон баримттай хийж байсан. Тэр судалгааны материалууд хаана байна. Сангийн сайд байвал энэ бүх асуудлыг ямар нэгэн байдлаар шийдмээр байна. Иргэд зүй ёсны шаардлага тавьж байгаа. Улсын хөрөнгө мөнгийг завшсан хүмүүсээс хөрөнгө мөнгийг нь төвлөрүүл. Улсыг хохиролгүй болго.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
Малчид малын хулгайтай тэмцэх асуудлыг нэлээд ярьж байна. Зөрчлийн хуулиар арай хөнгөн байна. Малчид нэг өнчин ишиг хулгайлсан тохиолдолд хариуцлага хүлээдэг байх ёстой гэсэн зүйлийг ярьж байгаа. Үүнийг цаашид анхаарах хэрэгтэй. Мөн ялын бодлогыг чангаруулах нь зүйтэй. Зөрчлийн хуулиар хөдөлгөөн хязгаарлах гэдэг нь Монголын нөхцөлд хэрэгжих боломжгүй. Малын хулгай хийсэн хүн сул чөлөөтэй явах ёсгүй. Хулгай хийсэн тохиолдол хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Хариуцлагыг чангатгаж сайжруулах шаардлагатай байна.
Хуулийн төсөлд “Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээдийг баригдсан эсвэл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно гэж нэмэх ажлын хэсгийн саналыг гишүүдийн 65.1 хувиар дэмжлээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд зарим заалтыг би гайхаж байна. Нүхээ алдсан оготно хэдэн жил төөрдөг гэдэг шиг байна. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээдийг баригдсан эсвэл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно гэдэг нь хуучин байсан асуудал шүү дээ. Хасаад шинээр оруулж ирж байгаа юм уу. Миний мэдэхээр алга болчихвол зогсоогоод дараа нь баригдсан өдрөөс нь эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоод л ирсэн. Хуучин байсан уламжлалыг хэзээ байхгүй болгочхов. Би ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийг би сайн мэдэхгүй, нарийн мэргэжлийн хүн биш учраас дуугүй л явж ирсэн. сая малын хулгайн заалтаар төд төчнөөн бог, бод гэж яриад байх юм. Субьектив талыг нь үндэслэж объектив талын хор хохирлын хэмжээг нь үндэслэж зөвхөн малын тоо толгойноос гадна тусгайлан тогтоодог олон шалгуур байсан. Энэ бүхэн байхгүй болчихсон юм уу. Ганц хөгшний амьжиргааных нь саалийн үнээ алдагдвал хэдэн бодоос илүү үнэтэй. Мөн өндөр ашиг шимт мал гээд хүний амьжиргаатай нь холбогдуулж хүндрүүлэх үгүй эсэх нөхцөл байдал нь тогтоогддог. Гэтэл одоо механик заалтууд оруулж ирлээ. Амьжиргаатай хүний 100 мянган төгрөгийг хулгайлах, тэтгэврийн хөгшний 5000 төгрөгийг хулгайл хийх хоёрын хохирол нь ялгаагүй гэж үздэг. Гэтэл одоо орж ирж байгаа хуулийн өөрчлөлтөөр байхгүй болгочихлоо. Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг асуудал үндсээрээ алга болчхоогүй байх гэж бодож байна. Гэмт хэргийг зүйчлэх болон хор уршгийн хэмжээг тогтоохдоо олон төрлийн шалгуурыг авч үздэг системээрээ явсан нь зөв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Та энэ асуултаа хэнээс асууж байна вэ. Эрүүгийн хуулиудыг батлах бүх парламентад та л сууж байсан. Х.Нямбаатар гишүүн хариулах уу.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
УИХ-ын гишүүдээс нэг зүйлийг хүсч байна. Одоо өөрчлөлтөд ороогүй байгаа малын хулгайн холбоотой заалтад өнчин ишиг хулгайлсан ч таван жил хүртэл хугацааны хорих ялтай байгаа. үүнийг шүүхийн практикт ашиглахгүй байна гэсэн шүүмж бий. Түүнээс биш одоо нэмэлт өөрчлөлт ороогүй ч мал хулгайлах гэмт хэрэгт ганц хурга, ишиг хулгайлсан ч таван жил хүртэлх хугацааны хорих ялтай. Хэрэв давтан үйлдвэл ялыг хүндрүүлнэ.Мөн зохион байгуулалттайгаар малын хулгайг үйлдвэл ял хүндэрнэ. Онцгой ашиг шимтэй мал, хурдан морь зэргийг хулгайлбал хуучин Эрүүгийн хуулиар ялыг хүндрүүлдэг заалт байсан. Х.Болорчулууны өргөн барьсан хуулийн төсөлд энэ шинжээр нь хүндрүүлье гэдэг заалтууд орж ирсэн. Цаашид хэрхэх талаар судлаачид ажиллаж байгаа. 2015 онд батлагдсан хуулийг бид засаж хоёрдох өөрчлөлтийг хийж байна. Д.Лүндээжанцан гишүүн асуусанчлан яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээдийг баригдсан эсвэл хэргээ өөрөө илчилсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно гэсэн заалт хуучин эрүүгийн хуульд ч байсаар ирсэн гэдэг зөв. Одоогийн хуулийн өөрчлөлтөөр тавдугаар заалтад энэ заалтыг хасахаар байгааг нэмж оруулж байна.
