Олны танил эрхмүүдийн шинэ жил

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Олны танил эрхмүүдийн шинэ жил

Олны танил эрхмүүдийн шинэ жил

Өнгөрсөн жилийнхээ ололт амжилт, алдаа оноог хамт олон, гэр бүлээрээ дүгнэж, дараа жилийнхээ зорилгыг тодорхойлдог мартагдашгүй сайхан баяр бол шинэ жилийн баяр. Тиймээс олны танил эрхмүүдийн хүүхэд насны сайхан дурсамж, шинэ жилээр хэрхэн баярлаж, шинэ оноо ямар амжилтаар угтахыг хамтдаа сонирхъё.


“ШИНЭ ОНОО ХӨДӨӨ ГАРГАНА

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа

Миний хүүхэд насны шинэ жил хамгийн гоё шинэ жил байсан. Сургуульд байхад улирлаар онц гарч, өвгөн ааваас бэлэг авах бас сургуулийн шинэ жилийн концертод орох, сүлд модоо чимэх чимэглэл хийх гээд сэтгэл догдлуулсан олон үйл явдал болдог байлаа. Би хөдөөний хүүхэд болохоор юм бүхэн ховор шүү дээ. Алим, мандарин үнэртээд л мөн ч гоё доо. Өвгөн аавын бор цаасан ууттай бэлгэд үзэг алим мандарин байдаг байв. Онц гарсан хүүхдүүдийн бэлгийг аав, ээжийн ажлын газраас өгдөг байсан. Би олон жил бэлэг авсан.

Миний хувьд энэ жил төлөвлөсөн ажлаа хийж амжуулсан. Өнгөрсөн жилийн олон ажлын дараа энэ жил арай тайван байсан гэх үү дээ. Гэхдээ дараа жилийн их ажлын гараа тавигдсан сайхан жил боллоо. Шинэ жилээр баярлах гэхээсээ илүү дуусгах ёстой ажлаа дуусгахаар төлөвлөж байна. Би шинэ оноо арванхоёрдугаар сарын 24-өөс хөдөө явж гаргана даа. Мэдээж эмэгтэй хүн бэлэг авахад баярлалгүй яахав. Тийм ийм гэж шилж сонгодоггүй сэтгэлд сайхан л байвал болдог. Хүн асуувал өөрөө мэдээ гээд л хэлчихдэг. Гэхдээ тэр болгон авах ёстой юм шиг боддоггүй ээ.

“ХАМГИЙН ГОЁ БЭЛЭГ АМЬД ЦЭЦЭГ, НОМ”

“Гоёл” наадмын 13 дахь Топ модель Ч.Ундрах

Миний хувьд өөрийнхөө “UGI” загварын шоугаа амжилттай зохион байгуулсан. Мөн “Гоёл-2020” наадамд өөрийн брэндээ танилцуулж, таван том арга хэмжээ зохион байгуулаад амжлаа. Манай компани ирэх жил хоёр, гурван том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Олон мундаг хүмүүстэй хамтран ажилладаг болохоор намайг гээд тусалж, дэмждэг эгч нар болон найзуудаа баярлуулахыг хүсдэг.

Хүүхэд байхад ээж, аавынхаа ажлын шинэ жилийн баяраар өгдөг бэлэг их гоё байсан. Би хүнд л бэлэг өгөх юмсан гэсэн бодолтой байдгаас өөрөө бэлэг авахыг бодоод байдаггүй юм байна. Миний бодлоор хамгийн гоё бэлэг гэвэл амьд цэцэг, ном хоёр л юм даа.

“ШИНЭ ОНД ӨВӨРМӨЦ ЦОМОГ ГАРГАНА”

“Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан

Миний хувьд шинэ жилийн баяр хамгийн гоё баяр. Хүүхэд байхдаа аав, ээжээсээ бэлэг их авдаг байсан. Сургуульд ороод хүүхдүүд сурлагаараа эсвэл урлагаар амжилт гаргаж байж бэлэг авдаг байлаа. Би сурлагаар амжихгүй юм аа гэхэд урлагаар амжилт үзүүлж өвгөн ааваас бэлэг авахыг хүсч эхэлсэн. Тэгээд л дөрөв, тавдугаар ангиасаа урлагаар амжилт үзүүлж, өвгөн ааваас бэлгээ аваад гэртээ баяртай харина. Аав, ээж минь надаар бахархаасай гэж их хичээдэг байсан. Гэр бүлийнхэн, ангийн багш, найзууд маань надад их урам өгч, онгируулдаг байсан болохоор өдий зэрэгтэй өөртөө итгэлтэй явж ирсэн болов уу гэж боддог.

Уран бүтээлийн шинэ цомгийнхоо ажлыг 50 хувьтай хийж байна. Шинэ он гараад эхнээс нь студид шууд орохоор бэлэн болгоод байгаа. Их өвөрмөц цомог гарах болов уу гэж бид бодож байгаа. Энэ оны хувьд амьдрал, ажил өрнөсөн сайхан жил боллоо. Шинэ жилийн баяраа гэр бүлтэйгээ гэртээ оноо гаргах хамгийн сайхан. Одоо нэг их бэлэг авах бодол байдаггүй. Хамгийн гол нь сэтгэлээсээ өгсөн бэлэг бүхэн гоё шүү дээ.

“ШИНЭ ЖИЛИЙН БАЯРААР ӨВЛИЙН ӨВГӨН БОЛДОГ”

Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар

Хүүхэд насны шинэ жил гэвэл 1960-аад оны шинэ жил шүү дээ. Тухайн үеийн бэлэг гэхээр алим, мандарин л бодогддог байлаа. Тэр ховор бэлгийг шинэ жилээр л олж иддэг байлаа. Хүмүүс олны танил гэхээр онцгой хүн юм шиг бодох юм. Миний хувьд бусдын адил хүүхдүүдээ баярлуулахыг хүсдэг. Нэг онцгой зүйл гэвэл бусад албан газруудад өвлийн өвгөн болж зочилдог доо. Энэ жил хийх ёстой ажлууд төлөвлөсөн ёсоор явагдаж дууссан. Ерөнхийдөө ажлын амжилт дүүрэн жил байлаа.

“ШИНЭ ОНДОО ШИНЭХЭН ЦОМГИЙН БАЯР, БИЕ ДААСАН ТОГЛОЛТОО ХИЙНЭ”

Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар

Аав, ээжтэйгээ гацуур модоо чимэглэж, засах нь хамгийн сайхан дурсамж байсан. Хуучны орос шилэн тоглоомууд маш гоё санагддаг байлаа. Бас сургуулийнхаа шинэ жилээ тэмдэглэж, өвлийн өвгөнөөс бэлэг авах бол хамгийн аз жаргалтай мөч шүү дээ. Муу сурдаг хүүхдүүдийг алиалагч дуранддаг байсан учраас тэр дуранд өртөхгүйг хичээж сурдаг байж дээ.

Сүүлийн хэдэн жил арванхоёрдугаар сарын 31-нд гэр бүлээрээ шинэ жилийн баяраа тэмдэглэж байна. Бусад үед албан газар хамт олны шинэ жилийн баярт уригдаж, уран бүтээлээ хүргэж баярлуулдаг. Бас өөрөө баярлаж байх шив дээ. Энэ жил “Итгэл” цомгоо гаргаж байна. Энэ бол миний төлөвлөсөн хамгийн том ажлын нэг байсан. Ирж буй шинэ ондоо шинэхэн цомгийн баяр, бие даасан тоглолтоо хийнэ. Мөн аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж