Авто машин ачилтын компанийн удирдлагуудтай өнөөдөр /2019.12.19/ нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх болон бусад албаны хүмүүс уулзжээ. Энэ үеэр нийслэлийн удирдлагууд ирэх долоо хоногт авто машин ачилтын үйл ажиллагаа явуулж буй 15 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.
“Авто машин ачилтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйлдэл хэрээс хэтэрлээ. Энэ асуудлуудыг өмнө нь албаныхан удаа дараа сануулж байсан. Мэдээж хот стандарттай байлгүй яах вэ. Гэхдээ сүүлийн үед сошиалд нийтлэгдээд буй 6763 улсын дугаартай тоёото маркийн машиныг бараг хөндлөнгөөр нь чирээд явж байсан. Энэ компанийн удирдлагад хариуцлага тооцох ёстой. Жолооч нь хууль зөрчин машинаа зогсоосон байсан ч гэсэн хөндлөнгөөр нь чирч явах үүрэг бидэнд байхгүй. Энэ чинь хүний эд хөрөнгө шүү дээ.
Мөн хоёр сарын өмнө надад “Зогсоол дээр байсан машиныг ачиж явсан” гэх гомдол ирсэн. Тэгээд энэ баримт нь байна. Би хүний ховоор яриагүй. Энэ асуудлаа яаж шийдэх юм бэ. Сүүлийн долоо хоногийн байдлаар надад таван өргөдөл гомдол ирсэн” гэдгийг Б.Отгонсүх хэлж байв.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Улаанбаатар хотод 2016 оноос хойш нийт 19 аж ахуйн нэгж зургаан дүүрэгт авто машин ачилтын үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд жилдээ нэг шалгалт хийдэг байсан бол одоо улирал тутамд нэг шалгалт хийгээд явж байгаа. Одоо бид гэрээ цуцлах асуудал байвал шууд цуцалж, үйл ажиллагааг нь цэгцэлнэ. Засаг дарга дээр хүртэл маш олон өргөдөл гомдол ирсэн байгаа.
Ачигч авто машины холбооны зүгээс өнгөрөгч дөрөвдүгээр сараас ажиллаж, бүх ачигчийн компанийн авто машиныг хувийн дугаар, баазын дугаартай болгосон. Сошиалд нийтлэгдээд буй 6238 улсын дугаартай машин Тэнгис кино театрын орчмоос ачигдаад, Гэсэр сүмийн уулзвар дээр эзэн нь ирэхээр нь машиныг нь буулгаж өгсөн байхад сошиалд цацаж, худлаа мэдээлэл нийтэлснийг Тээврийн цагдаагийн газар шалгасан. Машиныг хөндлөнгөөр ачих ямар ч боломжгүй гэдэг хариултыг өглөө. Мөн авто машин ачиж байгаа газар дээр нь шалгалт хийхийг уулзалтын үеэр албаныхан хэлж байв.
А.СҮРЭН