УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа МАН-ын Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэл, мөн Үндсэн хуулийн цэцийн Сонгуулийн хуультай холбогдуулж тавьсан дүгнэлтийг тус, тус хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн цэц сүүлийн үед захиалгатай, тодорхой улс төрийн зорилготой дүгнэлтүүд гаргадаг боллоо. Тухайлбал, Цэц өнгөрсөн хавар Р.Гончигдорж гишүүний нэхэмжлэлээр дүгнэлт гаргасан. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор шийддэг асуудлыг бүгдийг нь хүчингүй болгосон. Үүн дотор өрийн таазыг нэмэгдүүлэх асуудал багтдаг. Өрийн таазыг 3/2-оор нэмэгдүүлэхэд сөрөг хүчний оролцоотойгоор шийддэг байсан бол өнөөдөр дур мэдээд өөрсдөө шийдэх эрхийг нээж өгсөн. Сайдыг УИХ томилдог мөртлөө томилсон сайддаа хариуцлага тооцох боломжгүй байхаар шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Хариуцлагагүй нэг сайдыг огцруулах биш Засгийн газрын танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хөндөх Цэцийн дүгнэлт гарсан. Дээр нь дахиад эрх барьж байгаа намд, төрийн албан тушаалтнуудад давуу тал олгох дүгнэлтийг Цэц гаргасан нь арай хэтийдсэн үйлдэл” гэж тайлбарлалаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Бүлгээр энэ удаад орон нутгийн эрх мэдлийг хууль бусаар авч байгаа асуудлыг ярилаа. Тухайлбал, Дундговь, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт болсон асуудал том жишээ нь. Бид энд ямар нэгэн улс төрийн байр сууринаас хандаагүй. Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх ёстой гэдэг чиглэлийг Удирдах зөвлөлөөс өгсөн. Дундговь аймагт хууль бус ИТХ-ын шийдвэрээр Засаг даргыг нь өөрчилсөн. Үүнийг хуульд нийцүүлэхийг шаардаж байгаа. Говьсүмбэрт албан ёсны дөрвөн тойрог дээр дөрвөн сарын өмнө сонгууль болсон. Сонгуулийн дүн гараад дөрвөн сар болж байгаа хэдий ч ялалт байгуулсан хүмүүсийн эрхийг баталгаажуулахгүй байгаа. Дархан-Уул аймаг дээр ИТХ-ын хууль бус хурал болсон. Захиргааны хэргийн шүүхээр үүнийг баталгаажуулсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга нь хуралдаан дээр орж ирээд тийм, тийм хүмүүсийн эрх хүчингүй шүү гэж хэлсэн байгаа юм. Бид өнөөдөр улс төрийн хүрээнд урвадаг, шарвадаг байдал хэрээс хэтрээд монголын төрийн нэн тэргүүнд анхаарлаа хандуулах асуудлын нэг боллоо. Цаашид ийм байдлаар явж болохгүй, хуулийн хүрээнд шийдвэрлэхийг Ерөнхий сайдад шаардана. Аль намаас ИТХ-ын дарга, Засаг дарга байх нь чухал биш, бүх зүйлийг хуулийн хүрээнд хийгээч ээ. Хуулийн хүрээнд нийцүүлээд хийх юм бол хүлээн зөвшөөрөх ёстой. Төрийн ажлыг төрийнх нь шугамаар, хуулийнх нь хүрээнд явуулдаг байя. Одоо улс төрийн өнцгөөр хандаж, улс орон дотор таагүй уур амьсгал бүрдүүлээд байгаа орон нутгууд руу талцал хагарал үүсгэж өөгшүүлээд байгааг зогсоогооч ээ гэдэг шаардлага хүргүүлнэ гэлээ.
Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгөв.
-Цэцийн дүгнэлтийг яах вэ. Дараагийн сонгууль болох гэж байхад сонгуулийн маргаан дахиад гарлаа. Яаж засч залруулах вэ?
-С.Бямбацогт:Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтээр төрийн албан тушаалтан албан тушаалаа хашиж байгаад давуу эрхтэйгээр сонгуульд оролцож, ялалт байгуулах давуу эрх олголоо. МАН эрх барьж байхдаа өмнөх парламентын үед давуу талаа ашиглаад сонгуульд оролцоё гэж бодоогүй, өөрсдийнхөө эрхээс татгалзаад бусадтайгаа ижил тэгш гараанаас өрсөлдье гэж УИХ-ын сонгуулийн хуулийг баталсан. Гэтэл өнөөдөр АН-ынхан олонхи байгаа үедээ, эрх барьж байгаа үедээ бусдыг нь явганаар сонгуульд өрсөлдөх захиалга өгсөн. Захиалгыг нь Цэц биелүүллээ. Үүнийг УИХ хүлээж авахгүй байх ёстой. УИХ-аас Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуульд нэр дэвшигч болгон ижил тэгш гараанаас, ижил нөхцөлөөс сонгуульд оролцох ийм зарчмыг барьсан байх ёстой.
Хоёрдугаар асуудлын тухайд, парламент бүрэн эрхийнхээ хүрээнд сүүлчийн намрын чуулганаа хийж байхад Цэц сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахаар маргаан үүсгэсэн нь утгагүй. Эрх баригч нарын захиалгатайгаар ийм маргаан үүсгэлээ гэж хардахаас аргагүй нөхцөл байдал үүсч байна.
-Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээгээд авчихвал ямар албан тушаалтнууд ажлаа хүлээлцэхгүйгээр сонгуульд өрсөлдөнө гэсэн үг вэ?
-Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлууд албан тушаалаа хашиж байгаад сонгуульд өрсөлдөх болно.
-Бүлэг 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төсөл, 2016 оны Мөнгөний бодлогыг хэлэлцсэн үү?
-2015 оны төсвийн тодотгол, 2016 оны Мөнгөний бодлого бидний гарт ирээгүй байна. 2016 оны төсвийн хуулийн төсөл дөнгөж сая бидний гарт ирлээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахдаа төсвийн хуулийн ном бариад хэлэлцсэн.
Юуг оруулах вэ, юуг хасах вэ гээд. Тэгэхэд өнөөдөр бүлэг хуралдахад дөнгөж сая 2016 оны төсвийн хуулийн номыг өглөө. Одоог болтол 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны Мөнгөний бодлого ирээгүй байна. Гэхдээ бид Мөнгөний бодлогоор Б.Чойжилсүрэн гишүнээр ахлуулсан ажлын хэсэг, төсвөөр Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулаад ажилдаа орохоор боллоо.
Г.ДАРЬ