Мөрийтэй тоглоом зохион байгуулбал ял оногдуулна
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийнэ.
Уг хуулийн төслийн талаар гишүүд өмнөх чуулганы хуралдааны үеэр асуулт асууж, үг хэлж дууссан тул зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураах юм.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг шийдвэрлэнэ гээд баахан гишүүн орно, орохгүй гэсээр хойшлогдсон. Ёс зүйн дэд хорооны хурлыг хуралдуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцэх учиртай. Хурлын ажлыг явуулж өгөөч гэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх долоо хоногт Ёс зүйн дэд хорооны гишүүдийг өөрчлөх асуудлыг бүлгийн дарга болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нар хэлэлцэж шийдвэрлээд танилцуулах чиглэлийг өгч байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ тухай саналыг тавиад удаж байна. Ирэх долоо хоногт заавал шийдвэрлэ гэсэн юм.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
Эрүүгийн хуулиар ярих гол асуудал бол авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэмт хэрэг. Энэ төрлийн гэмт хэргүүд нь татвар төлөгч ард түмний хөрөнгөд хохирол учруулсан ийм л ноцтой үйлдлүүд. Ард түмний нийтийн өмчид халдсан хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдаг эсвэл шийдэгддэггүйгээс үүдэж олон нийтийн эсэргүүцлийг хүргэж байгаа. Зөрчлийн тухай хуульд иргэдийг торгох нэмэлт заалтуудыг оруулж ирж байгаа нь "Гуя дагаж хүзүү" гэж иргэдийн халаасыг зөрчлийн хуулиар нимгэлэх гэж байгаа нь буруу. Энэ асуудлаа анхаармаар байна. Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд 1.3 сая иргэн торгуулсан байна. 240 тэрбум төгрөгийн орлого Зөрчлийн хуулиар орж ирсэн гэсэн үг. Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулах ёстой.
Үүгээр хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж эхэллээ.
Мөрийтэй тоглоом зохион байгуулбал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг дэмжлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Мөрийтэй тоглоомыг Эрүүгийн хуульд оруулж байгаа нь зөв. Аливаа донтолтыг хуулиар тэр дундаа төрийн хатуу дэглэмээр хязгаарлах ёстой. Тэгж байж зогсооно. Гэхдээ олон нийтийн газар гэдгийг баар сав, зах, дэлгүүр хоршоо гэж ойлгож байна. Эсвэл мэдээлэл технологи гэхээр цахим орчин гэж ойлгох уу. Гэртээ эсвэл хувийн компани дээрээ мөрийн тоглоомыг зохион байгуулбал яах вэ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Хуучин Эрүүгийн хуулиар мөрийтэй тоглоомд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан. Гэтэл шинэ хуулиар үүнийг хассан. Ингэснээр олон мөрийтэй тоглоомын газар нээгдсэн. Зохион байгуулсан, орон байраар хангасан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хуулиар хориглосон мөрийтэй тоглоомд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, тав хүртэлх жилийн ял оногдуулна.
Холбоотой мэдээ