Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт нийт зам тээврийн ослын 491 дуудлага бүртгэгджээ. Үүнээс 28 хүн хүнд хөнгөн гэмтсэн болоод согтуугаа жолоо барьсан нэг хүн байжээ. Харин зам тээврийн осолд зургаан хүүхэд, хоёр явган зорчигч өртсөн харамсалтай баримт байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 117 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан тухай Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг 50-р сургуулиас тавдугаар сургууль орох замд марк, дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 25 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ. Мөн Сонгино хайрхан дүүргийн нутаг Баруун салааны замд "Элентра" маркийн авто машины жолооч Х нь "Аксент" маркийн авто машинтай мөргөлдөж жолооч Ц нарын хоёр хүн гэмтсэн. Жолооч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Д.УУДАМ