-18 насанд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, аймгийн начин(тойргийн аймгийн заан) Батсуурийн БАТ-ЭРДЭНЭ нэг ч унаагүй 27 даваагаар түрүүлж, гурван жил дараалан улсын аваргад түрүүлсэн анхны бөхөөр тодорлоо-
Ирээдүйн аварга, арслан, гарьд, заануудын залгамж халаа болсон үндэсний бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн Дорноговь аймгийн төв Сайншанд суманд өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Догшин хутагт Данзанравжаагийн өлгий нутагт анх удаа болсон өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах барилдаанд Орхон, Баян-Өлгий аймгаас бусад 19, Улаанбаатар хотын есөн дүүргээс шалгарсан 16, 17, 18 насны 80 гаруй бөхчүүд барилдлаа.
Өсвөрийн улсын аваргын ерөнхий зохион байгуулагчаар Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газар, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний бөхийн холбоо ажиллалаа.
Нас бүрийн барилдаан тойргийн журмаар явагдаж, хамгийн олон даваатай бөхчүүд шилдгээр шалгарсан бөгөөд олон шинэ амжилтууд гарсан тэмцээн боллоо.
18 насанд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүлж, нэгэн түүхэн амжилтын эзэн болсон. Түүний хувьд өнгөрсөн жилүүдэд 16, 17 насанд түрүүлээд байсан бөгөөд гурван жил дараалан улсын аваргад түрүүлсэн анхны бөхөөр тодорлоо.
18 насанд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүлж, нэгэн түүхэн амжилтын эзэн болсон. Түүний хувьд өнгөрсөн жилүүдэд 16, 17 насанд түрүүлээд байсан бөгөөд гурван жил дараалан улсын аваргад түрүүлсэн анхны бөхөөр тодорлоо. Мөн дунд нас буюу 17 насанд өсвөрийн улсын шонхор, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Чингэлтэй дүүргийн бөх аймгийн арслан Б.Лхагвадорж түрүүлж, улсын хошой аварга боллоо. Бага нас буюу 16 насанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяр түрүүллээ. Эдгээр бөхчүүдийн хувьд бүгд нэг ч унаагүй 27 даваагаар түрүүлсэн юм.
Багийн дүнгээр Ц.Шийрэв дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн баг шилдгээр шалгарсан бол Монгол Улсын начин Б.Адьяахүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг, Б.Энхтөр дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн багууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдааны хаалтад зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаанд Дорноговь аймгийн заан Содномдоржаагийн Бямбадорж түрүүлж, аймгийн заан Батхуягийн Батзориг үзүүрлэлээ. Их шөвөгт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат тус УАШТ-ий түрүү, тойргийн аймгийн заан Батсуурийн Бат-Эрдэнэ, тойргийн харцага Идэрбаяр нар шалгарсан байна.
18 насны ангилалд медаль хүртсэн бөхчүүд.
17 насны ангилалд медаль хүртсэн бөхчүүд.
16 насны ангилалд медаль хүртсэн бөхчүүд.
“НУТАГТАА БОЛСОН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭХ Л ЧУХАЛ БАЙЛАА”
Үндэсний бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 18 насанд түрүүлсэн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, аймгийн начин(тойргийн аймгийн заан) Батсуурийн Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргад гурван жил дараалан түрүүлсэн нэгэн түүхэн амжилтыг тогтоосонд баяр хүргэе. Бас энэ удаагийн тэмцээн Дорноговь аймагт боллоо.
-Гурван жил дараалан улсын аваргад түрүүлсэндээ баяртай байна. Энэ жил миний хувьд улам хариуцлагатай жил байлаа. Өнгөрсөн жилүүдэд 16, 17 насанд түрүүлээд байсан юм. Мөн манай аймагт үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын тэмцээн анх удаа болж байгаа энэ үед нутгийн ард түмнийхээ өмнө сайхан амжилт үзүүлэхийг зорьж, бэлтгэлээ хийсэн. Нийт 27 барилдаж, нэг ч уналгүй түрүүллээ. Өрсөлдөгч нар хүчтэй байлаа. Аав маань барилдааныг минь үзэх гэж ирлээ. Надад нутгийн дэвжээндээ түрүүлэх минь чухал байсан. Бас улсын аваргад гурван жил дараалан түрүүлж, нэгэн шинэ амжилтыг тогтоосондоо баяртай байна.
-Энэ жилийн бэлтгэлээ хаана хийсэн бэ? Таны хувьд нутагтаа олон жил тасраад байсан улсын аваргын медалийг гурван жил дараалан авчрахдаа түүхэн амжилтыг бичлээ?
-Улсын аваргын бэлтгэлээ аймгийнхаа Биеийн тамир, спортын газарт хийсэн. Үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргын тэмцээнд гурван жил дараалан түрүүлсэн бөх байдаггүй юм билээ. Миний хувьд энэ сайхан амжилтын эзэн болсондоо баяртай байна. Мөн Дорноговь аймгийн өсвөрийн бөхчүүдийн амжилтын буухиаг үргэлжлүүллээ. Манай аймгаас өсвөрийн улсын аваргад анх 1965 онд н.Түдэвбазар гэж хүн хүрэл медаль авч байсан бол Монгол улсын начин А.Хатансайхан 1988 онд мөнгө, 1989 онд хүрэл медаль авсан түүхтэй. Тэгээд би сүүлийн гурван жил дараалан улсын аварга боллоо.
Үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргын тэмцээнд гурван жил дараалан түрүүлсэн бөх байдаггүй юм билээ. Миний хувьд энэ сайхан амжилтын эзэн болсондоо баяртай байна.
-Энэ жилийн тэмцээнд хүчтэй бөхчүүд хэн хэн байсан бэ?
-Аймаг, дүүрэг бүрээс шилдэг бөхчүүд улсын аваргад өрсөлдлөө. Өрсөлдөөн их байлаа. Сэлэнгийн Х.Наранбаяр, Хэнтийн О.Эрдэнэбат, “Аварга” дээд сургуулийн Д.Эрдэнэтулга гээд хүчтэй бөхчүүд олон байсан. Барилдаан бүрдээ хянуур байж, нэг ч унаагүй түрүүллээ. Мөн 16, 17 насанд түрүүлсэн бөхчүүд ч гэсэн нэг унаагүй түрүүлсэн байгаа. Энэ жилийн тэмцээний нас насанд их сонирхолтой болсон.
-Ингэхэд танайд бөхийн удам байдаг уу?
-Аав, ээжийн талд бөхийн том удам байхгүй ч биеэрхүү улс их бий. Манай удамд улсын том цолонд хүрсэн бөхчүүд байдаггүй. Гэхдээ аймаг, сумын цолтой бөхчүүд бий.
-Улсын их баяр наадмын өсвөрийн барилдаанд барилдаж байсан уу?
-2013 оны улсын их баяр наадмын өсвөрийн барилдаанд барилдаж, шөвгийн дөрөвт үлдсэн. Өнгөрсөн жил аймгийнхаа наадмын тавын даваанд унасан бол, энэ жил тав давж, аймгийн начин цол авсан. Мөн аймгийн тойргийн заан цол хүртээд байна. Аймгийн заан цол маань Дорноговь аймгийн хэмжээнд хүчинтэй цол юм.
-Үндэсний бөхөөр хэдэн оноос эхлэн хичээллэж байна вэ? Өөр бөхийн төрлөөр хичээллэдэг үү?
-2011 онд Хадбаатар аваргын нэрэмжит “Аваргын гараа” тэмцээнээс хүрэл медаль авснаас хойш үндэсний бөхөөр хичээллэх болсон. 2012 онд сумын заан болж, энэ онд аймгийн начин цолыг хүртлээ. Жүдо бөхөөр хичээллэдэг. Жүдо бөхийн өсвөрийн улсын аваргад түрүүлж, залуучуудын улсын аваргаас мөнгөн медаль авсан. Аймгийн начин, жүдо бөхийн ОУХМ О.Болд-Эрдэнэ багшдаа баярлаж байгаагаа хэлмээр байна.
-Энэ жил оюутан болж байгаа юм байна?
-“Аварга” дээд сургуулийн оюутан болсон. Энэ дашрамд гэр бүлийнхэн, багш нар болон надад тусалж байдаг ах, эгч нартаа баярлалаа. Миний анхны багш Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш н.Бямбасүрэн гэж хүн бий. Үндэсний бөхийн спортод намайг хөтлөн оруулсан багшийнхаа итгэлийг алдахгүй сайн барилдана гэдгээ хэлмээр байна.
“МИНИЙ АЛТАН МЕДАЛЬ АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТҮҮХЭНД НЭГЭН АМЖИЛТЫГ БИЧЛЭЭ”
Үндэсний бөхийн өсвөрийн үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 16 насанд түрүүлсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, сумын заан Н.Өсөхбаяртай цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө улсын аварга болсонд баяр хүргэе. Таны хувьд нэг ч унаагүй түрүүллээ. Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа барилдаж, түрүүлсэндээ баяртай байна. Хан-Уул дүүргийн бөх Ж.Жавхлан, Өмнөговийн Т.Дашжамц гээд олон хүчтэй өрсөлдөгч байлаа. Нийт 27 удаа барилдахдаа нэг ч ялагдаагүй. Манай аймгийн хувьд өсвөрийн улсын аваргаас 1980 оноос хойш медаль аваагүй байсан. Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт болсон улсын аваргын тэмцээнд 16 насанд н.Баярсайхан IV байрт орж байсан. Үүнээс өмнө 1990 онд Ц.Энхбат багш мөн дөрөвдүгээр байрт орсон түүхтэй. Манай аймгийн хувьд яах аргагүй хүлээж байсан медаль. Тиймээс энэ жилийн барилдаанд маш сайн бэлдсэн. Бэлтгэл сайн байсан болохоор энэ удаагийн тэмцээнд нэг ч унаагүй түрүүллээ.
Сүхбаатар аймгийн хувьд яах аргагүй хүлээж байсан медаль. Тиймээс энэ жилийн барилдаанд маш сайн бэлдсэн. Бэлтгэл сайн байсан болохоор энэ удаагийн тэмцээнд нэг ч унаагүй түрүүллээ.
-Таны хувьд аймгийн аваргад хоёр удаа түрүүлсэн гэж байсан?
-Тиймээ, Сүхбаатар аймгийн өсвөр үеийн аймгийн аваргын тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн. Өнгөрсөн жил 15 настай байсан болохоор улсын аваргад ирээгүй. Энэ жил аймагтаа дахин түрүүлээд улсын аваргын тэмцээнд оролцлоо. Зорьсон зорилгоо сайн биелүүлээд, багш, баг хамт олныхоо итгэлийг алдсангүй сайхан барилдлаа. Мөн миний энэ алтан медаль манай аймгийн үндэсний бөхийн түүхэнд өсвөрийн улсын аваргын анхны алтан медаль болж байна. Тиймээс өндөр амжилт гаргасандаа баяртай байна.
-Сумын начин цолыг авсан жилээ үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд үзүүрлэсэн гэж сонслоо. Хэдэн онд энэ амжилтыг үзүүлсэн бэ?
-Би Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. 2014 оны Онгон сумын наадамд түрүүлж, сумын начин цолыг хүртсэн. Мөн энэ жилдээ улсын их баяр наадмын өсвөрийн барилдаанд үзүүрлэж, улсын шанз цолыг авсан. Энэ барилдаанд Хан-Уул дүүргийн бөх Л.Лхагвадорж түрүүлж байсан. Бид хоёрын хувьд 2015 оны өсвөрийн улсын аваргын тэмцээнд 16, 17 насандаа түрүүллээ.
-Үндэсний бөхөөс гадна жүдо, чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг үү? Бас чиний хувьд энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг төгсөх юм байна?
-Жүдо бөхөөр хичээллэж байгаа. Жүдо бөхийн улсын аваргын алт, хүрэл медальтай. Энэ жил Сүхбаатар аймгийн Онгон сумын ерөнхий боловсролийн сургуулийг төгсөнө. Төгсөх анги болохоор хичээлдээ анхаарна, бас бэлтгэлээ хийнэ. Миний анхны багш н.Ганбаатар гэж хүн бий. Сүүлийн хоёр жил улсын начин Пүрэвсүрэн багш дээр бэлтгэлээ хийж байгаа.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
Нас бүрийн барилдаан тойргийн журмаар явагдаж, хамгийн олон даваатай бөхчүүд шилдгээр шалгарсан байна. (Эхний 10 байр.)
16 нас /28 бөх/
1. Н.Өсөхбаяр /Сүхбаатар аймаг/ – 27 даваа
2. Т.Дашжамц /Өмнөговь аймаг/ – 24 даваа
3. Ж.Жавхлан /Хан-Уул/ -24 даваа
4. Э.Үнэнхүү /Чингэлтэй/ – 23 даваа
5. М.Гантулга /Өвөрхангай/ -21 даваа
6. А.Нармандах /Дундговь/ -20 даваа
7. Т.Түмэнжаргал /Баянзүрх дүүрэг/ -19
8. Ц.Лхагва-Очир /Сэлэнгэ/ -18
9. Б.Бадрал /Ховд/ -17
10. А.Идэртөр /Булган/ -17
17 нас /28 бөх/
1. Б.Лхагвадорж /Чингэлтэй/ – 27 даваа (16 насандаа түрүүлсэн)
2. Ч.Алтангэрэл /Баянхонгор/ -24 даваа
3. М.Лхагвагэрэл – /Хан-Уул/ -24 даваа
4. Б.Отгонбаяр -/Өвөрхангай/ – 23 даваа
5. Ш.Бямбадорж /Хэнтий/ – 20 даваа
6. Л.Гал-Очир /Увс/ -18
7. С.Баярсайхан /Өмнөговь/ -18
8. Х.Пүрэвсайхан /Хөвсгөл/ -18
9. Э.Бат-Эрдэнэ /Архангай/ -17
10. Б.Отгонбаяр /Сэлэнгэ/ -17
18 нас /28 бөх/
1. Б.Бат-Эрдэнэ /Дорноговь/ /16, 17 настайдаа мөн түрүүлсэн/ – 27 даваа
2. Х.Наранбаяр /Сэлэнгэ/ -25 даваа
3. Б.Түвшинтөгс /ЧИнгэлтэй/ -25 даваа
4. Д.Эрдэнэтулга /Хан-Уул/ -24 даваа
5. О.Эрдэнэбат /Хэнтий/ -22 даваа
6.Б.Одгэрэл /Ховд/ -21
7. Т.Төртүвшинбаяр /Увс/ -19
8. Э.Ананд /Багануур/ – 18
9. Т.Идэрдорж /Өвөрхангай/ -18
9. Н.Намнансүрэн /Баянзүрх/ – 17
Багийн дүн:
1. Чингэлтэй дүүрэг, БТСХ (Дасгалжуулагч Ц.Шийрэв)
2. Хан-Уул, БТСХ (Дасгалжуулагч Б.Адьяахүү)
3. Өвөрхангай (Дасгалжуулагч Б.Энхтөр)
4. Сэлэнгэ (Дасгалжуулагч Л.Гантөмөр)
5. Увс (Дасгалжуулагч Ш.Бат-Очир)
6. Ховд (Дасгалжуулагч Т.Нямандэлэг)
7. Хэнтий (Дасгалжуулагч Х.Нэргүйбаатар)
8. Дундговь (Дасгалжуулагч Б.Адьяахүү)
9. Өмнөговь (Дасгалжуулагч Ганзориг)
10. Дорноговь (Дасгалжуулагч С.Дорждагва) аймгийн баг тус тус орлоо.
Гэрэл зургийг Б.БАТ-ЭРДЭНЭ
Ч.БОЛОРЧУЛУУН